Л.Оюун-Эрдэнэ: БНХАУ-ын талтай тулгалт хийж байна

2022 оны 12 сарын 07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.12.06/ мэдээлэл хийхдээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна. 

Тэрбээр, Монгол Улс өнөөдөр Чингис бондын мөнгийг бүрэн төлж дуусч, Хөгжлийн банкны үлдэгдэл чанаргүй зээлийн мөнгөөр Самурай бондын өрийг тэглэх бүрэн боломж бий боллоо.

Түүнчлэн өчигдрийн жагсаалтай холбоотой шаардлагуудад хариу өгөх нь зүйтэй гэж бодож байна. Жагсагчдаас ирсэн 20 орчим шаардлагыг нэгтгэж, 14 иргэний нийгмийн байгууллага, бусад гэсэн шаардлага ирсэн. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал. Хөгжлийн банкны өрний нэг хэсэг нь өнөөдөр төлөгдөж байна.

Тухайн үед бонд босгохдоо бидний хойч үе төлнө гэсэн, Монгол Улсын хөгжлийг боомилсон асуудал болсон. Үүнээс эхлэн хариуцлагагүй үйлдлүүдийг засах, хариуцлага тооцохоор өмнөх болон одоогийн Засгийн газар амаргүй нөхцөлд тэмцэл хийсэн. Буруу, зөрүү тайлбарлаад байгаа болохоос хувийн хэвшил рүү халдаж байгаа үйлдэл биш Хөтөл, Дарханы төмөрлөгийн цаана байгаа компанид Монголбанк, Хөгжлийн банкны эх үүсвэрүүдтэй холбоотой асуудал бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эргүүлэн авч чадах эсэх асуудал шийдэгдсэн ч амар байгаагүй.

Хөгжлийн банкны чанаргүй зээл жилийн өмнө яригдаж эхэлсэн. Өнөөдөр 805 тэрбум төгрөг төлөгдсөн, оны эцэст нэг тэрбум төгрөг хүрнэ гэж тооцож байна. Заримдаа гацсан зүйл олон нийтийн дэмжлэгээр гацаанаа гардаг асуудал гэж бий. Хөгжлийн банкны асуудлыг ОУВС болон холбогдох албаныхан дампуурна гэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн байсан. Хөгжлийн банкаа дампууруулах уу, олон нийтийн дэмжлэг авах гэдэг сонголттой байсан.

Саяхан Тавантолгойтой холбоотой асуудлыг тавьсан. Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгойтой холбоотой асуудал үүсээд удсан байсан. Яагаад Гашуунсухайтын төмөр зам гацсан, тээвэрлэлтийн машины ард ямар эзэн бийг, энэ хүмүүс нийлэхээрээ ямар хүч хуримтлуулж чаддаг вэ гэдэг олон асуудал бий. Борлуулалтын 178 гэрээний сонгон шалгаруулалт шударга болж чадсан уу, энэ замд байгаа компаниудын ард ямар хүмүүс байдаг, тендерт яаж шалгарсан, оффтейк гэрээний нууцлалтай холбоотой асуудлыг илүү бизнесийн зарчим руу оруулах асуудал бий. С зөвшөөрөл олгогддог байдал хэрхэн явдаг, дугаарлалт дээр ямар асуудал байгаа, бөмбөлөг тээвэрт ямар, хэний машинууд явдаг зэрэг олон асуудал бий.

Энэ дунд зохицуулалт хэрхэн хийгдэж, тэнд ажиллаж байгаа хил, гаалийн байгууллага, орон нутгийн удирдлагууд Хятадад өгч байгаа мэдээллийн тоо зөрж байна уу, энэ зүйлд албан тушаалтнууд үгсэн хуйвалдсан асуудал үүссэн. Энэ асуудлуудыг гаргаж тавих нь зүйтэй гэж үзэж зургаан сарын хугацаанд Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосон. Энэ мэдээж хамгийн амаргүй нөхцөл. Тиймээс хугацаа шаардаж, том цар хүрээнд ажиллах шаардлага үүсч, АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллага хамтарсан баг ажиллаж, БНХАУ-ын талтай тулгалт хийж байна. Нүүрстэй холбоотой шалгагдаж байгаа нарийн мэдээллийг санаатай, санамсаргүй тайлбарлаж, юу ч биш болгож өнгөрөөх далд сонирхол нуугдаж байна. Жагсагчдын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, шаардлага тавьсан. Ирсэн саналуудын дийлэнх нь нүүрстэй холбоотой асуудлыг эцэслэн шийдэж, хариуцлага тооцох ёстой гэсэн байсан.

Цаашдын 30 жилд Монгол Улс аюулгүй байдал, тусгаар тогтнолоо ханган хэрэгжүүлж чадна гэж Ерөнхий сайдын хувьд үзэж, бодож байсан. Хоёр удаа амаргүй жагсаал зохион байгуулагдсан. Эдийн засаг ийм байхад нийгэмд бухимдал байгааг би ойлгож байна. Хаврын жагсаал дээр жагсагчидтай уулзсан. Гэхдээ саяны жагсаалын дараа Монгол Улс том агуулгаар нь харж, улс төрийн намуудтай зөвшилцөж, гал унтраах байдлаар явсаар эрх зүйт төрд аюул учрах, засаглалын хэлбэр солигдох хэмжээний эрсдэл үүсэх вий гэж санаа зовж эхэлсэн.

Тиймээс өчигдрийн жагсаалд оролцсон хүмүүсийн тавьсан саналд эрх барьж байгаа намын даргын хувьд өргөн цар хүрээнд харж, үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрэх нь зүйтэй гэж үзэж байна. Намын Удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулж, энэ нөхцөл байдлыг нээлттэй, улс төрийн намын удирдлагуудтай, иргэний нийгмийн төлөөлөл, жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, ярилцах эрхийг би авсан. Бид далайн гүнд байгаа хоёр хувийг харахгүй, зөвхөн цухуйж байгаа асуудлыг хараад дүгнэлт хийж болохгүй. 

Бид бүх асуудалд дүгнэлт хийж, ирээдүйд зөв чигт явах трендийг үүсгэх ёстой. Үүнийг бид өөрчлөхгүйгээр ямар ч дарга ирээд өөрчлөгдөхгүй, иймэрхүү байдалтай удаан байвал бөөнөөрөө л хоцорно. Энэ агуулгаар жагсагчдын хоёр дахь асуудал болох Улс төрийн намын холбогдох удирдлагуудтай уулзалт хийнэ. Нийгэм үүнийг том агуулгаар нь хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд Ерөнхий сайд манлайлан ажиллана. Үүнээс хүнд нөхцөлд орвол Монгол Улс яах вэ гэж том алхам хийх ёстой. Энэ томоохон шинэчлэл хийсэн тохиолдолд дахин сонгууль хийх боломжийг ард түмэндээ Ерөнхий сайдын хувьд олгох ёстой гэж бодож байна. Үндсэн хуультай холбоотой шинэчлэлийг хийж, өнгөрсөн хугацаанд явж ирсэн тэмцэл, бодлогууд цаашаа үргэлжлээсэй гэж хүсч байвал ард түмэн сонголтоо хийж, дүнгээ тавиач гэж хүсч байна. Үүнийг л сонгодог парламент гэдэг. Сонгодог парламент бол асуудлаа шийдэх чадамжтай байх хэмжээний Засгийн газар, Ерөнхий сайд гэдэг. Үүнийг улс төрийн намууд, парламентын гишүүд дэмжих байх. Гал унтрааж явж байснаас том асуудлаа шийдээд явья.

Үүний дараагаар сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө.

-УИХ-ыг тараах саналыг Ерөнхийлөгч гаргасан гэсэн мэдээлэл гарсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамж муутай байна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга, үе хоорондын зөрчил явагдаж байна гэх зүйл яригдаж, явж байгаа. Ийм мэдээлэлд төөрөгдөөд байх цаг хугацаа өнгөрчихсөн. Би сандраад байгаа хүмүүст хандаж хэлэхэд, ийм мэдээнээс болоод бид хэд муудалцаад, нэг их сүртэй юм үүсэхгүй. ҮАБЗ хуралдсан, ҮАБЗ-ийн хурлын үеэр Ерөнхийлөгч УИХ-ын даргатай энэ саналынхаа талаар санал солилцсон. Т

өрийн тэргүүний хувьд улс төрийн намуудын асуудал, Засгийн газар өөрсдөө шийдэх, шаардлагатай бол тогтолцооны реформыг ард түмэн дэмжвэл би дэмжинэ гэдэг зүйл л хэлсэн. Бидний хувьд олон зүйл дээр ойлголцоод явах давуу тал бий. Өнөөдөр дэлхий нийт цар тахал, дайнтай байгаа үед ҮАБЗ хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадаж байгаа. Үүний үр дүн шинэ төмөр зам найман сарын хугацаанд хийгдсэн. Үүнийг 16 жил гацааж болдог гэдгийг бид харсан. Удирдах зөвлөлийн гишүүдэд саяны ярьсан зүйлээ хэлсэн, Удирдах зөвлөл надад улс төрийн эрх олгосон.

-Жагсаал үдээс хойш зохион байгуулалттай зүйл рүү орсон гэж хэлсэн. Нүүрсний хулгайчид оролцсон бол хариуцлага тооцох уу?

-Тийм зүйл болсон. Холбогдох мэдээллүүдийг хуулийнхан өгсөн. Нягтлах ажил хийгдэж байна. Хүн бүхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зүй ёсны асуудал. Хуулийнханд өчигдөр хүч хэрэглэж болохгүй гэж даалгавар өгсөн, тэдний хувьд ч сайн ажилласан. Цаашид улс төрийн зорилгоор жагсаал цуглааныг ашиглах гэсэн, халдах асуудал гардаг. Тиймээс цаашид долдугаар сарын 1-н шиг эмгэнэлтэй байдлыг гаргахгүйн тулд анхааралтай байх ёстой. Зохион байгуулалттай ажил хаялт зарлаж, жагсаалт оролцох и-мэйл явсныг зохион байгуулалттай гэж үзнэ. Мөн зарим буудалд мөнгө тараасан.

Нүүрсчид жагсая гэвэл зөвшөөрлөө аваад жагсч болно. Яагаад заавал урд талдаа залуучуудыг бариад байгаа юм бэ. Ил гарч ирээд үгээ хэл л дээ. Оюутолгой, Хөгжлийн банк зэрэг асуудлууд, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Монгол гээд олон хүний эрх ашгийг зөрчсөн хүн болоод байна гэж өөрөө бодож байна. Тэр хүмүүсийн хэнтэй ч хувь хүний хувьд муудалцах гээгүй. Дараагийн 30 жил зөв байгаасай гэж арга буюу арга хэмжээ авч байгаа. Хувь хүний хувьд бодож л байна. Бид хэн нь ч хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирснийг л өөрчилж, сайн засаглал бий болно гэж үзэж байгаа юм. Янз бүрийн байдлаар дайралт ирдэг ч эмзэглээд байдаггүй. Мэдээллийг заавал нягталж байгаарай гэж ард түмнээсээ хүсье.

-Нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр хуулийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Хуулийн байгууллагын удирдлагуудтай хэд хоногийн өмнө хэд хэдэн хэргийн талаар ярилцсан. Шүүхэд нөлөө үзүүлж болохгүй ч иргэний хувьд яаж шийдэхийг нүд цавчихгүй харж байгаа гэсэн. Миний ойлгож байгаагаар прокуророос шүүх рүү шилжихэд ойрхон болсон гэж ойлгосон. Хуулийн байгууллагаас сунжруулахад юу нөлөөлдөг вэ гэж асуухад энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эрх зүйн орчин гэж тайлбарласан. Бид та бүхний баталж өгсөн хуулийн дагуу ажиллаж байгаа. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тодорхой заалтыг өөрчлөхөөр Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Засгийн газар мөрдөх байгууллага, шүүх, прокурорын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй. Засгийн газар материалуудыг нь гаргаж өгч чадах хирээрээ ажиллаж байна. Нүүрсний хулгайтай холбоотой том ажлын хэсэг гарсан учраас том үр дүн гарсан. Хөгжлийн банкны асуудал том үр дүн гаргасан учраас энэ асуудал эцэслэгдэн, шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Харилцан эрх зүйн туслалцаа авах тал дээр хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа сайн явж байна. Сандарч байгаа хүмүүст хандаж хэлэхэд, ухрахгүй, айхгүй, ямар нэг байдлаар гэмээ хаацайлах гэж энгийн залуучуудыг битгий турхир. Монголд эрх зүйт төр гэж байгаа бол хулгай хийсэн бол шийтгэгдэнэ. Дэлхийд ч адилхан. Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой, Хөгжлийн банк шийдэгдэхэд Монголын том асуудал шийдэгдэж байгаа.

-Тогтолцооны шинэчлэл гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үү, сонгуулийн тогтолцоо юм уу?

-Үндсэн хууль, Сонгуулийн хууль гэсэн цогц асуудал.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.26.194.169) 2022 оны 12 сарын 07

харж л байя ард түмэн тэнэг биш

0  |  0
иргэн(103.26.194.169) 2022 оны 12 сарын 07

харж л байя ард түмэн тэнэг биш шүү

0  |  0
Top