"Бүс ба Зам"-ын зээлүүд ба Өрийн дарамтад өртөх ЭРСДЭЛ

2022 оны 09 сарын 06

БНХАУ-ын зүгээс 2013 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” санаачилга нь дэлхийн хэмжээнд өмнө нь хийгдээгүй  их мөнгөн дүнтэй, их хэмжээний газар нутгийг хамарсан глобал стратеги гэдгийг судлаачид тодотгож буй юм.  Түүнчлэн хөрш орны зүгээс санаачлан хэрэгжүүлж буй энэ том санаачилгын хүрээнд  Монгол Улсад ямар боломжууд гарч ирэх вэ,  мөн ямар эрсдэлүүд тулгарч болох вэ гэдэг нь анхаарал татсан сэдэв.

Тэгвэл уг санаачилгын хүрээнд хэрэгжиж буй болон хэрэгжихээр төлөвлөгдсөн Монгол Улсад хамаарал бүхий төслүүдийн манай улсад үзүүлэх нөлөөллийн талаарх судалгааг доктор Д.Төмөрпүрэвээр ахлуулсан баг хийж гүйцэтгэсэн байна. Судлаачдын онцолсон өнцгүүдээс тодотгоход, Монгол Улсын хувьд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд геополитикийн тэнцвэрээ хадгалахын сацуу бодлогын хүрээнд оновчтой оролцох, зохицуулах шаардлагатай чухал асуудлууд бийг хөндсөн байгаа юм.

Вашингтонд төвтэй “Дэлхийн хөгжлийн төв” судалгааны байгууллагаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар уг санаачилгын хүрээнд хэрэгжих дэд бүтцийн бүтээн байгуулалтуудтай холбоотойгоор нэмж өр тавьсны улмаас 23 улс өрийн хямралд нэрвэгдэх эрсдэлтэй гэжээ. Тэдгээр 8 орныг илүү өндөр эрсдэлтэй гэж үзсэний нэг нь Монгол Улс байгаа юм. Нэг ёсондоо,  “Бүс ба Зам” санаачилгын өндөр өртөгтэй дэд бүтцийн төслүүд нь Монгол Улсыг хэт их зээлийн эрсдэлд оруулж, улмаар БНХАУ-аас хараат байх нөхцөлийг гүнзгийрүүлж болзошгүйг судлаачид дурдсан байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2021 оны 10 дугаар сард УИХ-д өрийн талаар танилцуулахдаа "...Өрийг боломж болгож ашиглах гарц, гаргалгаа, хувилбар юу байгааг судалж байна. Ялангуяа хоёр хөрштэйгөө дунд нь эдийн засгийн коридор байгуулах, өмнө нь Монгол Улсаас санаачилж байсан "Талын зам" хөтөлбөрийн хүрээнд энэ эх үүсвэрийг ашиглаад "Бүс ба Зам" гээд санаачилгуудыг энэ хөрөнгөөр бий болгоод илүү их урт хугацаанд төлөхөөр хөрөнгө оруулалт болгох хувилбар юу байна гэдэг саналыг Хятадын Ардын банк болон энд байгаа Элчин сайдаар дамжуулж, ГХЯ-нд тавьчихаад явж байна" хэмээн мэдэгдсэн байдаг.

Харин судлаачдын зүгээс үүнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ “Хятад-Монгол-Оросын хооронд төлөвлөсөн эдийн засгийн коридор урт хугацаанд амжилттай хэрэгжих эсэхийг тодорхойлоход эрт байна. “Бүс ба Зам” санаачилгын төслүүдийн үр дүн нь бүс нутаг, дэлхийн улс орнуудын хэмжээнд ихээхэн үр дагавар авч ирж байгаа.

Ерөнхийдөө “Бүс ба Зам” санаачилгын төслүүд нь Монгол Улсын хувьд боломж, бэрхшээлийг хоёуланг нь агуулж байна. БНХАУ “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд урт хугацаанд Ази болон Европын хооронд орших худалдааны маршрутуудын дагуу 4-өөс 8 их наяд ам.долларын өртөг бүхий дэд бүтэц барьж байгуулахыг зорьж байгаа. Гэхдээ энэ төслийн санхүүжилт нь Хятадын аж ахуйн нэгжүүд болон БНХАУ-ын төрөөс ихээхэн хамаарна гэсэн үг юм” гээд эхэнд дурдсанчлан Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгын улмаас өрийн дарамтад өртөх эрсдэл өндөртэй орнуудын тоонд  багтсан гэдгийг сануулж байна.

Тухайлбал, “Бүс ба Зам” санаачилгын хэрэгжилттэй холбогдон эдийн засгийн хүч чадал буурай орнууд хэт их өрийн дарамт буюу “өрийн хавх”-нд орох магадлалтай гэж зарим судлаач үзэж байгаа бөгөөд эдгээр орны тоонд Монгол Улс багтаж байгаа нь яах аргагүй анхаарал хандуулах зүйл юм. Өрийн дарамт, хавханд орохгүй байхын тулд “Бүс ба Зам” санаачилгад хамрагдахдаа гадаад өрийн талаарх бодлогыг дотоодын эдийн засгийн бодлоготой нягт уялдуулах шаардлагатайг анхааруулж буй. Мөн өрийн дарамтаас үүдэн зарим улс зээлийн эргэн төлөлтөнд газар нутгаа алдсан тохиолдол гарсан нь “өрийн хавх” ямар хэмжээний эрсдэл авчрахыг харуулж байна. Тиймээс шинээр зээл авахад үүсэх төлбөрийн нөхцөл, зээлийн хүүгээс гадна зээлийн барьцаа, баталгааг онцгой анхаарах нь зүйтэйг сануулж буй юм.

Судалгааны мэдээллээс эшлэн хүргэхэд, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд бүс нутгийн орнууд руу чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын урсгал 2013-2017 онд 80.7 тэрбум ам.долларт хүрчээ. Сүүлийн үеийн тайлан мэдээллээр, БНХАУ-ын зүгээс дангаараа  хийсэн хөрөнгө оруулалт  2020 онд  нийтдээ 47 орчим тэрбум ам.доллар болсон байна.  Гэхдээ энэ нь 2019 оны хөрөнгө оруулалтаас 54 хувиар буурсан бол “Бүс ба Зам”-ын хөрөнгө оруулалтын оргил үе болох 2015 оныхоос 78 орчим тэрбум ам.доллароор буурсан үзүүлэлт болжээ.  

2021 оны байдлаар “Бүс ба Зам”-ын гишүүн орнуудад хийсэн банк санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 7 тэрбум 430 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.8 хувиар нэмэгджээ. Хэрэгжих төслүүдийн нийт хөрөнгө оруулалт 46 тэрбум 490 сая ам.долларт хүрч, 30 тэрбум 800 сая ам.долларын төсөл одоогоор хэрэгжээд байна.

“Бүс ба Зам” санаачилга нь одоогоор “Торгоны замын эдийн засгийн бүс”, “21-р зууны далайн торгоны замын бүс” гэсэн хоёр чиглэлээр санаачилгад багтсан улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нөөц баялгийг чөлөөтэй тээвэрлэх буюу нэвтрүүлэх зорилготой хөгжлийн стратеги болон өргөжиж буй аж. Санаачилгын хүрээнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ) байгуулагдаж, бүс нутгийн олон оронд томоохон төслүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.

Монгол Улс энэ санаачилгад нэгдэн зарим төслийг хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээр байгуулан санхүүжилт авах ажлууд хийгдэж байгаа талаар зарим төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгддэг боловч энэ хүрээнд манай улсад санхүүжүүлэх төслүүд болон зээл, тусламжийн мэдээллийн нээлттэй байдал сул байна гэж судлаачид үзэж буй юм. Тиймээс ч уг судалгааг хийж, гүйцэтгэжээ.

Судлаачдын зүгээс Монгол Улсын цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, санхүүжилт зэрэг асуудлыг ул суурьтай тодорхойлоход чухал ач холбогдолтой хэмээн үзэж уг санаачилгын мөн чанарыг судалж, дүгнэлт гаргахыг эрмэлзжээ. Тухайлбал, “Бүс ба Зам” нь санаачилга, бодлого, төсөл, хөтөлбөр, стратегийн аль нь болох; тухайлан хариуцаж буй байгууллага байгаа эсэх; санаачилга бүхэлдээ ач холбогдолтой эсэх; тодорхой төсөв, бодлоготой эсэх; санаачилга бүхэлдээ хэрхэн, ямар байдлаар ажилладаг зэрэг асуудлыг судалгаандаа хамруулжээ.

Судалгааны хүрээнд “Бүс ба Зам” санаачилгад Монгол Улс оролцсоноор учирч болох эрсдэл, бэрхшээл сорилтыг хэрхэн бууруулах талаар зөвлөмж боловсруулжээ.  Тухайлбал, манай улсын хувьд уг санаачилгын засаглал, тогтолцоо, хууль эрх зүйн орчин нөхцөлийг сайтар судалж ойлгох, ялангуяа БНХАУ-ын төрийн бодлого, стратеги, хууль эрх зүйн орчныг нарийвчлан судлах, бүс нутгийн болон дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг нухацтай үнэлэн, ирээдүйн чиг хандлагыг сайтар судалж байж, эдгээр төсөлд бэлтгэлтэй оролцох зайлшгүй шаардлагатай талаар судлаачид зөвлөжээ. Мөн геополитикийн хүчин зүйлээс гадна манай улсын макро эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйлүүд, ялангуяа өрийн тогтвортой байдлыг сайтар харгалзаж үзэх шаардлагатай талаар зөвлөмжид дурджээ.

Монгол Улс энэ санаачилгад нэгдэн зарим төслийг хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээр байгуулан санхүүжилт авах ажлууд хийгдэж байгаа тул сайтар нарийвчлан судалсан байх шаардлага тулгарч байгааг онцолсон байна.

Гэхдээ БНХАУ-аас Монгол Улсад санхүүжүүлэх төслүүд, зээл, тусламжийг “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамруулахаасаа илүү хоёр талт хамтын ажиллагааны гэрээ, тусламжид хамаатуулан ойлгож болохоор байгаа нь энэ талаарх мэдээлэл бага, ерөнхийдөө нээлттэй биш байгааг харуулж байна. АДБХОБ-ны цахим хуудас, гадаад, дотоод зарим эх сурвалжаас харахад “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Монгол Улс нийгмийн кредит онооны системд нэгдэн, царай таних камержуулалт ашиглахаас гадна төмөр зам, харилцаа холбоо, эрчим хүчний төслүүдэд зээл, тусламж авах тухай мэдээлэл хомс олдоно. Эдийн засгийн коридортой холбоотой ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтаас Монгол Улсад хэрэгжүүлэх 32 төсөл санал болгосон боловч хэрэгжилт нь төдий л сайнгүй байгаа гэж судалгаанд дурджээ.

Бусад улсад тохиолдож буй бэрхшээлтэй асуудлуудыг сайн судалж, холбогдох гэрээ конвенц, БНХАУ-ын хууль тогтоомж, уг санаачилгын засаглалын онцлогийг ойлгон, бэлтгэл сайтай оролцвол “Бүс ба Зам”, АДБХОБ-ны санхүүжилтээр манай улсад хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн төслүүд нь зорилтот сайн үр дүнг үзүүлэх магадлалтай. Гэхдээ дэд бүтцийн томоохон, мега төслүүд нь зарим талаар гадаад хүчин зүйлээс ихээхэн хамаарахаас гадна улсын төсөв санхүү, зээлийн асуудал, гуравдагч хөршийн бодлого, нийгэм, хүний эрхийн асуудалд ч мөн тодорхой нөлөө үзүүлэхийг тооцох хэрэгтэй...

Монгол Улс 1990 онд олон намын тогтолцоотой, олон ургальч үзэлтэй, ардчилсан нийгэмд шилжих чухал алхмууд хийсэн. 1992 оны шинэ Үндсэн хуулиараа Монгол Улс хоёр хөрш оронтойгоо тэнцвэртэй харилцаа тогтоон гадаад бодлогоо үргэлжлүүлэх, олон улсын шинэ чиг баримжаа олгох шинэ тогтолцоо бий болгохыг тунхагласан. Манай улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай явсаар ирсэн бөгөөд мөн "Гуравдагч хөрш"-ийн гадаад бодлогыг баримталдаг. Мөн XXI зууны геополитикийн бодит байдал өөрчлөгдөж буйтай холбогдуулан Монгол Улс АНУ, Япон, Герман, Өмнөд Солонгос зэрэг бусад улстай харилцаагаа өргөжүүлж байна. Ялангуяа Монголын ашигт малтмалын нөөц гадаадын хөрөнгө оруулалт татаад зогсохгүй тэдгээр улстай харилцаагаа өргөжүүлэх боломж бүрдүүлсэн юм. "Гуравдагч хөрш"-ийн дунд АНУ манай хоёр хөрштэйгөө харилцах харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд Монгол Улсын хувьд БНХАУ, АНУ-ын хооронд өрнөж буй геополитик, гео-эдийн засгийн өрсөлдөөнд анхаарал, болгоомжтой хандах ёстой. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга болон АНУ-ын "Чөлөөтэй, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс" хөтөлбөрүүд, тэдний хоорондын өрсөлдөөн нь Монгол Улсад чухал ач холбогдолтой гэж энэ хоёр орны зүгээс үзэж байгаа учраас Монголд ихээхэн нөлөөлөх магадлалтай  гэдэгтэй бид санал нийлж байна. Үүнийг харгалзан үзвэл том гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн манай улсад тодорхой байдлаар нөлөөлж болзошгүй тул бид туйлын уян хатан бодлого баримтлах шаардлагатай болно гэсэн үг.

Хэдийгээр Монгол Улс нь АНУ, Япон, Энэтхэг зэрэг бусад орон руу хандсан “гуравдагч хөрш”-ийн бодлого баримталдаг ч хөрш орон болох ОХУ, БНХАУ-тай эдийн засаг, улс төрийн нягт холбоотой хэвээр байх болно. Иймд Монгол Улсын хувьд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд геополитикийн тэнцвэрээ хадгалахын зэрэгцээ эдгээр бүх хүчин зүйлийг оновчтой зохицуулах нь амин чухал асуудал хэмээн судалгаанд дурджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.69.3) 2022 оны 09 сарын 07

юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй эхлээд гаргаж байсан санаагаа дараа дараачийн өгүүлбэрүүдэд өөрчлөөд эсрэг утгатай болгоод яваад өгөх ийм юм бичиж суух ч гэждээ.энэ хүн бичсэн зүйлээ өөрөө огт ойлгоогүй л бололтой хүнээр бичүүлээд өөрөө засаад жинхэнэ цөцгий давирхай хоёрын хольц болгоод бидэнд ид гэж өгчээ

0  |  0
Top