ШАТАР: С.Билгүүн Их Мастер цолныхоо анхны нормыг биелүүллээ

2022 оны 11 сарын 21

1000 жилийн түүхтэй урлагийн элементийг түгээн шингээдэг, комбинацийн төрөл бүрийн санааг уран сайхны хэлбэрээр илэрхийлдэг шатрын шигтгээ болсон төрөл бол шатрын бодлого, этюд зохиомж юм.

Арабын нэгдсэн Эмират улсын Фужайрах хотод 2022 оны арваннэгдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан 45 дахь удаагийн Шатрын Бодлого Бодолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Алдар" спорт хороо,"Элит брейн" академийн  тамирчин, Шатрын их мастер, Бодлого бодолтын дэлхийн шатрын холбооны мастер Сумьяагийн Билгүүн түүхэн амжилт гаргалаа.

Дэлхийн 30 орны шилдэг 82 бодогч нийт 18 даалгаврыг 6 үед бодож өрсөлдсөн энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Шатрын их мастер С.Билгүүн боломжит 90 оноос 77,75 оноотой шагналт 4-р байр эзэлж, бодлого бодолтын Их Мастер цолныхоо анхны нормыг биелүүллээ.

Дэлхийд Шатар тоглолтын болон Бодлого бодолтын төрлөөр давхар их мастер цолтой 10 хүрэхгүй тамирчин байдаг гэдгийг зохион байгуулагчид хэлж, онцгой амжилт ойрхон байгааг манай тамирчинд санууллаа.

С.Билгүүн III үе хүртэл тэмцээнийг тэргүүлж байсан хэдий ч HELPMATE буюу Хамжаа мадны үе дээр чухал оноонуудыг алдаж медалиас атгаад алдсан ч цаашид ямар нөөц бололцоо байгааг харуулж чадсан. Их мастер С.Билгүүн өмнө нь 2015 ,2017 ,2021 онуудад бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.

Мөн энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон их мастер С.Билгүүний дүү бодлого бодолтын спортын мастер С.Чингүүн 47.5 оноо авч 49-р байрт шалгарсан байна..

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top