NEW 76 I Аюулгүй байдлын “манаач”

2022 оны 11 сарын 01

Тэр бусад шиг олны өмнө “Эх орон, газар шороо минь” гэж цээжээ дэлдээд байдаггүй. Шийдвэр гаргах түвшний хуралдаанаар үндэсний язгуур эрх ашиг хөндсөн шийдвэр хэлэлцэхэд ихсийн өөдөөс үг сөргөж харагдана. Ингэхээр нь улс орны аюулгүй байдал, ард түмнийнхээ талд зогсдог цөөн түшээдийн нэг гэж боддог. Нөгөө талаар ард түмнээс сонгогддог УИХ-ын гишүүний хувьд “Баатар”-ын дүрд хааяа боловч тоглохыг хичээж байгаа нь цухалздаг. Гэхдээ л бусад шиг сүр хүчийг үзүүлж, поп тоглодог болов уу гэхээр өөрөө хувийнхаа эрх ашгаар чимх чимхээр хохироод ч байх шиг. Түүнээс бус өдгөө цагийн булгиа бусгаатай улс төрд эрх ашгийнхаа төлөө “Нүдэн балай, чихэн дүлий” суух нь дэндүү олон сон. Тиймдээ ч түүнээс өндөр Алтайн эрмэг хурц уулсын араншин үе үехэн дүрэлзэж, бас чиг говь тал шигээ налайх нь элбэг. Төрж өссөн нутаг ус хэмээх хүйн эрдэнэтэй сэтгэл, оюунаараа холбогдоогүй хэн байх сан билээ.

Одоогоос хэдэн жилийн өмнө нийслэлийн хурлын төлөөлөгч Б.Энх-Амгалан олон улсын нислэгийг Новосибирскт саатуулсан хэмээн шуугилаа. Дуулианы шилийг даран, Зам, тээврийн хөгжлийн сайд М.Зоригт онгоц саатуулсан хэргийн эзнээр түүнийг цоллов. Тухайн үед итгэж ядан, бас чиг “овоо гар юм” хэмээн эргэлзэж байснаа нуух юун.

Гэвч олон улсын агаарын хөлгийг энд тэнд буулгах эрх хотын Хурлын нэг төлөөлөгч бүү хэл бүрэн улсын Ерөнхийлөгчид ч байхгүй. Агаарын тээвэр гэдэг нь олон улсад мөрдөгддөг цор ганцхан стандарттай аж. Тэр эртнээсээ онгоц ярихаараа буруудаж, шуугиан дэгдээдэг талтай. Хэвлэлээр “Онгоц” гэх нэр хоч хүртэл зүүж үзсэн хүн. Зам, тээврийн хөгжлийн сайд болсон даруйд манайд бага оврын онгоц угсарч онцгой байдлын үед ашиглах боломжтой гэж шуугиан тарив. Мөн саяхан аялал, жуулчлалын захиалгат нислэгт жижиг, дунд оврын агаарын хөлөг ашиглах нь цаг хугацаа эдийн засагт хэмнэлттэй, шуурхай гээд... бас л шуугиан тарив. Түүний өчсөн онгоцтой холбоотой байр суурь нь манай хөрсөн дээр хэрэгжих эсэх нь ихээхэн эргэлзээтэй учраас шуугисан байх.

Ийн шуугиан тарьж явсан төлөөлөгч 2016 оны сонгуулиар Хан-Уул дүүргээс нэр дэвшиж, чамгүй өрсөлдөөн дундаас УИХ-ын гишүүн болчихож. Аюулгүй байдал, гадаад бодлого, геополетикын талаар ихэд анхаарч ярьдаг нэг Түшээ Төрийн ордонд нэмэгдсэн нь бас л олзуурхууштай санагдав. УИХ-аар хэлэлцэн, баталж байгаа хуульд тэргүүлэн оролцож бурууг сөргөж, зөвийг дэмжиж байгаа нь ч харагдана. Энэ тал дээр чамгүй мэдлэг мэдээлэлтэй байгааг анзаарч намтрыг нь сөхөхөд Б.Энх-Амгалан 1989 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академид суралцахаар хол аяны дөрөө жийсэн нь түүний амьдралд цоо шинэ хуудас нээж өгчээ. Харин 1991 онд нийгмийн шилжилт хойд хөршөөс түүчээлэн манайд ид өрнөсөн учраас эх орондоо эргэж ирсэн. Улмаар МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Гадаад албаны ажилтан мэргэжлээр 1995 онд төгсөн, Аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын тусгай албанаас ажлынхаа гарааг эхлүүлж, XX зууны төгсгөл хүртэл ажилласан хүн. Ийн ажлын албанд зүтгэх зуур Бээжингийн Гадаад харилцааны их сургуульд Ази, Дорно дахины судлалаар сураад амжиж. Ингэхээр яах аргагүй өдгөөгийн парламентад улсын аюулгүй байдал, гадаад бодлого, геополетикын тухай дуугарах цөөн дүрийн нэг гэж болно. Хүн ямар ч оргилд гарсан гэр бүлийн суурь хүмүүжил, унаган ажил, мэргэжил гэдэг яс маханд шингэж, насан туршид оршин байдаг зүйл бололтой. Тэр тусмаа тангараг өргөсөн хүний сэтгэл зүй бүр ч өөр байх.

ДАРХАН ХИЛ, ХИЛЧДЭЭ ЭРГЭСЭН ДӨРВӨН ЖИЛ

Улс, эх орны аюулгүй байдал, дархан хилийн тухай ярина уу гэхээс аар шаархан зүйлд тэр бүрий хошуу дүрдэггүй Б.Энх-Амгалан хурлын завсарлага, хөглөрсөн ажлынхаа хий завсарт хилийн зүг байсхийн ухасхийнэ. Уг нь тэр орчин цагийн “хууль”-иар бол тойрогтоо очиж, тууз хайчилж, шав тавьж, бэлэг сэлт тараах ёстой ч байсхийгээд хил рүү явдаг нь яах аргагүй ухамсарт нь суусан үнэт зүйл гэж боддог. Тиймдээ ч тэр тойрогтоо бус хаа байсан зүүн хязгаараар явж, хилийн отрядад хөгжим хэрэгсэл өгчихнө. “Ном дүрэм”-ээрээ бол хөгжим, хэрэгслээ Говь-Алтай аймгийн нэг суманд өгч байх ёстой л доо. Санаж байгаагаар 2016-2020 онд эх орны зүүн цэг Соёлз уулнаас баруун цэг Алтай Таван богд, хойд туйл Монгол Шарын даваанаас өмнөд туйл Орвог гашууны бор толгой хүртэл хилчдээ эргэж, тойрч, улс орон, хилийн аюулгүй байдалтай танилцсан цор ганцхан гишүүн болов уу.

Дөрвөн жил тойрог руу бус хил рүү зуларсан нөхөр 2020 оны сонгууль болоход төрөлх Алтай нутагтаа нэр дэвших эрхийн мандат аваад явчихлаа. Алтай гэснээс тэр өнгөрөгч зууны далаад оны эхээр сүрлэг их Алтайн уулсын дунд, аймгийн төвд эхээс унаж, тээврийн жолоочийн гэр бүлд өсөж торнисон хүүхэд. Аймагтаа ерөнхий боловсрол эзэмшиж, амьдрал аяны дөрөө авсан хүү. Мэдээж хөдөө гадаатай явж, уламжлалдаа ойр өссөн монгол эр хүн. Даанч сонгогдсон Хан-Уул дүүргийнхээ тойрогт төдийлөн очихгүй хил рүү яваад байсан нь цаанаа учиртай байж. Нөхөр Говь-Алтай аймгийг хатуу хучилттай замаар холбож нутаг зоныхоо олон жилийн мөрөөдлийг биелүүлсэн учраас замаараа лоозон хийгээд л харанхуй туучихсан хэрэг. Ийм хөзөртэй хүн хэнийг ч ялахаар байсан даа. Айсуй сонгуульд чухам ямар хөзөр дэлгэхээр төлөвлөж суугааг таах аргагүй. Уг нь Тахийн тал бол том хөзөр боловч шуудхан ялалт халаасалчихсан гэж ойлгоход эртдэнэ.

ДАРХАНЫ ЗАМААР ДАРАХ ОРОЛДЛОГО

Ийнхүү хилийн бүсэд манаргаж явах үед нь эрх баригчид 2019 онд түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилов. У.Хүрэлсүхийн Засгийн газар урьж залаад сүйд болоогүй ч түүнд засгаас хүртэх ёстой шагнал байсан. Тэр нь М.Энхболдыг болон түүний бүлэглэлийг түлхэн унагаахад гар бие оролцсон хүн. Ямартай ч шударга зан нь хөдөлсөн үү, эсвэл сайдын суудал мөрөөдсөн үү, чуулганы танхимын үүдэнд өнөөх “Шударга тав”-тайгаа нийлчихсэн “Огцор” гэсэн бичиг бариад сууж байсан юмдаг. Хүн нь аюулгүй алба дамжсан хашир бурхи учраас өнөөх “Шударга тав” шиг ээ гудамж талбайд гарч, хожим амны зугаа болохгүйгээр зайгаа барьчихсан л даа. Яахав, сайд нь тогтдоггүй яаманд очиход том том төслөөс гадна зуун задгай ажил угтсан нь ойлгомжтой. Үе үехэн зарим өрсөлдөгчдийн зүгээс Б.Энх-Амгаланг харлуулах зорилгоор урагшаа явахгүй байгаа Дарханы замтай холбох нь элбэг. Гэтэл 2016 онд Д.Ганбатыг Зам, тээврийн хөгжлийн сайд байхад энэ асуудал хөндөгдсөн ч Ж.Эрдэнэбатын танхим унасан.

Харин “Бүс нутгийн автозам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд Ж.Бат-Эрдэнийг сайд байх 2017 оны аравдугаар сард Дарханы замыг сэргээн барих асуудал яригдаж эхэлжээ. Улмаар 2018 оны долоодугаар сарын 27-ны өдөр Дарханы замыг сэргээн засах гэрээг УИХ-аар баталсан ч гар бие оролцсон сайд Ж.Бат-Эрдэнэ огцорсон учраас дараагийн сайдад асуудал шилжиж таарна. Харин 2018 оны аравдугаар сард Я.Содбаатарыг сайдаар томилогдох үед гэрээ нь батлагдаж ажил нь цаасан дээр өрнөж байсан үе. Ингээд Я.Содбаатар зээлийн асуудлаар огцорч, салбарын сайдаар Б.Энх-Амгаланг 2019 оны хоёрдугаар сард томилсон. Удалгүй Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын тушаалаар Тендерийн хороо байгуулагдсан байдаг. Гэвч төслийн санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк тендер сонгон шалгаруулалтыг өөрсдөө зохион байгуулах нөхцөл тулгаж, Монголын талын оролцоо хязгаарлагдсан. Өөрөөр хэлбэл, яам тендерт оролцох боломжгүй болжээ. Үүний дагуу Азийн хөгжлийн банк хятадын компанийг сонгон шалгаруулалтад гаргаснаар замын ажил 2019 оны долоодугаар сард эхэлсэн ч цар тахал дэгдэж, хил гааль хаагдсан түүхтэй.

Харин түүний хувьд замын ажлын талбайд ажиллаж, гүйцэтгэгчдийг шахаж, болохгүй нэгний тухай дээшээ “Алтан хошуу” өргөж явсан. Мөн хятадаас 105 ажилчин авчирч, замын ажлыг үргэлжлүүлэх саналыг Засгийн газарт оруулан дэмжлэг авсан ч эсэргүүцэлтэй тулж, “буруутан” болсон хүн. Баримтаас үзэхэд Дарханы замын ажил Б.Энх-Амгалангийн үед эхэлжээ гэж харж болох ч яриа хэлэлцээр, тогтоол шийдвэр, тендер шалгаруулалт гээд бүхий л зүйлд түүний оролцоо байгаагүй. Тэр бол галт тэрэг хөдөлчихсөн байхад дундаас нь суусан зорчигч. Ингэхээр Дархан-Улаанбаатар чиглэлийн зам Б.Энх-Амгалан сайд хоёр ийм л холбоотой. Өөр юу ч байхгүй. Гэхдээ тухайн үед яамны газар, хэлтсийн дарга нар сайддаа Дарханы замын ажлын явц, бусад мэдээ мэдээллийг худлаа өгч байсан нь илэрсэн. Энэ нь хэдийгээр хурган дарга нарын буруу ч гэлээ мэдээлэлд сохроор итгэж байсан сайдын буруу байгааг ч дурдах учиртай. Сайд хэмээх алдарт сохроор итгэж, тамгандаа эрдэж явсны гай байх. Төрийн сайдын тамга анх удаа атгасан ид насны эр хүнд алс холын уулс дэргэд, асар тэнгэрийн одод цөөн харагдах ч үе байж таарна. Үүнийг тэр тойроогүй, дайрсан биз.

ЗАМЫН САЛБАРТ ТАМГАЛЖ ҮЛДЭЭСЭН АЖИЛ

Үүнээс гадна замын салбарт олон ажил шил шилээ даран хүлээж байсныг ашиглалтад оруулахад өөрийн биеэр зүтгэсэн хүн нь Б.Энх-Амгалан сайд гэдэгтэй харин маргахгүй ээ. Тэр үед ажил нь эхэлчихсэн, гүйцэтгэл дутуу, бүр зогссон, дуусах гэж байгаа, цаасан дээр төдий зүйлээс эхлээд олон төсөл угтаж авсан.

Нэн тэргүүний ажил нь Налайх-Улаанбаатар чиглэлийн замын ажлыг гардан эхлүүлж, богино хугацаанд нээснийг улаанбаатарчууд төдийгүй монголчууд тод санаж байгаа.

Мөн Баянхонгороос Байдрагийн гүүр хүртэлх 129,4, Шургын гүүрнээс Ховдын 53.9, Хашаатаас Толбо чиглэлийн 60, Сонгино-Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 167, Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114, Загастайн даваанаас Улиастай чиглэлийн 67 километр автозамын ажлууд гүйцэтгэлийн хувьд 0-95 хувьтай угтсан ч бүгдийг амжуулж замуудын хөдөлгөөнийг бүрэн нээсэн. Харин Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймаг хүртэлх 126.7 километр хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтын ажлын тендер шалгаруулахаас эхлээд гардан гүйцэтгэж, ашиглалтад өгсөн нь алтайчуудын хувьд мартахааргүй зүйл болсон. Энэ нь айсуй 2020 оны сонгуулийнх нь хөзөр байсныг хожим мэдсэн л дээ. Үүнээс гадна Увсын “Дэглий цагаан”, Завханы “Доной” зэрэг аймгуудын нисэх буудлыг олон улсын жишигт нийцүүлэн засвар өргөтгөлийн ажлыг хийлгэж, ашиглалтад өгсөн гэхээр нэг жил гаруйн хугацаанд чамгүй үйл өрнүүлсэн байна. Анх сайдын албанд очоод “Миний аав тээврийн жолооч учраас...” хэмээн зогсож байснаа бодоход овоо ажил амжуулсныг эндээс харж болно.

ТАХИЙН ТАЛЫГ ХАМГААЛЖ ҮЛДЛЭЭ

Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх замаар боомтуудын үйл ажиллагааг сэргээх малгай дор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар нэр бүхий гишүүд “Зарим хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” асуудлыг оруулж ирсэн. Үүнд “Говь-Алтай аймгийн Наран Сэвстэй Мазуншань боомтын үйл ажиллагааг дахин сэргээн нээх асуудлыг судалж шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгох”-оор тусгасан байдаг. Харин Б.Энх-Амгалан төслийг сайн нягтлан, холбогдох байгууллагуудын саналыг авч судалгаатай оруулж ирэх нь зүйтэй гэж эсэргүүцсэн. Мөнхүү Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын тушаалаар “Тахийн талын хамгаалалтын захиргаа”-г Ховд аймаг руу нүүлгэхээр чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Шалтгаан нь ердөө хамгаалалтай газрын 65 хувь нь Ховд аймагт байдаг бөгөөд пост эргэж тойроход зардал өндөр гардаг гэж үзжээ. Тодотговол, Тахийн талыг гатлах шууд зам хэрэгтэй учраас салбарын сайдын шийдвэрт хүрч, УИХ-аар хэлэлцэхдээ тулсан байна. Товчхондоо дархан цаазат Тахийн талыг улсын тусгай хамгаалалтаас гаргах шийдвэр хэлэлцсэн юм. Харин Б.Энх-Амгалан нарын гишүүд эрс эсэргүүцэж байж Тахийн талыг бүтэн авч үлдсэн дээ. Тэдний хувьд хамгаалалтын захиргааг нүүлгэж, харуул хамгаалалтгүй болгоод улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн алт ухахаар улайрч байгааг л гадарласан хэрэг болов уу.

Магадгүй юм, дараа нь хэвлэлээр чамгүй “нүдүүлсэн” байх шүү. Үнэнийг хэлэхэд “нүдээд”, “нүдээд” өнөөх л өөрт нь хамааралгүй шахам Дарханы зам. Тун чиг сэдэв олдохгүй болохоор “Мишээл” компаниа өөд нь татсан гэсхийгээд цааш гацдаг л даа. Тэр Аюулгүй байдлыг хангах албанаас чөлөөлөгдсөнийхөө дараа бизнесийн салбар руу орсон. Адармаатай энэ талбарт олон жил зүтгэсэн. Тухайн үед “Чоно” группээс захирлын сонгон шалгаруулалт зарлаж, үүнд оролцсон Б.Энх-Амгалан шалгарч “Мишээл”-ийн захирлаар тодорсон түүхтэй. Эндээ олон жил ажиллаж, хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлээд улс төр рүү орсон. Гал голомтоо үүсгэж байгаа айл өрх эд тавилга худалдаж авдаг, дотоодын болон гадаадын үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг ийм л компани удирдаж байгаад хамтрагчиддаа хүлээлгэж өгөөд улс төрд орсон нөхөр. Мөр нь цагаан, нэр нь цэвэр ийм бизнес эрхэлж байсан талбараас “нүдэх” зүйл гарахгүй л дээ.

Түүнийг анх “Мишээл”-ийн захирлаар ирэхэд арьс, шир буулгаж ачсан чиргүүлтэй “Зил-130” машин чөлөөтэй эргэдэг хөндий том агуулахаас өөр зүйл байгаагүй гэдгийг тухайн үеийн ажилчид нь ярьдаг. Харин одоо “Мишээл” нь орчин цагийн тохижилттой томоохон худалдааны төв болж өргөжснийг надаар хэлүүлэх юун. Ямартай ч энд гадаад, дотоодын томоохон үзэсгэлэн худалдаа шил даран өрнөдөг, элдэв худалдаа үйлчилгээтэй, өргөн дэлгэр газар болжээ. Энэ бол түүний олон жилийн хөдөлмөр, зүтгэл, хөлс хүчээр боссон зүйл гэдгийг дурдах учиртай.

Ийнхүү тэрбээр ерээд оны төгсгөлд бизнесийн салбарт хөл тавьж, унаж босож үзсэн хүний хувьд 700 гаруй сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц, зуслангийн байр, авто гарааштай бол “Ланд Круйзер-200”, “Лексус-350” авто машинууд хөлөглөдөг. Мөн 435.5 сая төгрөгийн мал, 185 сая төгрөгийн үнэт эдлэл, 140 гаруй сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Мэдүүлэгт өчсөн нь бас чиг боломжийн харагдаж байгаа ч долларын саятнуудад ёстой л “Тарагийн таван ямаатай” нөхөр санагддаг байх даа. Тиймдээ ч идэр залуудаа бизнест хөл тавьж, олон жилийн хөлс хүчээ өгсөн “Мишээл экспо” компанид чамгүй хувьцаа эзэмшдэг ээ Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурджээ.

Яг энэ цаг дор Засгийн газраас өргөн барьсан “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг хэлэлцэж, мань эр ихэд эсэргүүцэж байгаагийн цаана өнөөх л эх оронч үзэл, үндэсний уламжлалт ухамсар нь нуугдаж байгаа. Бас чиг иргэд олон нийтэд хандсан гэмээр үг хэлж, байр сууриа илэрхийлж байгаагийн цаана өнөөх “Баатар”-ын дүр ч давхар яваа нь ойлгомжтой. Магадгүй Б.Энх-Амгалангийн хувьд Монголын сайхан уламжлал, эрчүүдийн гүндүүгүй сайхан үерхлээс эхлээд олон зүйл аажимдаа алга болно гэж эмээсэндээ эсэр­гүүцсэн байх гэж найдна. Учир нь тэр үндэсний язгуур эрх ашиг, уламжлалд ихээхэн ойр хүн.

Том жижиг аливаа байгууллага алдаа оноотой л ажилладаг. Гагцхүү Төрийн эрх барих дээд байгууллага алдах эрх байхгүй. Бүхнийг санаж сэрэх нь аливаа хүний байгалиас авч төрсөн оюун сэтгэлгээний багтаамж, аав ээжийн хүмүүжил, эрдмээр олж авсан мэдлэг, ажлаас олсон туршлагаас шалтгаалдаг. Энэ хэмжээнд л хүн үгээ хэлж, үйлдлээ харуулдаг жамтай. Ямартай ч түүнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар томилчихлоо. Улс төр өөрөө адармаатай тоглоом. Эгэл жирийн сонгогчоос ихэс ахас хүртэл таалагдах учиртай. Тиймээс энэ мэттэй хольж хутгаад хэтрүүлчихгүй бол нүдээ олсон томилгоо яах аргагүй мөн. Түүнд алдаа оноо тэн тэнцүүлэн оршиж байгаа. Алд дэлэм алдахгүй ч атга чимхийн алдааг хэрхэн тоочиж барах билээ. Надад Б.Энх-Амгалан хэн байх нь хамаа алга, хамгийн гол нь тэр аюулгүй байдлын “манаач” байгаад л олзуурхдаг. 

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.160.98) 2022 оны 11 сарын 01

үгүй мөн мундаг нөхөр байна өмссөн хувцсыг нь харахад хурандаа цолтой генерал ч юмуу бас орос хятад хэлтэй хэд хэдэн дээд сургууль төгссөн Чекистийн академиа ддүргэлгүй эх оронд нь хувсгал гарсан учир хаяад ирсэн юмдагаа. сайд болох санаатай байсан юмдагаа. Миеэгийн сонгуулийн өмнө Ганбаатарын дүрд жүжиглэж байснаа Шударга тавтай хамтарч даргыгаа огцруулсан хашир бурхи. хил рүү зуларч манаргаж явдаг тагнуулын мэргэжилтэй ч хурган дарга нар нь худлаа мэдээ өгч байгааг огт мэдээгүй аюулгүй байдлаар монголдоо намбар ван баатар хүн юм байнаа. за за

0  |  0
Зочин(192.82.74.21) 2022 оны 11 сарын 01

Энхамгалан ингэж мөнгөөр балбаж бичүүлээд ч нэмэргүй дээ.

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 11 сарын 01

Хаха, мөнгө авсан сэтгүүлч хэнийг ч яаж л бол яаж худлаа магтаж болох ч Энх-Амгалан л арай биш шүү, Дарханы замыг нохойн замаар оруулсныхаа төлөө шоронд л заларч байх ёстой хүн ш дээ уг нь

1  |  0
Top