АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг ШҮҮХ ХУРАЛ хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 01

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болохоор товлогдсон ч хойшиллоо.

Тодруулбал, шүүгдэгч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг наймдугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан боловч хохирогчийн өмгөөлөгч Э.Туулаас “...Ковид-19 өвчний халдвар авч эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг мөн улсын яллагчаас “...Шүүх хуралдаанд хохирогч Монгол Ардын намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах...” тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг наймдугаар сарын 17-ны өдрийн 11.00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.

Түүнчлэн дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Сануулахад, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалангийн гомдлоор “МАН-ын нэр хүндэд халдсан” эсэхийг  цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top