Шинэ сайдууд шинэ ондоо ямар бэлэг барих вэ!

2022 оны 12 сарын 01

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсны дагуу өнгөрөгч наймдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Учрал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй таван сайдыг томилж, Боомтын сэргэлт хариуцсан сайдыг хараахан томилж амжаагүй байна. Гурван сар гэдэг нь хэдийгээр богино хугацаа ч зарим сайд нар чамгүй ажил амжуулчихсан, бодлогоо тодорхойлоод гараанаас гаргачихсан байхад зарим нь суудлаа олоогүй гүйж яваг нуух юун.

Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан, улс төрийн нэн шинэ үеийн төлөөлөл Н.Учралыг томилсон нь ажлаа чамгүй сайн гүйцэтгэж байгааг дуулгана лээ. Товчхон бөгөөд тодорхой зүйл гэвэл “E-Mongolia” платформ дээр бүх үйлчилгээг нэгтгэхээр нь зорьсон нь өнөөдөр амжилттай хэрэгжиж, 671 төрийн үйлчилгээг энэ платформд оруулчихсан, иргэд нэг цонхоор үйлчүүлж байна. Энэ бол цахим яамтай болсны  нэгээхэн том ашиг тус гэдгийг дурдах хэрэгтэй.

Одоогийн байдлаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “E-Mongolia” платформ дээрх үйлчилгээг нэмэгдүүлэх, иргэдэд цогц үйлчилгээ хүргэхээр зорьж яваагаа дуулгах төдийгүй ирээдүйд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн танилцуулаад эхэлжээ. Хамгийн наад зах нь төрийн үйлчилгээг цахимжуулснаар энэ онд цааснаас 10 тэрбум төгрөг хэмнэсэн албан баримт байна. Ямартай ч ирэх 2023 оны төсөвт тус яаманд 64 тэрбум төгрөг төсөвлөж өгчээ. Цахим яамны хэрэгжүүлсэн ажил, айсуй төсөл төлөвлөгөөнөөс харахад Н.Учрал сайд шинэ оноо чамгүй сайн бэлэгтэй угтах төлөв бий.

Мэдээж хэрэг сайны хажуугаар саар зүйл байдаг. Тухайлбал, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга гэх сайдын зиндааны алба гаргаад Б.Бат-Эрдэнэ аваргыг томилсон. Уг нь Монгол Улсыг олон улсад төлөөлдөг Олимпын хороо гэж бий. Улсын хэмжээний бодлого гаргаад явж байгаа Биеийн тамир спортын хороо гэх Засгийн газрын тохируулагч агентлаг бий. Нийслэлийн хэмжээний бодлого явуулж байгаа Биеийн тамир спортын газар гэх мэт байгууллагууд үйл ажиллагаа явуулахаас гадна Төрийн бус байгууллагууд ч байна. Гэтэл сайдын зиндаанд хүртэл алба гаргаж өгч байгаа нь биеийн тамир, спортдоо ихэд анхаарсны шинж байх.

Одоогийн байдлаар тамирчид нь олон улс, тив, дэлхий, Азийн хэмжээний наадамдаа оролцдогоороо оролцоод явж байна. Чухам ямар учиртай алба гэдгийг ойлгож байгаа хүн цөөн хэдий ч улсын төсөвт 79 тэрбум төгрөг суулгаж өгснөөс харахад бүх нийтийг биеийн тамираар хичээллүүлэх үү, тив дэлхийд тамирчдаа дэмжих үү, Спортын ордон барих уу гэдэг нь ч тодорхой бус юм. Нийтэд танил­цуулсан бодлого бүү хэл төлөвлөгөө төдий зүйл ч харсангүй.

Шинэ тутам яам, шинэ сайд одоогийн байдлаар ажлаа бүрэн төлөвлөж амжаагүй байхыг үгүйсгэхгүй. Ингэхээр Спортын сайдын хувьд шинэ оноо хэдэн тамирчдынхаа медалийг өөрийн орол­цоогүй ч өргөн барихаас өөр бэлэг алга.

Үүн лугаа адил Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга гэх сайдын эрэмбэтэй алба байгуулж, 339 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр Ж.Сүхбаатарыг томилсон. Эрхэм сайд маань өнгөрөгч гурван сарын хугацаанд чухам юу хийснийг тодорхойлоход хэцүү. Гэхдээ хотын автозамын түгжрэл нь өнөө маргаашдаа шийдчих асуудал биш учраас Ж.Сүхбаатар сайдад бодож төлөвлөсөн ажил олон байгаа гэдэгт найдна. Эрхэм сайдын хувьд цахим жиргээгээр ажлаа явуулж, хичээл сургуулийн хөл хорих шийдвэрт нөлөөлөх замаар хотын түгжрэлийг шийдэх гэж оролдож байгаагаас өөр зүйл одоогоор алга.

Гэхдээ сүүлийн үед төмөр замын дөрвөн ч нүхэн гарцны ажил эхлүүлнэ гэх болсноос харахад төлөвлөж байгаа зүйл байгаа бололтой. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хөршид айлчлах үеэрээ нүхэн гарцны хөрөнгийг буцалтгүй тусламжаар шийдэж байгааг мэдээллээс харсан. Одоогийн байдлаар зам барилга, газар шорооны ажил гүйцэтгэх улирал ч биш учраас Ж.Сүхбаатар сайдын хувьд шинэ ондоо цахим жиргээнээс өөр барих бэлэг алга. 

Харин сайдуудаас хамгийн хүнд алба буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албанд Д.Амарбаясгаланг томилсон. Олон төсөл хөтөлбөр шийдлээ хүлээж байгаа хүнд үед томилогдоод удаагүй ч чухал бодлого гаргаж, түүнийгээ гараанаас хөдөлгөж байгааг олон нийт онцолжээ. Д.Амарбаясгалангийн хувьд засгийн гал тогоог барихаас гадна МАН-ын гал тогоог ч давхар хариуцаж буй. Гүйцэтгэх засаглалын ачааны хүндийг үүрч яваа хүний хувьд юуны өмнө төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд нөгөө гараараа хөрөнгө оруулагч, хувийн хэвшлээ дарамталж болохгүй хэмээн байр сууриа илэрхийлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах шан татчихлаа.

Үүний зэрэгцээ Төрийн ордонд аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтаар оруулж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гээд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн яамны оролцоотой "Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохоо илэрхийлсэн. Өдгөө томоохон төсөл хөтөлбөрүүдэд шалгалт хийнэ гэдгээ мэдэгдээд буй. Энэ мэт зүйл нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ажлаа аваад шат дараалан эхлүүлж буй томоохон бодлогын ажил.

Агуулгаар нь авч үзэхээр Засгийн газраас санал болгоод байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эхлүүлэх, хөрөнгө оруулалт татах үндэс суурийг тавьж байна гэсэн үг. Ийнхүү богино хугацаанд том бодлогыг ул суурьтай эхлүүлж байгаа нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, олон шатны сонгуульд амжилттай оролцсон зэрэг стратеги нь нөлөөлж байгаа хэрэг. Аливаа шатны сонгуульд нам удирдаж орно гэдэг улс орны хэмжээний бодлого төлөвлөж байж амжилтад хүрдэг. Тэр тусмаа сонгуулиас сонгуульд ялалт байгуулна гэдэг тухайн бодлого хэрэгжсэн эсэхээс ихээхэн шалтгаалдаг. Хэрэв тухайн бодлого муу байгаад хэрэгжээгүй бол иргэд олон нийт ахин дахин дэмжихгүй нь ойлгомжтой. 

Нэг зүйл ажиглагдаж байгаа нь эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь өөрөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байна гэдэг асар том давуу тал гэдгийг олон жишээнээс харж болно. Тэртээ тэргүй сонгуульд ялалт байгуулсан аль нэг нам төрийн эрх авч Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Намын генсек нь Удирдах зөвлөлөө ахалж ажилладаг учраас Засгийн газрын түвшинд илүү ойлголцдог гэдгийг Д.Амарбаясгалангийн өнөөгийн явуулж буй бодлого, түүний үр дүнгээс харагдаж байна. МАН арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Бага хурлаа зохион байгуулна. Уг хуралдаанаар элдэв улстөржилтгүй том бодлогоо харж, зөв оновчтой шийдвэр гаргаасай хэмээн хүсэж байгаа ахмад гишүүд олон байгааг дуулгах хэрэгтэй. Эндээс харахад, Д.Амарбаясгалан дарга шинэ ондоо гараанаас амжилттай гаргасан бодлогын бэлэгтэй угтах бололтой. 

Шинэ засгийн бүтцээр Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж, Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилсон. Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг манлайлж түүчээлэн явах учиртай яам. Юуны өмнө тэрбээр ирэх 2023 оны төсөвт ямар нэг шинэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тусгах аргагүй эмзэг байгааг дурдаж байсан бол бодлогын хүрээнд гадна дотны төсөл, дотоодын нөөц бололцоонд тулгуурлаж томоохон төсөл хөтөлбөрөө хөдөлгөх бодлого барьж байгаагаа дуулгасан. Гэтэл бидэнд орж байгаа томоохон хөрөнгө гэвэл нүүрснээс олж буй орлого.

Тиймээс нүүрсний хулгайтай тэмцэх, тэднийг илрүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өртөг улсын төсөв, иргэдийн амьдралд 100 хувь орж байх ёстойг дуулгаад эхэлсэн нь бодлогын эхлэл гэж харж байна. Үүний дараагийн алхам бол нүүрсийг олон улсын биржээр худалдаалах аж. Учир нь нүүрсийг олон улсын бирж дээр худалдаалахаар хулгай алга болж, үнэ өснө, элдэв хардлага сэрдлэг алга болох аж. Нүүрсний хулгайтай тэмцэх аянд мордсон нөхдийн өгч байгаа албан бус мэдээллээс харахад санаанд багтамгүй их мөнгийг цөлмөсөн байна. Ч.Хүрэлбаатарын хувьд урьд өмнө Засгийн газарт Сангийн сайдаас эхлээд олон удаа сайдын алба хашиж байсан туршлага бүхий хүн учраас айсуй шинэ ондоо дорвитой бэлэг барих байх гэж найдаж байна.

Зөвхөн дээрх жишээнээс харахад шинэ сайдууд маань айсуй 2023 оноо өөр өөрийн гэсэн онцлог төрх бүхий бэлгээр угтах аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.183.219) 2022 оны 12 сарын 01

УЧРАЛ, БАТ-ЭРДЭНЭ, АМАРБАЯСГАЛАН НАРЫН АЖИЛД АХИЦ ДЭВШИЛ ГАРЧ БАЙГАА. НҮҮРСНЫ ХУЛГАЙЧДЫГ БОДИТООР ИЛҮҮРЧИХВЭЛ ХҮРЭЛБААТАРЫН АЖИЛ ҮНЭЛЭГДЭНЭ. ХАРИН СҮХБААТАР САЙДЫН ТҮГЖРЭЛИЙН ЭСРЭГ АВЧ БАЙГАА ШИЙДВЭРҮҮД ДУТУУ ДУЛИМАГ САНАГДААД БАЙНА. 1-Р ЭНГЭЭГЭЭР ЗӨВХӨН НИЙТИЙН ТЭЭВЭР АВТОБУС ЗОРЧИХ ШИЙДВЭРИЙГ ЁСООР НЬ ХЭРГЖҮҮЛҮҮЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ТАВИХЫГ ҮҮРЭГДСЭН Ч ОРОЙД АЧААЛАЛ ИХТЭЙ ЦАГ ХУГАЦААНД НЭМЭЛТ АВТОЫУС ГАРГАХ, МӨН БОГИНО РЕЙСЫН АВТОБУСААР ҮЙЛЧЛЭХ БА БУУДЛУУД ДЭЭР ЗОГСОЖ БАЙГАА ЯМАРЧ ҮР ДҮНГҮЙ ХЯНАЛТЫН АЖИЛТАН НАРЫГ БҮР ТАТАН БУУЛГАЖ ХЭМНЭГДСЭН ЗАРДЛЫГ ШАТАХУУНЫ ЗАРДАЛДАА НЭМЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

0  |  0
zochin(106.154.135.88) 2022 оны 12 сарын 01

teneg uchral jil bur l talx guril oimos taraadag biz dee tegej naad alband aa suuh ardtumen g guril budaag.r amrdardag mgl uls turchud sulii ardtumen dee unelegdeh ee bolson haramsaltai

0  |  0
Тони(139.5.217.95) 2022 оны 12 сарын 01

ЗАЙЛЦГАА

0  |  0
Top