Өмнөговь аймгийн 150 залууг "Royal" Олон Улсын их сургуульд тэтгэлгээр суралцуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Өмнөговь аймгийн МАН-ын хороо "Royal" Олон Улсын их сургуультай хамтран "Бакалавр-100", "Магистр-100" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд тус сургуульд  Өмнөговь аймгийн 100 залууг бакалавр, 50 залууг магистрын түвшинд суралцуулах юм.  

МАН-ын төдийгүй Өмнөговь аймгийн боловсон хүчний нөөцийг чадавхжуулах, боловсролын зэргийг дээшлүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн  50 хүнийг 75%-ийн тэтгэлэгтэйгээр магистрт, 100 залууг 70% тэтгэлэгтэйгээр бакалаврын зэрэг олгох юм. 

Өмнөговь аймгийн МАН-ын хорооноос санаачлан 2017 онд  "Royal" Олон Улсын их сургуультай хамтран “Магистр 100” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 50 иргэнийг магистрын түвшинд суралцуулж байжээ. Энэ үед хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 90 гаруй хувь нь одоо орон нутагтаа ажиллаж байгаа аж. 

Хөтөлбөрийн талаар Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр "Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо “Royal” Олон Улсын их сургуультай хамтраад “Магистр 100” хөтөлбөрийг 2017 онд санаачлан хэрэгжүүлж байлаа. Тухайн үед 50 оюутныг магистрт сургаж, боловсролын зэргийг нь дээшлүүлсэн. Харин энэ удаад дахин 50 оюутныг магистрт, нэмээд 100 залууг бакалаврын түвшинд сургахаар гэрээнд гарын үсэг зурлаа.

Орон нутгийн иргэд маань холоос ирж суралцах боломж хомс байдаг. Тиймээс ажлаа хийхийн зэрэгцээ суралцах боломжийг олгож буйгаар энэ хөтөлбөр онцлог юм.

"Магистр-100" хөтөлбөрөөр суралцах залуусын төлбөрийг “Royal” Олон Улсын их сургуулиас 50 хувь хөнгөлж байгаа. Мөн Өмнөговь аймгийн МАН-ын хороо үлдсэн төлбөрөөс нь 50 хувийн тэтгэлэг олгож байна. Тэгэхээр суралцагч өөрөө нийт төлбөрийн 25 хувийг л төлнө гэсэн үг. Ингээд 75 хувийн тэтгэлгээр суралцана гэдэг бол орон нутагт ажиллаж, амьдарч байгаа хүнд маш том боломж олгож байгаа юм.

Мөн “Бакалавр 100” хөтөлбөрийг бид хамтран хэрэгжүүлнэ. Энэ нь орон нутгийн 100 залууд төрийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх,, дээд боловсролыг чанартай эзэмшүүлэх хүрээнд танхимын болон онлайн хосолсон сургалт явуулах гэж байна. Танхимын сургалт нь орон нутагт болон Улаанбаатар хотод гэсэн байдлаар хоёр хуваагдаж орно" гэсэн юм. 

Мөн энэ үеэр "Royal" Олон Улсын их сургуулийн ерөнхий захирал Ч.Сэлэнгэ Өмнөговь аймгийн хамт олонтой дахин хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байгаагаа хэлж байсан юм. 

Тэрбээр "Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороотой маш чухал гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, орон нутгийн боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. 

Өмнөговь аймгийн МАН-ын хороо 4000 гаруй гишүүнтэй. Намын гишүүд дунд мэдлэг, боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй ч санхүүгийн нөөц бололцоогүйн улмаас сурч чадахгүй залуус олон байдаг аж. Тиймээс аймгийн МАН-ын хорооноос залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, чанартай боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллаж байгааг Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга Т.Алтансүх онцолж байсан юм. 

Тэрбээр "Боловсролд зарцуулсан 100 төгрөг эргээд 1000 төгрөг болдог гэж ярьдаг. Улс орны ирээдүйд боловсон хүчин маш чухал байна. Бид залуучуудаа мэдлэг боловсрол эзэмшихэд нь дэмжсэний үндсэн дээр  төрд ажиллуулах бололцоо, боломж нь бүрдэнэ. Ингээд тэд сурч, мэдсэн зүйлээ орон нутгийнхаа хөгжилд зарцуулах юм" гэлээ. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(192.82.65.64) 2022 оны 04 сарын 04

Buh hicheel ni angli hel deer ordog shu iim argaar oyutan elsuulsen ner zuuj daraa ni baahan diplomtoi hernee angil helgui nuhduud tugsuud surguuliin chini ner hund alga boloh baihda

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 01

24 оны сонгууль угтсан шоу л байна

0  |  0
Top