Б.Дөлгөөн: Ам.долларын ханш чангарсан нь өрийн дарамтыг нэмэгдүүлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Ирэх онд төсвийн нийт орлого 19.5 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Орлогыг бодитой, боломжтой гэж байгаагаа ч албаны хүмүүс хэлж байна. Эдийн засагч хүний хувьд үүн дээр ямар тайлбар хийх вэ?

-Ирэх оны хувьд эдийн засгийн дотоод болон гадаад орчин нөхцөлийг ялгаж салгаж харах хэрэгтэй. Дотоод болон гадаад орчны нөхцөл байдлыг аль алийг нь сайтар шинжилж, тооцоолж байж төсвийг боловсруулах нь зүйтэй. 2023 оны гадаад орчин нөхцөлд тодорхойгүй зүйлс өмнөх онуудтай харьцуулахад олон өндөр байна. Тэр хэмжээгээр тулгарах бодитой эрсдлүүд бий. Орлогын хувьд 19.5 их наяд төгрөгийг харьцангуй боломжтой гэж харж байна.

Энэхүү орлогын төсөөлөл биелэлээ олох гол хүчин зүйл нь манай улсын экспорт юм. Учир нь, 2023 онд БНХАУ руу 36.5 сая тонн нүүрс экспортлохоор төсөвлөсөн.  Аажимдаа БНХАУ дахь цар тахлын нөхцөл байдал хумигдаж, "Тэг ковид" бодлого сулрах байх гэсэн төсөөлөл байна. Нөгөөтэйгүүр эскпортын голлох түүхий эд болох зэсийн ханшийг ирэх онд тонн 8400 ам.доллар, нүүрсний ханшийг 220 ам.доллароор төсөөлсөн. Энэ нь хөрөнгө оруулалтын банкуудын таамаглал, төсөөлөлтэй нийцтэй байна.

-Манай гол худалдан авагч бол БНХАУ. Өмнөд хөршид тодорхой эрсдэлүүд байгаа. Эдийн засгийнх нь өсөлтийн саармагжилт, гангийн үйлдвэрийн хэрэглээ буурсан, цар тахал гээд асуудал бий. Ийм байхад манай улс нүүрсээ хүссэн зорилгодоо хүртэл борлуулж чадах уу?

-Эхлээд нүүрсний үнэ, хэмжээг авч үзэх хэрэгтэй. Нүүрсний эрэлт буух хэмжээгээр үнэ буух эрсдэлтэй. Өнөөдрийн хэрэгцээ, шаардлагыг аваад үзэхэд үнэ тонн нь 140-150 ам.доллароос бууна гэж харахгүй байна. Хоёрдугаарт, хэмжээний хувьд Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт томоохон хүндрэл нүүрлэсэн. 2022 оны аравдугаар сарын байдлаар тус салбар өмнөх оны мөн үеэс 28.4 хувиар унасан үзүүлэлттэй байна. Шинээр баригдсан барилга хоёрдогч зах зээл дээр худалдан авалт нь буурч байна. Гэхдээ дан ганц барилгын салбар гангийн хэрэгцээг бүрдүүлдэггүй. Тийм учраас бусад үйлдвэржилтээс гадна БНХАУ-ын экспортын өсөлт, бууралтыг давхар харах ёстой. Эдгээр хүчин зүйлсээс гангийн эрэлт хамаарна. Тиймээс гангийн үнийн хувьд бага зэрэг буурах хандлагатай байгаа ч эрэлт төдийлөн их хэмжээгээр буурахгүй гэсэн хүлээлт байна. Коксжих нүүрс 2022 оны эхний 10 сарын байдлаар манай экспортын 51 хувийг бүрдүүлж байна. Тийм ч учраас бид дан ганц дулааны зориулалтын хүрэн нүүрс биш коксжих нүүрсийг авч үзэх нь зүйтэй. БНХАУ-ын хувьд ковидтой холбоотой эрсдэл гарахаас биш эрэлт буурна гэж харахгүй байна.

-Гадаад валютын нөөц бараг хоёр дахин буурч 2.6 тэрбум ам.долларт хүрсэн гэх мэдээлэл байна. Валютын нөөцөө нэмэгдүүлэх гол эх үүсвэрийн тухай яривал?

-2023 онд гарч болох эрсдэлүүдэд цар тахалтай холбоотой хөл хорионы эрсдэлүүд бий. Зөвхөн БНХАУ гэлтгүй дэлхий даяараа яригдаж байгаа асуудал. Гол нь шинэ хувилбар гарч, үүсчихсэн байгаа дархлааг бууруулж, хүндрэлүүд нь нэмэгдээд эхлэх юм бол дахин хөл хорио тогтоохыг үгүйсгэхгүй.

Гадаад валютын албан нөөцийн асуудал нь цаагуураа төлбөрийн тэнцэлтэй холбогдоно. Төлбөрийн тэнцэл ашигтай гарах тусмаа бид гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлнэ. Алдагдалтай гарах тусмаа тэр хэрээр албан нөөцийг алдана гэсэн үг. Өнөөдрийн нөхцөл байдлаар дэлхий даяараа эдийн засгийн өсөлт буурч, инфляц нэмэгдэж, стагфляцын шинж тэмдэг илэрч эхлээд байна. Эдийн засгийн нөхцөл байдал дэлхий даяар тогтворгүй, тодорхой бус байдал өндөр байгаа энэ цаг үед гадаад зах зээлээс хэт хамааралтай манай улсын хувьд бодлогын зөв сонголт нэн чухал болоод байна.

Энэ цаг үед манай үндэсний мөнгөн дэвсгэрт төгрөгийн ханш суларч, төлбөрийн тэнцэлийн алдагдал өндөр байна. Төгрөгийн ханшийг хүчээр тогтоон барихаас илүүтэй ханшийг зах зээлийн түвшинд хүргэж, бодит ханштай нь ойртуулах тусам импортын хэрэглээ тэр хэмжээгээрээ буурч, гадаад валютын албан нөөцийн алдагдалд үзүүлж байгаа дарамтыг бууруулна. Мөн ойрын жилүүдэд төлөх хуваарьтай өндөр дүнтэй гадаад бондуудын эргэн төлөлтүүд биднийг хүлээж байна. Тэдгээр төлөлтийг шууд төлөх нь одоогийн гадаад валютын нөөцийн хувьд хүндрэлтэй байна. Тиймээс дахин санхүүжилтийн асуудал тавигдаж байна. Хэрвээ бид дахин санхүүжилтийг 2023 онд ямар нэг хүндрэл бэрхшээлгүй хийж чадах юм бол 2023 оны гадаад валютын албан нөөц дээр ирэх дарамтыг их хэмжээгээр бууруулж чадна.

-Засгийн газрын нийт өр 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 32.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүнээс 29.7 их наяд төгрөг нь Засгийн газрын гадаад өр. Үлдсэн 3.7 их наяд төгрөг нь Засгийн газрын баталгаа, концесс, орон нутгийн зээл эзэлж байгаа талаар эрх баригч нар мэдээлсэн. Үүнээс үзвэл өрийн хэмжээ үнэхээр өндөр байна. Өрөө яаж дарах вэ?

-Өрийн хэмжээг нэг жилийн дотор дарах боломж байхгүй. Энийг бодитоор харах хэрэгтэй. Гол нь өнөөдөр батлагдсан өрийн стратегийн дагуу арга хэмжээ авч байна уу, үгүй юу гэдэг дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй. Өрийн стратегийг аваад үзвэл нэгдүгээрт өрийн тааз. Учир нь Ковид-19 цар тахалтай холбогдуулаад тодорхой хэмжээгээр өөрчилсөн, хойшлуулсан ажлууд бий. Гэхдээ өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 60 хувьд хүргэнэ гэсэн зорилтдоо хүрэхээр Засгийн газар зорьж ажиллаж байгаа.

2023 онд төлөгдөх хэмжээ рүүгээ анхаарах хэрэгтэй. Төлөгдөх хэмжээг үндсэн төлбөр, хүү гэж хоёр хуваана. Хүүгийн төлбөрийн хэмжээг аваад үзэхэд валютын ханш чангарч байгаатай холбоотойгоор эргээд төгрөгөөр төлөх хэмжээ нь нэмэгдэж байгаа. Мөн Засгийн газрын нийт өрийг аваад үзвэл 80-90 хувь нь валютаар учир ам.долларын ханш чангарсан нь гадаад өрийг нэмэгдүүлж байна. Төсвийн дийлэнх орлого нь төгрөгөөр бүрддэг. Энэ бол цаашид анхаарах асуудлын нэг.  Дахин санхүүжилтийг ямар нэг асуудал, бэрхшээлгүй хийчих юм бол 2023 онд санаа зовох асуудалгүй.

-Улсын нэгдсэн төсвийн зарлага 20 их наяд байгаа. Төсвийн зарлагын өсөлт өмнөх оноос 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байгаа нь өндөр өсөлт. Зарлагын задаргааг та харж амжсан уу? Уг нь хэмнэлтийн тухай эрх баригчид их ярьдаг боловч бодит амьдрал дээр хэрэгжүүлж чадаж байгаа нь эргэлзээтэй?

-2023 оны төсөвт нааштай зүйлс олон байгаа, шүүмжлэх зүйлүүд ч байгаа. Гэхдээ нааштай зүйлс нь шүүмжлэх зүйлсээсээ олон байгааг хэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь сүүлийн гурав, дөрвөн жилийн хамгийн доод түвшинд хүрэхээр байна. Ковидын үед 12 хувь байсан нь 2021 онд 6.5 хувь, 2022 онд 5.1 хувь болж буурсан, одоо бол 2.6 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Энэ бол яах аргагүй дэвшилтэт хэлбэр. Үүнээс цааш үргэлжлүүлэн бууруулах нь манай улсын дунд хугацааны өрийн дарамт, хөрөнгө оруулалтын бодлогод ч гэсэн томоохон хувь нэмэр оруулна гэж харж байна. Зарлага талаасаа анхаарах ёстой асуудлуудын нэг нь урсгал зардлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж ирсэн явдал.

Ирэх жилийн төсвийн зарлагын хувьд тодорхой ганц нэг ажил, хүүхдийн мөнгөний урсгал зардлын хэмжээ нэмэгдсэнээс биш 2022 оны урсгал зардлын хэмжээг 2023 онд тэр чигээр нь хадгалаад ирсэн. Шинэ хөрөнгө оруулалтууд тусгагдаагүй. Зөвхөн өмнөх хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг дуусгана гэж оруулсан. 2009, 2015-2016 оны эдийн засгийн уналтаар төсвийн хөрөнгө оруулалтууд гацаж, улмаар энд тэндгүй хөдөлгөөнгүй кранууд, барилга, бүтээн байгуулалтын ажлууд гацаж байсан нь бидний нүдэнд ил байсан.

Цаашид 2023, 2024 онд энэ мэт тодорхойгүй эрсдэл гарахаас сэргийлж, өмнөх эхэлсэн ажлуудаа дуусгах тал дээр нэгдэж чадсан нь улс төр, төсвийн хувьд ч гэсэн томоохон алхам болсон болов уу гэж бодож байна. Гурав дахь асуудал бол яах аргагүй таны хэлж байгаа үр ашгийн асуудал. Төсөвт орсон ажлууд бүгд зуун хувь үр ашигтай, өгөөжтэй гэж хэлж чадахгүй. Хойшлуулах ажлууд байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ нэгэнт эхэлчихсэн. Хэрвээ үр ашгийн талаар ярих байсан бол 2020, 2021, 2022 онд ярих ёстой байсан. Одоо нэгэнт эхэлсэн ажлаа дуусгахгүй бол 2023, 2024 онд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ их хэмжээгээр, магадгүй бүр 40, 50 хувиар өснө. Цемент, арматурын үнэ нэмэгдээд, гадаад валютын ханш чангарах хэрээр зардлын дүн анх тооцоолсон хөрөнгө оруулалтаасаа их хэмжээгээр нэмэгдэж байна. Ийм эрсдлүүдийг манай улс өнгөрсөн10 жилийн хугацаанд мэдэрсэн, сургамж авах цаг нь болсон. Жишээлбэл, Хан-Уул дүүрэгт барьсан эх хүүхдийн эмнэлгийг барих анхны төсөв нь 19 тэрбум байсан. Миний санаж байгаагаар найман жилийн дараа анх тавьсан хөрөнгө оруулалтаасаа хэд дахин өсөж, нэмэгдсэн дүн юм. 

-Манай улсын төсөв жил бүр алдагдалтай гардаг. Энэ онд л гэхэд хагас жилийн гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1.1 тэрбум ам.долларт хүрээд байгаа гэх тооцоо бий. Оны төгсгөлд энэ тоон үзүүлэлт мэдээж нэмэгдэнэ. Төсвийн алдагдлын гол шалтгааныг юутай холбож тайлбарлах вэ?

-Алдагдалтай төсөв гэдэг нь мэдээж төсвийн зарлага нь орлогоосоо өндөр байгаа асуудал. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Эсвэл зардлаа бууруулах. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд татварын асуудлыг авч үзэх шаардлагатай. Татварын бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, мөн татварын хэмжээг бараа, бүтээгдэхүүнээр ялгаатай, ялангуяа тансаг бараан дээр нэмэгдүүлэх замаар татварын орлогыг нэмэгдүүлэх хоёр үндсэн арга байна.

Татварын бус орлогыг тооцоолоход хүндрэлтэй. Хэдэн хүн торгох, хэдэн аж ахуй нэгжид торгууль ноогдуулахыг нарийвчлалтай тооцох нь учир дутагдалтай. Нөгөө талд гадаад хүчин зүйлээс хамаарсан тодорхой бус байдал өндөр байдаг. Орос, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас үүдэлтэй шокууд эдийн засагт тодорхой бус байдал бий болгож, эргээд энэ нь хувийн хэвшлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Ийм цаг үед татварын орлогыг нэмэгдүүлнэ гэдэг нь хүндрэлтэй, тийм ч зөв хувилбар биш болоод байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэх алдагдалтай төсвөөс шууд алдагдалгүй төсөв батлах боломж байсан уу гэвэл нэг талаасаа байсан. Гэхдээ төсвийн зарлага, тэр дундаа энэ хөрөнгө оруулалтын зардлыг танах юм бол эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Тухайлбал, төрийн худалдан авалт, бүтээн байгуулалтын ажлууд зогсох хэрээр хувийн хэвшлийн үйл ажиллагааны  идэвхжлийг бууруулах үр нөлөөтэй. 2023, 2024 онд төсвийн алдагдлыг үргэлжлүүлэн бууруулахыг зорьж ажиллаж байна.

-Монгол Улс төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа батлаад 10 гаруй жил болж байна. Гэтэл энэ хугацаанд 12 удаа өөрчлөлт оруулсан байдаг. Эндээс харахад манай улсын төсвийн сахилга бат хэр байгааг илтгэх юм. Сахилга батын тухайд та юу хэлэх вэ?

-Төсөв яах гэж хийгддэг юм бэ гэхээр Монгол Улсад нэн шаардлагатай байгаа ажлуудыг санхүүжүүлэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг тасралтгүй явуулах зорилгоор тухайн жилийн төсвийг төлөвлөдөг. Манай улсад дутагдаж байгаа хөрөнгө оруулалтын дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэхийн тулд төсвөөс санхүүжилт олгодог. Сахилга батын тухайд ярьвал 10 жилийн өмнө баталсан зүйлээ өөрчилж, шинэчлэхгүйгээр мөрдөнө гэдэг зөв зүйл биш, сайжруулаад явах нь зүйтэй.

Гэхдээ “Нэг жилд хоёр удаа өөрчиллөө, зөв” гэж өмөөрөхгүй. Цар тахлын нөхцөл байдал, Орос-Украины дайныг хэн ч таамаглаагүй. Тийм учраас сахилга батыг бид яаж хэмжих ёстой вэ гэвэл, нэгдүгээрт, Монгол Улсын өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн орлого, зарлага, алдагдлыг нь барьж чадаж байна уу гэдгийг, хоёрдугаарт, ямар төслүүдийг санхүүжүүлж байна вэ, чухал ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлж чадаж байна уу, үгүй юу гэдгийг харах нь зүйтэй. Эдгээр нь шинэ сэргэлтийн бодлогын зорилго, ач холбогдлоор гарч ирж байгаа юм. Гуравдугаарт, тухайн төсөл дээр зуун төгрөгөөр санхүүжүүлж болох зүйлийг 110 төгрөгөөр санхүүжүүлж байх вий. Өөрөөр хэлбэл, тухайн төсөл бүр дээр хамгийн үр ашигтай хэмжээгээр, хамгийн чанартай барааг, хамгийн хямд үнээр авч чадаж байна уу, үгүй юу гэдэг ийм гурван шатлалаар ярих ёстой болов уу. Түүнээс биш хуулийн өөрчлөлт дээр хамгийн том акцентыг өгөөд хэрэггүй гэж бодож байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top