Монгол Улсын туршлагыг танилцууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас зохион байгуулсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийн явцад хяналт үнэлгээ хийх техникийн форум”-д ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа оролцлоо.

Тэрбээр Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийн явцад хяналт үнэлгээ хийх, гамшгийн шууд, бодит хохирлын мэдээллийг цуглуулах, бүртгэх тухай Монгол Улсын туршлага, ололт амжилт, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар илтгэл танилцуулсан юм.

Илтгэлд, төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ судалгаа, хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл” байгуулагдан ажиллаж байгаа нь  олон улсын баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Түүнчлэн ОБЕГ, Статистикийн үндэсний хорооны хамтарсан ажлын хэсэг боловсруулж, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 22 дугаар тушаалаар батлагдсан “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний маягт, заавар”-ын дагуу шууд, бодит хохирлын мэдээллийг цуглуулах, бүртгэх боломж сайжирсан хэдий ч тус үйл ажиллагааг цахим суурьтай болгох, бүртгэлийн маягтыг бүрдүүлэхэд оролцогч талуудын ойлголт, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сургаж бэлтгэх, мэдээлэл боловсруулах чиглэлээр бусад улс орнууд, олон улсын байгууллагатай хамтран ажиллах хэрэгцээ байгаа талаар онцоллоо.

 Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурлаас 2015 онд 187 улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг батлан 2030 он хүртэл хэрэгжүүлж байгаа билээ.

Тус баримт бичигт заасан гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн долоон зорилтыг хангах хүрээнд баримт бичгийн хэрэгжилтийн явцад хяналт үнэлгээ хийх үйл ажиллагааг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 2017 онд эхлүүлсэн .

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top