Д.Бауыржаныг байгалийн нөөцийн төлбөрийг хууль бусаар зарцуулсан хэргээр шүүхэд өглөө

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Байгалийн нөөцийн төлбөрт 1.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн ч нөхөн сэргээлтэд дээрх мөнгийг зарцуулаагүй, аудитаар илэрсэн зөрчлөө арилгалгүй удаа дараа зөрчил үүсгэсэн гэх шалтгаанаар Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржаныг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлөөс шүүхэд өгчээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд байгалийн ургамал, ус, ой, ан амьтны нөөцийг ашигласны төлбөр төлдөг. 

Энэ орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд хамгийн багадаа зарцуулах хувь хэмжээг тогтоож, биелүүлэх үүргийг тухайн орон нутгийн удирдлагууд хүлээдэг аж.

Сүүлийн зургаан жилд нийт 123.5 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар буюу байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд зарцуулжээ.

Алдагдсан боломжийн өртгийг тооцвол 200 орчим тэрбум төгрөг буюу 160 мянган га талбай буюу 300 орчим сая мод ургуулах боломжит төсвийг зориулалтын дагуу бус зарцуулсан байна.

Гэтэл судалгааны тайланд батлаад арван жил болсон ч Байгаль орчныг хамгаалах тухай  хуулийн хэрэгжилт хангалтгүй, нөөц ашигласны төлбөр жил бүр нэмэгдэж байгаа ч эргээд байгалиа сэргээх, ан амьтан ургамлаа сэргээхэд зарцуулах мөнгө батлагдсан хамгийн доод хэмжээндээ ч хүрээгүй, жилээс жилд буурчээ.

Иймд Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл 21 аймаг, нийслэлийн удирдлагуудад сануулга болгож хуулиа хэрэгжүүлэхийг шаардан мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд "Баян-Өлгийн аймгийн Засаг дарга  Д.Бауыржан нь, Үндсэн хуулийн 6.1, 6.2, 59.2 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.1.1, 16.2.2, 17.1.1, 17.2.8 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27.5.10, 50.1, 59.1.13 дэх заалт, Төсвийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тухай хууль, Засгийн газрын 2022 оны 2 тогтоолоор шинэчлэн баталсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-н хэрэгжилтүүдийг тус тус зөрчсөн гэж үзээд, хууль хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг тогтоолгохоор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байна" гэсэн байна. 

Энд дурдахад, 21 аймаг, нийслэлийн удирдлагуудыг гүйцэтгэлээр нь авч үзвэл эхний таван байрт дараах аймгууд орсон байна. 

1. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауюржан хамгийн доод дүнгээр 590,708,911₮ зарцуулахаас 0₮
2. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хамгийн доод дүнгээр 5,427,096,926₮ зарцуулахаас 339,068,829₮ (6%)
3. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан 926,012,536₮ 70,845,040₮ (8%)
4. Улаанбаатар хотын дарга Д.Сумьяабазар хамгийн доод дүнгээс 7,766,111,101₮ зарцуулахаас 803,251,980₮ (10%)
5. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсонжав хамгийн доод дүнгээс 2,792,374,785₮ зарцуулахаас 319,883,800₮ (11%)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гаа(202.126.89.32) 2022 оны 12 сарын 01

Бас л хулгайч нар бүтэхгүй хүүрнүүд юмаа

1  |  0
Top