Энэ сарын 28-нд “СИНДРОМ” арт шоу болно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

“Улаанбаатар” дүрслэх урлагийн студи болон Төрийн шагналт,  Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг дизайны "АНИМА" сургууль хамтран “Синдром” арт шоуг ирэх есдүгээр сарын 28-нд 15:00 болон 19:00 цагт "Корпорейт Конвеншн центерт"-т зохион байгуулах гэж байна.

Тус арт шоу нь дэлхийн урлагийн түүх, алдарт уран бүтээлчид, тэдний уран бүтээлийг таниулан сурталчлах, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

XIX зууны хоёрдугаар хагасаас XX зууны дунд хүртэл дэлхийн соёл урлагийн түүхэнд үүссэн олон урсгал чиглэлүүдийг нэгтгэн Модернизм гэж нэрийдэх болсон. Энэ нь зөвхөн утга зохиол, хөгжим, дүрслэх урлаг, соёлын салбарыг хамраад зогсохгүй хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээнд хувьсгал авчирсан түүхэн үзэгдэл болсон билээ.

"Синдром" арт шоу нь модернизмын төлөөлөгчдийг олон нийтэд сонирхолтой лекц болон урлагийн хөтөлбөрүүдээр танилцуулах зорилготой соён гэгээрлийн үйл ажиллагаа юм. Энэ удаад танилцуулах модернизмын төлөөлөгч гурван уран бүтээлч бол алдарт Пабло Пикассо, Марк Шагал болон Анри Матисс байх аж. 

Тэдний намтар түүх, бүтээлүүдийн тухай лекцийг ОХУ-ын ‘’Илья Репины нэрэмжит Дүрслэх Урлагийн Академи’’-ын доктрант, урлаг судлаач М.Аминаа медиа арт бүтээлтэй хослуулан танилцуулна.

Мөн модернизм чиглэлээр бүтээлээ туурвиж буй Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Анри Матиссын уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн модерн бүжиг, Пабло Пикассогын уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн бүжигчин Н.Баярбаатарын контемпорари бүжиг, уран бүтээлч Я.Булганы өрөг бүтээл, уран бүтээлч Ц.Даваажаргалын саунд арт бүтээлийг ‘’Синдром’’ арт шоугаар толилуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top