Самарт явсан эцэг, эхийнхээ эзгүйд...

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Жавар өвлийн тасхийм хүйтэн. Жалгын хөмөг даган суурьшсан гэр хорооллын гудамж. Цас орж, дагтаршиж мөстсөн замаар хальтрах авч, усны тэргээ чадлаараа түлхэн дээш өгсөх хоёр хүү. Харваас хамаг бие нь хүйтэнд хайрагдаж байгаа нь илт. Куртикныхаа ханцуйгаар гараа жийрэглэн тэрэгнийхээ төмөр бариулаас тас атгажээ. Түрж яваа тэргэн дээрээ тал шуудай түлээ аччихаж. Хайруу өвлийн хар хүйтэнд харуй бүрийтэй зэрэгцэн зүтгэж яваа энэ хөвгүүдтэй хэдхэн хором үг солив.


-Танайх эндээс хэр хол вэ. Дөхүүлээд өгөх үү”?

-Энэ гудамжийг тойроод л орчихно хэмээн хариулах нь “Хэрэггүй ээ, бид өөрсдөө явчихна” гэж ойлгогдох.

-Та хоёр хэдүүлээ амьдардаг вэ?

-Одоохондоо тавуулаа.

-Одоохондоо гэдэг нь...?

-Бид хоёр дүүтэйгээ, бас хамаатныхаа нэг эгчтэй амьдарч байгаа гэх нь тэр. Тэрхэн зуур толгойд “Өнчин хүүхдүүд байх нь” гэж бодсоныг нуух юун. Гэвч хэрэгт дурлан,

-Ээж, аав нь...? гэтэл хоёул зэрэг “Самарт явчихсан” гэлээ.          

-Хэзээ?

-Есөн сард. Одоо удахгүй ирэх байх аа.

-Та нартай холбоо барьж байгаа юу?

-Эхлээд очсон газар нь сүлжээтэй. Орой болгон ярьдаг байсан. Харин сүүлд сүлжээгүй газар руу явсан хэмээн биеэр арай өндөр, бодвол ах нь бололтой хүү хариулав.

Түүнийг ярьж дуусав уу, үгүй юу дүү нь “Дөрөв хоногийн өмнө сумын төв рүү орлоо. Удахгүй очно” гэж ээж хэлсэн хэмээн тэрүүхэндээ догдлон өгүүлэх.

-Та  хоёр хэддүгээр анги вэ?

-Би гурав, ах долоодугаар анги.

-Сургууль нь ойрхон уу?

-Сургууль уу...?

-Тиймээ, сургууль?

-Ээж аавыг ирэхээр л сургуульдаа явна байх. Манай хоёр дүү ч гэсэн цэцэрлэгтээ явна.

-Та хоёр сургуульдаа явахгүй байгаа гэсэн үг үү?

-Намар хэд хоног явсан л даа. Ээж, аавыг самарт явснаас хойш явж чадахгүй л байна хэмээн гэм хийсэн мэт харц гарган, хоёр алгаараа хацраа үрэх хөвгүүдийн төрх байдал өхөөрдмөөр ч туулж өнгөрүүлж буй амьдрал нь өрөвдмөөр...

Уг нь тэд XXI зууны тусгаар тогт­носон, эрх зүйт төрийн иргэн нь. Хуулиар хүлээн зөв­шөөрөгдсөн эрхээ эдлэх эрхтэй. Наад зах нь “Хүүхдийн эрхийн тухай хууль”-д заасан дараах эрхийг ямар ч саадгүйгээр эдлэх эрхтэй.

Тодруулбал, хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших, хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших, хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах, хүүхэд гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх зэрэг хүн болж төрснөөр хүүхэд насандаа заавал эдлэх эрхүүд гэж байна. Угаас хүүхдийн эрх гэдгийн утга нь хөгжих эрх гэж ойлгож болно.

Гэтэл өдгөө хөгжих эрхээ тал бүрээр нь хүртэх бүү хэл зах зухаас нь ч мэдэрч чадахгүй байгаа мянга, мянган хүүхэд бидний эргэн тойронд амьдарч байна. Ганцхан жишээ нь самарт явсан ээж, аавынхаа эзгүйд сургууль завсардаад явж буй дээрх хөвгүүд,  сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдаж чадахгүй байгаа тэдний дүү нар. Нэгхэн өдөр л сургуульдаа явахгүй байхад хичээлээс яаж хоцордог билээ. Тэгвэл хэдэн сараар хичээл завсардахад үе тэнгийнхнээсээ ямар хол хоцрох бол. Өдгөө хөгжих эрхээ хязгаарлуулсан 100 мянган хүүхэд манай улсад байна.

Энэ тоог Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн хүн хэлсэн юм шүү. Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь хүүхэд. Өөрөөр хэлбэл, бидний үрс нэг сая гаруй гэсэн үг. Тэгвэл тэдний маань 10 хувь нь хүүхдийн эрхээ, хүн болж хөгжих эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг халагламаар. Хөгжих эрхээр дутаж яваа хүүхдүүдийн өмнө эцэг эх, асран хамгаалагч, Монгол төрийн  үүрэх хариуцлага гэж буй. Харин хариуцлагаа бүрэн ухамсарладаг хандлага даанч алга. Тийм хандлага, тийм төлөвшил, тийм ёс суртахууны эрэлд  монголчууд гарах цаг нь болсон. Бодоод суух бус бодит ажил болгох цаг үе нь ч ирсэн гэдгийг хатуу сана.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.232.94) 2022 оны 12 сарын 12

Хүүхэд залуучуудад үнэхээр ээлгүй нийгэм энийг бий болгосон хулгайчидад ичих нүүр өрөвдөх сэтгэл гэж үгүй тэгэхдээ үйлийн үр бий гэдэгт итгэж бна

1  |  0
Top