Ерөнхий сайд Өмнөговьд тулгарсан 12 асуудлыг газар дээр нь шийдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022-05-27/ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд аймгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхийн болон улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн өнөөгийн хүндрэлтэй байдал, бодит шалтгаан, үүнийг даван туулах зорилгоор Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын зорилтууд, тэр дундаа тус аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэхдээ Өмнөговь аймагт удахгүй ашиглалтад оруулах гэж байгаа төмөр замын бүтээн байгуулалтууд, эрчим хүчний салбарт эхлүүлэх Тавантолгой цахилгаан станц, мөн Оюу толгой, Таван толгойн ордуудын ашигт малтмалын экспортын тээврийн гол боомтуудын өнөөгийн явцыг дурдаад аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн ач холбогдол, иргэдэд хүрэх үр өгөөжийг онцолж ярилаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ойрын 4-5 жилийн хугацаанд үр дүн гарч эхэлнэ. Орон нутгийн иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа юу юунаас чухал гэлээ. Өмнөговь аймгийн хувьд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг. Үүний гол хэсэг нь уул уурхай, түүнийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ, хилийн боомтуудыг түшиглэсэн авто болон төмөр замын тээврийн салбартай шууд холбоотой байдаг. Оюу толгой, Таван толгой чухал ч гэсэн оюунтай толгой Монгол Улсад илүү хэрэгтэй.  Хамгийн түрүүнд иргэнээ бодсон бодлого хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд онцлов.
 

 
Уулзалтын төгсгөлд Өмнөговь аймгийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлын талаар иргэдийн санал, хүсэлт нэг бүрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нар сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Тухайлбал, үг хэлсэн 70 орчим иргэний зүгээс Өмнөговь аймагт уул уурхайн лиценз нэмж олгохгүй байх, усны нөөцийн асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын чадавхийг сайжруулах, аймгийн хэмжээнд хавдар, шүдний өвчлөл иргэдийн дунд их байгаа. Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн авто замын засварыг чанартай хийлгэх, нүүрсний шороон замын тээврийг зогсоох ёстой,  Өмнөговь аймагт ч МАНАН бүлэглэл бий болж "Нүүрс" нам байгуулаад удаж байгаа зэрэг асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсаж байлаа.

Иргэдийн санал, хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан дэл уулын боомт байгуулах тухай Засгийн газрын 2014 оны 46-р тогтоолыг түр түдгэлзүүлж, асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаа мэдэгдлээ.

Түүнчлэн Өмнөговь аймагт тулгамдсан асуудлуудыг иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлж,  хамгийн олон санал авсан Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар, Даланзадгад суманд ДЦС барих ажлын зураг, төсвийн зардал болон Даланзадгад-Гурвантэс чиглэлийн автозамын эхний 80 км-ыг хатуу хучилттай болгох хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах, Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулах, аймгийн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй 4С болгох зэрэг 12 томоохон асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
 


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ЭРЭМБЭЛСЭН 12 АЖЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО

1. Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай зам тавих асуудал иргэдээс ирүүлсэн саналын 74,7 хувиар хамгийн эхэнд эрэмбэлэгджээ. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн удирдлагуудад даалгасан. Иймд уг асуудлыг шийдвэрлэсэнд тооцож болно гэж Ерөнхий сайд тайлбарлалаа. 

2. Даланзадгад суманд дулааны цахилгаан станц барих тусгагджээ. Уг асуудлыг Өмнөговь аймагт ирэхээс өмнө Эрчим хүчний сайдаас тодруулахад Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орох үед эрчим хүчний асуудал шийдэгдэнэ гэж мэдэгдсэн гэлээ. 

3. Даланзадгад-Гурвантэс чиглэлд хатуу хучилттай зам тавих асуудал байна. Энэ чиглэлд 160 км зам тавих шаардлагатай ба 80 км замын төсвийг 2023 оны улсын төсвөөс гаргахаар болж, 80 км замын төсвийг Өмнөговь аймаг өөрийн төсвөөр тавихаар болов. 

4. Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургууль барихыг дэмжлээ. 

5. Газрын доорх ус, гадаргын усыг хослуулан хэрэгжүүлэх "Хөх морь" төслийг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлэв. Говийн аймаг усжих асуудал туйлын чухал тул Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, тус аймгийн намын хорооны дарга Х.Мандахбаяр нарыг Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулж, говийг усжуулахтай холбоотой гурван ТЭЗҮ-ээс аль боломжтойг нь судалж, Засгийн газарт танилцуулах чиглэл өглөө. 

6. Ажлын байр нэмэгдүүлж, ЖДҮ-ийг дэмжих залуусын "Start up" оффис байгуулах. Ийм төв зайлшгүй хэрэгтэй гэж үзвэл зураг төслөө гаргах хэрэгтэйг Ерөнхий сайд санууллаа. 

7. Үйлдвэрлэл хөгжих дэд бүтэц, эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүхий Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахыг дэмжлээ. Өмнөговь аймгийн ажлын хэсэг ярих асуудал гэдгийг Ерөнхий сайд тодотгов. 

8. "Оюу хүлэмж" төсөл хэрэгжүүлж, газар тариалан эрхлэгчдийг дэмжих асуудлыг судалж үзэхээ мэдэгдэв. 

9. Даланзадгад хотод олон улсын нисэх буудал барихыг дэмжлээ. Нисэх буудлын зэрэглэлийг 4С ангилалд шилжүүлэхийн тулд 78 тэрбум төгрөг шаардлагатай. 2023 оны улсын төсөв дээр хөрөнгө оруулалт тавьж өгнө гэдгээ Ерөнхий сайд мэдэгдэв.

10. Даланзадгад-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай зам тавих асуудлыг Ерөнхий сайд дэмжиж, ТЭЗҮ-ийг судлан, ирэх оны төсөв хэлэлцэх үед ярихаар болов. 

11. Булган суманд ойн хэрэм байгуулахыг дэмжиж, Байгаль орчны сайд энэ тухай судлан, хоёр хөршөөс хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллах боломжтойг тэмдэглэв. 

12. Мэдээлэл, харилцаа холбооны Дата төв байгуулахыг дэмжиж, судалж үзэхээр болов. 
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bidon(66.181.161.85) 2022 оны 05 сарын 28

Dongio danh

0  |  0
зочин(124.158.66.240) 2022 оны 05 сарын 28

Өмнөговьд АН ялж аймгийн дарга гэж нэг мануухай хулгай хийх боломжоо хүлээн суухаас өөр юу хийхэвдээ мэдээж

0  |  0
Шинэ Монгол(211.217.43.21) 2022 оны 05 сарын 28

ЕС нь очоод газар дээр нь шийдэж байна гэдэг нь доогуур шийдэх ёстой хүмүүст эрх мэдэл нь хүрэхгүй байна, эсхүл хээл хахуул хараад сууж байна, эсхүл ажлаа мэдэхгүй байна.

1  |  0
Зангараа(202.179.25.77) 2022 оны 05 сарын 28

Өмнөговийн засаг дарга юу хийж байсан бэ тийм олон асуудлыг шийдэхгүй сууж байдаг. Уг этгээдийг шалгаж зайлуулах хэрэгтэй. Асуудал шийддэг эх орончдыг ажиллуулах цаг ирсэн байна.

1  |  0
Дон (59.153.112.72) 2022 оны 05 сарын 27

Сайхан шааж өгч дээ. Муужруулдаг түлш гээч юм хийх гэж байна гэж нэг ажлаа нөгөөгөөр нь эвдэн сүйтгэж ажил хийсэн болоод яахав . Төсвийн мөнгө уйлдгийг мэдэрнээ

0  |  0
Top