Төрмөнхийн Мөнхзул шатрын ИХ МАСТЕР цолны болзол хангалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Хэнтий аймгийн уугуул, Үндэсний шигшээ багийн тамирчин, "Кайсса" клубын тамирчин, шатрын спортын Олон Улсын мастер Төрмөнхийн Мөнхзул эмэгтэйчүүдийн Их мастер цолны 3 дахь нормоо энэ өдрүүдэд Энэтхэгийн Ченнайд болж буй ФИДЕ-ийн 44 дэх удаагийн шатрын олимпиадын үеэр биелүүллээ. 

Т.Мөнхзулыг багаас нь шатрын спорт руу хөтлөн оруулж, өдийг хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж буй хүн нь түүний аав, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх билээ. 

Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан ба энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэхь цорын ганц тивийн чанартай медалиар нэрлэгдэж байна. 

Тэрбээр 20 насандаа Монголын шатрын түүхэн дэх эмэгтэйчүүдийн долоо дахь Их мастер цолтноор тодорч байна. 

ФИДЕ-ийн 44 дэх удаагийн шатрын олимпиадын мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top