NEW 76 I Анхдагч гэдгээ баталсан нүцгэн түшээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Сүрхий эр ээ. Балетын бүжигчин бүсгүйтэй нүцгэн зургаа цахимд байршуулж байгаад сонгуульд ялчихсан. Монгол Улсын түүхэнд анх удаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нууц амрагтайгаа татуулсан нүцгэн зургаар сонгуулийн пиар хийсэн юм. Булганчуудыг анхдагчид гэж нэрлэдэг нь дэмий зүйл биш аж. Тэр ч анхдагчдын нутгийн гишүүн гэдгээ батлан харуулсан. Хэтдээ 2024 оны сонгуульд нүцгэнээс хэтэрсэн зураг цацагдаж таарна. Цочирдох хэрэггүй. Өнгөрөгч 2020 оны хоцрогдсон арга технологио дахин хэрэглэхээр сонгуульд унах учраас давсан арга хэмжээ шаардлагатай болно гэдгээ тэр тооцоолж байгаа. Миний хувьд түүнийг нүцгэн зургаар сонгуулийн пиарыг хийж байна гэж бодсон. Гэтэл сайх бүсгүй өөрөө “Улаан бал” нэвтрүүлэгт “Ж.Бат-Эрдэнэ бол миний нууц амраг мөн” гэж хэлэхээр л  сонгуулийн пиар биш гэдгийг ойлгов. Гэхдээ би энэ үгэнд итгэх итгэхгүйн завсарт л сууна. Мөн байсан ч хорвоогийн явдал, эр хүний л ажил. Магадгүй булганчууд гишүүнийхээ нүцгэн зургийг харахдаа цочирдоод саналаа овоолчихсон байх. Эсвэл анхдагчдын нутгийн хүү гэдгээ батлан харуулсанд нь сэтгэлээ өгсөн байх.

Гэтэл мань эр хатуу хөл хорионы үед УИХ-ын чуулган цахимаар хуралдахад мөн дотуур өмдтэйгөө нүцгэн хуралдаанд оролцсон. Цолоо батлах гэгч болов. Анагаахын шинжлэх ухаанд дахин дахин нүцгэн зураг дүрсээ олонд харуулах нь “Гаж зуршил” гэж үздэг байна. Анагаахын шинжлэх ухааны үүднээс аваад үзэхээр парламентад нэг “гаж зуршил”-тай гишүүн байж таарах нь. Энэ үеэр Улсын төсвийг чуулганаар баталж байсан учраас “Улсын төсвийг бандагатайгаа баталсан анхны гишүүн”-ээр аанай л тодорсон. “Өмдгүй төсөв” ч гэж л байсан. Ерөөсөө нүцгэн байх дуртай хүн байж болно л доо. Энэ утгаараа анхдагчдын нутаг гэдгийг харуулсаар яваа шийртэй нөхөр.

Тус асуудал нь Булганаас бүр Монгол Улсаас хальж дэлхийн түүхэнд дотуур өмдтэйгөө чуулганы хуралдаанд оролцсоноороо анхдагч болж байна. Булганчууд ч гишүүнээ даган дэлхийн түүхэнд анхдагч аймгаар тодорч үлдэнэ. Эр хүний хувьд хээ шаагүй нэгэн гэдэг нь үнэн байх. Түүнийг 10 гаруй жилийн өмнө Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад тодруулга авч байсан, нүцгэн битгий хэл зургаа татуулахаар сайхан хээ шаагүй нөхөр байсан санагдана. Энэ гүдэсхэн зан нь сайдын суудалд удаан суулгаагүй байх. Яагаад гэхээр Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байхад яаман дээр хундага тулгах, нэг нэгэндээ шанаа өгөх асуудал мэр сэр байсан гэдэг. Асуудлыг нударгаар шийдэх мэт зүйлийг тоодоггүй байсан юм болов уу даа. Эр хүн ийм л байдаг даа. Эр хүн шиг загнаж байсан учраас хэтдээ хоёр алба хаагч нэгнийхээ аминд хүргэсэн байх магадлалтай. Орчин цагт “сайхан эр хүний зан” гаргах нь зохисгүй болжээ гэдгийг л харуулсан. Тухайн цагт тэрбээр “Төрийн хүний хувьд улаан зураасны ард юу ч болоогүй юм шиг гүлдийгээд суух ёс суртахуун надад байхгүй. Үнэхээр хүнд өдрүүд өнгөрч байна. Би 2000 оноос хойш төрийн албанд удирдах албан тушаалын ажил хийлээ. Энэ бүх хугацаанд олон зүйл болж байсан ч ийм хэцүү явдал тохиолдож байсангүй” гэж харамсангуй хэлээд сайдын суудлаа өгч одсон. Энэ явдлыг Ж.Бат-Эрдэнэд холбон наах гэж хэсэг бужигнаад давалгаалсан шигээ алга болсон. Нүцгэн зураг шигээ л сураг алдарсан.

Түүнийг харахаар парла­ментын танхимд биш айрганд халамцаж сүүмийгээд дээлээ сугалдаргалчихсан, морин туурайг хөлсөөр сэтлэн хатируулж яваа эрийн дүрээр сэтгэлд бууна. Түмний сэтгэлд ийм дүрээр бууж байгаа ч ингэж яваагүй нөхөр байх. Нийслэлийн 75 дугаар сургууль дүүргэсэн цагаас хойш эрдэм номын мөр хөөж, улмаар улс төрд үргэлж давшин яваа сүрхий эр. Ажлын гараагаа боловсрол эзэмшсэн ОХУ-ын “Рыпкооп” улсын үйлдвэрийн газарт мене­жерээр эхлүүлсэн гэхээр муугүй л суралцсаны жишээ байх.

Энэ утгаараа парламентын шинэ цагийн “Дипломны гол”-уудтай адил биш гэдэг нь харагдана. УИХ-д байх сүүлийн үеийн нөхдийн намтарт АНУ-д Жоржтауны сургууль гэх сүрхий намтар бий. Үнэн хэрэгтээ хэдэн сар пиво хөөж байгаад ирдэг нэг тийм завхарсан газар байдаг бололтой. Манай Удирдлагын академи маягийн юм уу даа. Би ямар тэнд нь очиж үзсэн биш, төгсөөд ирсэн нэг нөхөр ярьсан юм шүү. Ж.Бат-Эрдэнийн намтарт байгаа сургууль бол тийм биш гэдгийг ажлынхаа гарааг эхлүүлсэн газраас харж болно. Харин тэр МУИС-ийг хуульч  мэргэжлээр төгссөн гэдэгт ихээхэн эргэлзээ бий. ““Рыпкооп”-д хоёр жил ажилласан нөхөр “Ашид-Эрдэнэ” компанийн захирлаар ажиллаж бизнесийн салбар руу орсон нь олны жишиг дагасан хэрэг. Ерээд онд ганзага хийж, бизнесийн салбар руу ороогүй хүн гэж үгүй дээ. Манай сүүлийн үеийн цагаан гартай улстөрчид гэхэд “Дэнжийн-1000”-ын зах дээр бохь ширхэглэж байлаа” хэмээн намтраа чимэглэсэн элбэг байдаг биз дээ. Ямар “аавынхаа хулгайлсан мөнгөөр улс төрд орсон” гэлтэй биш. Эсвэл “намын залуучуудын байгууллагаар дамжиж гударсан мөнгөөрөө амьдарсан” гэлтэй биш. Хүний амьдралын ямар нэгэн эгэл намтар хэрэгтэй биз дээ. Тэднийг бодоход Ж.Бат-Эрдэнэ ам дүүрэн хэлэх бизнесийн намтартай эр. 

Ийнхүү бизнесийн салбарт мандуулж явсан нөхөр шинэ мянганы босгон дээр буюу 2000 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргаар заларч, их улс төрийн карьераа эхлүүлсэн. Тухайн үеийн МАХН парламентад 72 суудалтай жаалж байхад “Их хаан”-аар тодорсон Н.Энхбаярт өргөл барьц барьсан байх магадлалтай. Чамгүй ч бэлтэй болсон үе нь гэж хөтлөлцөөд алхсан нөхөд нь хэлж байсныг дам сонссон байна. Тэр цагт Н.Энхбаяр бэлгүй хүнийг МАН-ын босгоор, төрийн босгоор ч алхуулдаггүй байсан учраас ямар нэгэн хэмжээгээр өргөл барьц байж таарна. Сү.Батболд шиг бэлтэй бол шууд Дэд сайд байх байсан. Тэр цагт Ж.Бат-Эрдэнэ Сү.Батболдын дэргэд “Таргийн таван ямаатай” л нөхөр байгаа биз. Нэгэнт “Их хаан”-д өргөл барьсан бол нэг хэсэгтээ нэрээр нь амьдарч байсан цаг хойно 2007 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тодорч байв. Том албан тушаал. Үүнээс хойш болж өгвөл хэл ам бага, нэлээд бийлэгжүү албанд морилж байсан бололтой. Тухайлбал “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, МИАТ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан он цаг бол бизнесийн ухаантай нөхөрт ихээхэн ач тустай зүйл байсан биз ээ. Монголын хөрөнгөлөг хоёр айлын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан хүн бэлээ зузаалахгүй өөр яах билээ. Хэнд ч байдаг асуудал. Нэгэнт хэтэвч түнтийлгэсэн нөхөр жинхэнэ утгаараа улс төрөө хөөхөөр 2013 онд Булган айм­гийн МАН-ын хорооны даргаар анхдагчдын өлгий нутагт бууриа засав. Булган аймагт санаа тавьсандаа ч биш. Түүнд нутаг усны гэх ойлголт бараг үгүй байх. Гагцхүү олонд харагдаж, танигдах байсан юм. Тэр танигдаж чадсан учраас 2016 онд УИХ-ын гишүүнээр тодорсон. Улмаар барьцаа ахиулж Зам, тээврийн хөгжлийн сайдаар заларсан ч дээрх асуудлаас үүдэн буусан.

Түүнд Булган аймагт хийсэн зүйл чухам юу байгааг мэдэхгүй юм. Ямартай ч хоёр дахиа сонгож парламентад суулгасан аймаг нь өрсөлдөх чадвараар 21 аймгаас 21-т эрэмбэлэгдсэн. Үүнээс харахад Ж.Бат-Эрдэнэ гэх гишүүн УИХ-д булганчуудыг хэрхэн төлөөлснийг шуудхан харуулна. Гэтэл Булгантай хөрш орших Орхон аймагт нэгдүгээрт эрэмбэлэгдэж байх жишээтэй. Аймгийнх нь өрсөлдөх чадварыг адагт унагаагаад байгаа Ж.Бат-Эрдэнийг булганчууд чухам яагаад дахин дахин сонгогдоод байгаагийн цаана өөдлөн дэвжиж байгаа зүйл байж таарна. Эрхэм гишүүн Ж.Бат-Эрдэнэ булган­чуудын дунд захын хүнд ойлгогдохгүй нарийн сэжим байхыг хэн мэдэх билээ. Нүцгэн зураг цахим орчинд тарааж анхдагчаар тодорсон хэмээн элийрдэггүй л баймаар.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hahaha(66.181.187.66) 2023 оны 08 сарын 04

forum enhbat ah ihel muhai gomdoj yabdin bilee chamad

0  |  0
Хаха(66.181.161.43) 2022 оны 11 сарын 21

Магтан муулна гэж энэ дэ хаха

0  |  0
Юв(103.212.117.197) 2022 оны 11 сарын 21

Одоо чамайг зайлуулнаа. Муу сахалтай хав

0  |  0
!!!!(49.0.137.164) 2022 оны 11 сарын 21

ene harin unen baih shuu

0  |  0
Top