Хот, хөдөөг дүүргэсэн хууль бус алба хаагчдаа хэзээ цэгцлэх вэ, Б.Баатарзориг дарга аа

2022 оны 06 сарын 17

Нэр бүхий таван гишүүн төрд шударга ёс тогтооно хэмээн  өдгөөгөөс таван жилийн өмнө хөхөө өвлийн хүйтнээр төв талбайд иргэдийг цуглуулж байв. Энэ цагаас хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Гэвч нөхцөл байдал хэвээр байгааг /ТАЗ/ Төрийн албаны зөвлөл хэрхэн ажилладагаас харж болно. Тухайн үед  шударга ёс тогтоохоор даарч зогссон нөхдийн нэг нь Гүйцэтгэх засаглалын тэргүүн, нэг нь сайд, нөгөө нь УИХ-ын дэд даргаар ажиллаж, хоёр нь сураг алсарчээ.

Төрийн алба хаагчийн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн томилгоо эмх замбараагаа алдсан  байхад үүнийг зохицуулах үүрэг хүлээсэн Б.Баатарзориг даргатай ТАЗ яагаад ажлаа хийхгүй байгаа юм. Төрийн албыг төрлийн хэлхээ болгож, хууль бус томилгоо үүрлэсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлаг, газар олон бий. Энэ байдал цааш  орон нутагт халдварлажээ.

Тухайлбал, Говь-Алтай аймагт 2016-2017 онд төрийн 110 албан хаагчийг халж, оронд нь томилсон хүмүүс төрийн албаны шаардлага хангаагүйг баримтаар нотлон хүргүүлж байхад ТАЗ чимээгүй сууна.  Өмнөговь аймаг ч  энэ тал дээр цээжинд явна. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Амартөгс нь орон нутаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн даргын албыг давхар хашиж, төрийн албанд томилогдож байгаа алба хаагчдыг албанд тэнцэх эсэхийг нягталж байх үүрэг хүлээсэн хүн. Гэтэл тус аймгийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, газрын даргаасаа эхлээд мэргэжилтэн хүртэл хууль бус томилгоогоор дүүрснийг орон нутгаас бидэнд мэдээлсэн.

Тамгын газрын дарга Ц.Амартөгс нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлага хангахгүй нөхдийг ажилд томилдог төдийгүй “Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор шаардлага хангаагүй” хэмээн ажлаас нь чөлөөлж, хуульд нийцүүлсэн болж харагдчихаад маргааш, нөгөөдөр нь өөр ажилд эргүүлэн томилдог жишиг тогтоосон аж. Жишээ нь, Орон нутгийн өмчийн харилцааны газрын даргаар Б.Гантулга гэх нөхөр томилогдсон нь Засаг даргатай нь төрөл садангийн холбоотой гэх мэтээр “Ургийн мод” цааш үргэлжилнэ.

Хамгийн хачирхалтай нь Өмнөговь аймагт бол газар, хэлтэс, албаны даргаасаа эхлээд мэргэжилтнүүд нь хүртэл багаараа төрийн албанд хууль бусаар ажиллаж байгаа нь урьд өмнө үзэгдэж байгаагүй зүйл. Тухайлбал, тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга нь ИТХ-д АН-аас сонгогдсон Э.Өлзийжаргал  бол  С.Одонтуяа, Г.Ууганцэцэг, Б.Гантулга нарын  мэргэжилтнүүд нь  гурвуулаа Төрийн албаны шалгуурт тэнцээгүй, хууль бус нөхдүүд байгааг дуулгаж байсан.  

Дээр өгүүлсэнчлэн агентлаг,  газарт шургалсан хууль бус нөхөд дүүрэн бий. Тэдний нэг нь  Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн юм. Түүнийг  2016 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Шадар сайдын 103 тоот тушаалаар Стандарт хэмжил зүйн дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр  томилсон байдаг. Ийнхүү дэд даргын түр орлон гүйцэтгэгчийг жинхэнэ албанд томилоогүй байж 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 131 тоот тогтоолоор Б.Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Төрийн албаны тухай хуульд нийцүүлж жинхлэх нь байтугай тушаал дэвшүүлсэн ноцтой баримт хүртэл бий. Мөн 2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоол гарган, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал түр даргын албыг гүйцэтгэх хугацааг хууль бусаар сунгасан ч өнөөдрийг хүртэл зургаа дахь жилдээ тушаал дэвшин ажиллаж байгааг завхрал гэхээс өөрөөр  тайлбарлах аргагүй. Өдгөө Шадар сайд энэ байдлыг анхаарч, арга хэмжээ авах байх гэж салбарынхан найдаж байгаа ч чимээ алга. Анхнаасаа Б.Билгүүнийг томилсон байдал хууль бус байгаагийн зэрэгцээ тав, зургаан жил түр орлон гүйцэтгэгчээр тушаал дэвшин ажиллаж байгааг юу гэх вэ.

Гэтэл  Төрийн албаны зөвлөлөөс тогтоолын дагуу гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга, есөн агентлагийн даргыг нэрлэсэн хэрнээ тав, зургаан жил Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Б.Билгүүний нэрийг оруулж ирээгүйн цаана юу байв. Энэ мэт Төрийн албан хаагчийн хууль зөрчихөөс эхлээд олон тушаал шийдвэр зөрчин ажиллаж байгаа алба хаагчид хот, хөдөөгүй дүүрэн байхад  ТАЗ ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгааг УИХ, Засгийн газрын түвшинд анхаарахгүй бол хот хөдөөгүй завхрал бий боллоо.

С.Данзан

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өм.(192.82.78.38) 2022 оны 06 сарын 17

боэтөвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч түвшинзул гэгчийг шалга.өм аймгийн дарга сэддорж гэгч үнэхээр ажилаа хийж чадахгүй байна.огцоруулж өөр хүн тавъя .

0  |  0
Top