Америк цэргүүдийн дунд амиа хорлолт огцом нэмэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр болсон алан хядах ажиллагаанаас хойш амиа хорлосон цэргийн алба хаагч, ахмад дайчдын тоо өнгөрсөн хугацаанд Пентагоноос явуулсан цэргийн ажиллагаанд амиа алдсан цэргүүдийн тооноос дөрөв дахин давжээ.

Брауны их сургууль, Бостоны их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Costs of War” төслийн судлаачдын гаргасан тайлангаас үзвэл, есдүгээр сарын 11-ний аймшигт үйл явдлаас хойших хугацаанд тус улсын 30177 цэргийн алба хаагч болон терроризмтой тэмцэх дайнд оролцсон ахмад дайчин амиа хорлосон байна.  Өнгөрсөн хугацаанд Пентагоноос явуулсан цэргийн ажиллагаануудын үеэр нийт 7057 цэргийн алба хаагч амиа алджээ.

Судлаачдын багийн тэргүүн Томас Сьюттийн онцолсноор, амиа хорлолтын ийм өндөр төвшин цэргийн ажиллагаатай холбоотой олон хүчин зүйлсээс гадна бусад шалтгаанаас үүдэлтэй. Стресс, сэтгэл зүйн гэмтэл, зэвсэг эзэмших боломж, энгийн амьдралд эргэн ороход гарч буй хүндрэлүүд, тархины гэмтэл, цэргийн ажиллагааны үргэлжлэх хугацаа, Америкийн нийгмийн цэргийн ажиллагаанд хандах хандлага зэрэг хүчин зүйлс цэргийн алба хаагч, ахмад дайчдад амиа хорлоход нөлөөлж байна.

Түүнчлэн, АНУ-ын Засгийн газар болон нийгэм цэргийн ажиллагааны үеэр цэргийн алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирлыг даван туулах чадваргүй байгааг энэ статистик тоо харуулж байна гэж Сьютт онцолжээ.

Есдүгээр сарын 11-ний аймшигт үйл явдлын 20 жилийн ой ойртож буй энэ үед терроризмын эсрэг дэлхийн хэмжээний дайнд оролцсон цэргийн алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндөх шаардлага гарч ирэв. Энэ асуудал дайнд оролцсоны улмаас учирсан санхүүгийн алдагдлаас ч илүү чухал юм гэж судлаачид онцлон тэмдэглэсэн байна.

Пентагон болон Ахмад дайчдын яам цэргийн алба хаагчдын дунд амиа хорлох явдлын бууруулах зорилгоор хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч хамгийн үр дүнтэй алхам нь 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист ажиллагаанаас хойш эхлүүлсэн цэргийн мөргөлдөөнийг зогсоох явдал юм гэж судлаачид дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bb(172.58.45.254) 2021 оны 06 сарын 23

Ahmad daichid geheesee tsergiees halagdsan gevuul yasiin.

0  |  0
mm(103.229.120.32) 2021 оны 06 сарын 23

Zaawal iim yum oruulah hereg bdag yumu?

1  |  0
Top