Тогоруу хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр шинэ менежмент хэрэгжүүлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Хэнтий аймгийн Хурх-Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөр гүйцэтгүүлэх тухай гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурж өнөөдөр баталгаажууллаа. Ингэснээр Хурх-Хүйтэний хөндийн олон улсын болон бүс нутгийн хэмжээнд өндөр ач холбогдолтой ус намгархаг газар бүхий өвөрмөц экосистем бүхий нутгийн хамгаалал, менежментэд чухал ахиц гарах юм.

Хурх-Хүйтэний хөндийд олон улсын хэмжээнд ховордож буй олон зүйлийн тогоруу болон усны шувууд тогтмол нутаглах бөгөөд Рамсарын конвенцид бүртгэлтэй олон улсын өндөр ач холбогдолтой ус намгархаг газар байдаг. Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгойн хэт өсөлтийн улмаас нуур, намаг ширгэх, шувуудын үүр өндгийг бод мал, гэрийн нохой сүйтгэх гээд хэд хэдэн тулгамдсан асуудлууд гарч байна. Эдгээрийг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн иргэд, удирдлагатай хамтран ажиллах шаардлагатай байгаа юм.

Гэрээнд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, Аймгийн БОАЖЯГ-ын дарга Б.Дархантөр, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумдын Засаг дарга нар, мөн Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал Б.Нямбаяр нар гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top