Наадмын өдрүүдээр бага зэргийн хур тунадас орно

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Э.Намуунбайгалаас энэ сарын цаг агаарыг байдлыг тодрууллаа.


-Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ?

-Долоодугаар сарын дундаж температур ОЖД (олон жилийн дундаж)-аар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8-14 хэм, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20-26 хэм, бусад нутгаар 14-20 хэмийн дулаан байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсэг болон Архангайн ихэнх нутгаар 70-100 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр 0-30 мм, бусад нутгаар 30-70 мм бороо орох төлөвтэй байгаа.

-Бүс нутгаар долоодугаар сарын цаг агаа­рын төлөв, хур тунадас ямар байх вэ?

-Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд, Ховдын зүүн хойд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Баянхонгорын зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД-аас 1-2 хэмээр дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн үе, гуравдугаар арав хоногийг сүүлчээр ОЖД–аас 1-2 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Архангай, Төвийн ихэнх хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн зүүн хагаст ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД-аас 1-2 хэмээр дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн баруун хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2 хэмээр хүйтэн байна. Хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох магадлалтай байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Сүхбаатарын өмнөд хэсгээр хур тунадас ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2 хэмээр дулаан байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ОЖД-аас 1-2 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Говийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан хур тунадас Өмнөговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн өмнөд болон хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2 хэмээр дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ОЖД-аас 1-2 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

-Наадмын өдрүүдээр цаг агаарын төлөв ямар байх вэ?

-Наадмын өдрүүдэд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар дулаан байх боловч хур тунадас орох төлөв гарсан. Наадмын дараа 15-20-ны өдөр хүртэл дулаан байх төлөвтэй байна. Харин сарын сүүлээр сэрүүсэх төлөв ажиглагдсан.

-Аялал, зугаалгаар явж буй иргэдэд цаг агаарын сэрэмжлүүлэг өгнө үү?

-Долоодугаар сард зүүн болон говийн аймгуудын нутгаар агаарын температур ОЖД-аас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Үүнтэй холбоотой хэт халалт, гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байгаа юм. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top