ФОТО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсагчидтай уулзлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо /2022.12.07/ нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдсон улстөрч, албан тушаалтнуудыг олон нийтэд ил болгохыг шаардан дөрөв дэх өдрөө Сүхбатаарын талбайд жагсаж буй жагсагчидтай уулзлаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жагсагчдад хандан хэлсэн үгээс...

-Та нар минь жинхэнэ нүүрсний хулгайч нарын ятгалгад автахгүй, Засгийн газартайгаа хамт байна гэдэгт итгэж байна. Ингэж байж асуудлыг бид хамтдаа шийднэ. Бид хамтдаа тэмцэх ёстой болохоос ялагдах ёсгүй. Олон олон жолооч нарын асуудал бий. Олон олон улстөрчдийн асуудал бий. Энэ бүхнийг хамтдаа байж шийднэ. Үүнийг та бүхнийг ойлгоно гэж бодож байна. 

Засгийн газар өнөөдөр хуралдсан. Хуралдааны үеэр би Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нараас "нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлаж, шалгахад хэд хоног шаардлагатай вэ гэж асуусан. Тэгэхэд надад дор хаяж 30 хоног шаардлагатай гэж хариулсан. Тэгэхээр хамгийн багадаа 30 хоногийн хугацаа хэрэгтэй байна.

Шударга ёсны төлөө Засгийн газар та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. Шүүх, цагдааг шахаж ажиллах болно. Өнөөдрийг хүртэл шүүх дээр гацаж байгаа хэргүүдээ шийд гэдгийг шүүх байгууллагад хандаж хэлэхийг хүсэж байна. Та бүхэнтэйгээ шударга ёсны төлөө эхлүүлсэн ажлаа дуусгах болно. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-тайгаа ард нь гарах ёстой. Бууж өгөхгүйгээр өрөвдөхгүйгээр тогтолцоогоо шийдэх ёстой.

Тавантолгойн нүүрстэй холбоотой хулгайн хэргийг нийгэмд гаргаж тавиад гурван долоо хонож байна. Анх Засгийн газар энэ асуудлыг гаргаж тавин, Тавантолгой дээр хугацаа заан, хүн томилсон. Хууль, эрх зүйн хүрээнд шалгаж байна. Нэрс удахгүй тодорно. Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар ажиллаж байгаа. Үүнийг шууд Ерөнхий сайд гарч ирээд зарлах боломж байхгүй. Бид тэр хүмүүсийг ажлаа хийх боломжийг олгох ёстой...

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.71.10) 2022 оны 12 сарын 08

өөрөө тэр хулгайд оролцоогүй юм бол нэрсийг нь ил болгооч

0  |  1
Top