ТОЙМ 2022 | Урлаг, соёлын салбарын ОНЦЛОХ ТАВАН сэдэв

2022 оны 12 сарын 30

Мэдээллийн ZINDAA.MN сайт улирч буй 2022 оны онцлох үйл явдал, тодотгох сэдвүүдийг салбар тус бүрээр тоймлон хүргэж байна.

Эрхэм уншигч Та соёл, урлагийн салбарын ОНЦЛОХ ТАВАН сэдэвт анхаарал хандуулна уу.


“Чингис хаан” музей нээлтээ хийв

“Чингис хаан” хаад язгууртны музей 2022 оны аравдугаар сарын 11-ний өдөр нээлтээ хийлээ. Музейн нээлтэд Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, урлаг, соёл, спортын алдар хүндтэй эрхмүүд болон гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд оролцсон юм. Нээлтийн үеэр Төрийн есөн хөлт цагаан тугийг залсан нь уг үйл явдал онцгой тохиол болохыг илтгэсэн хүндэтгэл байлаа. 

Чингис хаан музей нь нийтдээ үзмэрийн найман танхим, 12 мянга гаруй үзмэртэйгээс 70 гаруй хувьд нь археологийн олдвор, эд өлгийн зүйлс багтжээ. 

Музейн үндсэн агуулга нь Чингис хааны нэрэмжит Монголын үндэсний музей гэсэн утгатай. Үүн дотроо Монголын төрийн түүх, хаад, язгууртн 2000 гаруй жилийн өмнөхөөс эхлээд өнөөг хүртэлх хугацааны түүхийг бүхэлд нь харуулсан байна. 

Чингис хаанаас хойшхи VII-VIII зууны туршид монголчууд өөрсдийнхөө түүхийг хэрхэн хадгалж, өнөө үетэй золгосон тухай маш том түүхийг энэхүү музейн үзмэрүүдээс харж болно. Тус музей нээгдсэнээрээ монголчуудын бахархлыг бий болгож, өөрсдийн өв соёл, түүхийг гаднынханд таниулах томоохон ач холбогдолтой юм. 

 


Дэлхийн жишигт нийцсэн “B production 440hz” рекордс нээлтээ хийв

2022 оны есдүгээр сарын 9-нд олон улсын ISO 3382:2009 стандартад нийцсэн “B Production 440Hz” рекордс нээлтээ хийлээ. Киноны хөгжим болон дуу бичлэгийн энэхүү студи нээгдсэнээр Монголын өв соёлыг дэлхийд таниулахаас гадна соёлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бизнесийн хүрээгээ бүрэн тэлэх боломж нээгдэж байна.

Монголдоо анхдагч болж буй студийн нээлтэд Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын дэд сайд М.Батбаяр, ИБУИНХВ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Соёлын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд, Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булган, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцож, баяр хүргэжээ.

 

 

“MOON DANCE” ХАМТЛАГ ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Спорт бүжгийн "Moon Dance" хамтлаг 2022 оны аравдугаар сарын 16-ний өдөр ХБНГУ-д зохион байгуулагдсан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, бахдам амжилт үзүүллээ. Өмнө нь ДАШТ-ээс Ази тивийн хамтлаг медаль хүртэж байсан удаагүй. Харин "Moon Dance" хамтлаг энэ удаад мөнгөн медаль хүртэж, Монгол Улсдаа төдийгүй Ази тивд анхны медалийг авчирч, мөнгөн босго тавьж чадлаа. 

Хамтлагийн залуус найман жилийн турш уг тэмцээнд оролцож буй. Хүсэл мөдөөрөл, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чадсан тэдний бүжгийн ая болон, бүжиг дэглэлт бүжгийн урлагт цоо шинэ түвшин бий болгож байгаа тухай зохион байгуулагчид онцолж байв. Тус тэмцээнд Монгол Улсаас мөн "Star Dance" хамтлаг оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсан. Тус хамтлагийн дасгалжуулагчдын нэгээр бүжигчин Н.Онондарь ажиллажээ.  Герман улсын "Gran Gold" хамтлагийн гишүүн байсан тэрээр гишүүн байх хугацаандаа ДАШТ-д гурвантаа түрүүлж байсан. Түүний дасгалжуулсан "Star dance" хамтлаг ДАШТ-д багаараа дөрөвдүгээр байр эзэлж, дэлхийд өрсөлдөхүйц хамтлаг гэдгээ батлан харуулсан тус тэмцээнд Монголын нэрийг улам өргөсөн амжилт байв.

 

 

“Тамгагүй төр” дахин амилав

Дорнын их яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны бүтээл "Тамгагүй төр" жүжгийг энэ онд шинэ өнгө аястайгаар тайзнаа дахин амилууллаа. 1998 онд анх тайзнаа тавигдаж байсан энэхүү түүхэн, туульсийн, эмгэнэлт драмын жүжиг Б.Баатарын найруулгаар физикл драм төрлөөр дахин тавигдаж байгаа бөгөөд өнөө цагийн шилдэг жүжигчид гол дүрүүдийг бүтээжээ. 

Найруулагч Ч.Найдандорж нэгэн ярилцлагадаа "Монголд тайз байна, жүжигчид байна, найруулагч байна, зохиолч алга" хэмээн хэлсний дараа Б.Лхагвасүрэн гуай түүнд уг жүжгийн зохиолыг өгсөн бөгөөд өнөөг хүртэл ийнхүү тоглогдсоор байна.

Найруулагч Б.Баатарын хувьд Б.Лхагвасүрэн агсныг амьд ахуйд үзэгчдэд эл бүтээлийг дахин толилуулахаар зөвлөлдөж, скиз зургаа гаргаад байжээ. Харамсалтай нь, нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн тэнгэрт одож, бүтээлээ дахин төрөх агшныг харж чадаагүй ч түүний оюун бодлоос гарсан сод бүтээл үеийн үед ийнхүү дуурсагдан үлдэж байна. 

Хүннү төрөө бүтэн үлдээхийн тулд хайртай бүхнээсээ хагацаж буй хааны тухай өгүүлэх уг жүжгийн гол дүрүүдэд жүжигчин Г.Эрдэнэбилэг, У.Уранчимэг, С.Болд-Эрдэнэ, О.Дөлгөөн, Б.Шинэбаяр, Ш.Доржсүрэн нар тоглосон бөгөөд тус жүжиг энэ жил тазнаа нийт 117 удаа тоглогджээ.

 

 

"Анир” поп оркестр шинэ салхи сэвэлзүүлэв

20 гаруй жилийн түүхтэй "Анир" дуу бичлэгийн студиэс төрөн гарч буй Монголын анхны хувийн "Анир" поп оркестрын нээлтийн тоглолт аравдугаар сарын 1-ний өдөр "Corporate Convention Centre"-т боллоо. 

Урлагийн ертөнцөд цоо шинэ салхи салхилуулж, өөрсдийн орон зай, өнгө төрхийг бий болгож чадсан тэд яруу тансаг хөгжмийн хэлээр ирсэн зочдын сэтгэл оюуны их цангааг тайлсан юм. 

Тоглолт хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд тоглолтын салхийг хагалж Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээл "Салхи мэт" хэмээх бүтээл эгшиглэсэн. 

Тэртээ 30 жилийн өмнө "Морин хуурын чуулга" нээлтийн тоглолтоо мөн л Н.Жанцанноровын "Монгол аялгуу" хэмээх бүтээлээр эхлүүлж байсан түүхтэй. Энэ удаад ч мөн түүний бүтээл нээлтийн уран бүтээл болон эгшиглэж байгаа нь тун ч "билэгшээлтэй" зүйл хэмээн энэхүү эрхэм хүмүүн онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top