Адууны нутаг, хурдны өлгий Сүхбаатарын уяачид айсуй наадамдаа бэлдэж эхэлжээ

2020 оны 12 сарын 22

“Наран мандах нутаг” буюу Сүхбаатар аймгийг зорин Улаанбаатар хотоос нар ургуулан манай сурвалжлах баг хөдөллөө.улс орон даяар цар тахлын түгшүүртэй хүнд хэцүү байгаа ч уншигч, үзэгч олон маань сайн сайхан, гэгээлэг зүйлсийг уншиж, үзэх хэрэгтэй. Тийм ч учраас бид бүхэн Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Ухнын Эрдэнэбилэгийнхийг зорьж яваа нь энэ. Замд гарахаасаа өмнө онцгой байдлын заавар, зөвлөмжийг даган ХӨСҮТ-д PCR шинжилгээгээ өгсөн. Хөдлөхийнхөө өмнөхөн очиж шинжилгээний хариугаа авах хүртэл санаа зовнил сэтгэлд хургаж байсныг нуух юу байхав. Сэтгүүлчид бид чинь цар тахлын үед хамгийн эрсдэлтэй газруудад ажиллаж байгаа цөөхөн салбарын нэг шүү дээ. Шинжилгээний хариу сөрөг гарсныг баталгаажуулсан бичгээ аваад замдаа гарлаа. Бидний жолоочоор С.Сайнтүшиг гэж хурдан моринд ухаангүй дуртай, өөрөө ч морь уядаг залуу явсан нь ярианы сэдэв монголчуудын өв уламжлал, хурдан морь, наадмын тухай байлаа. Тэгээд ч Сүхбаатар аймаг гэхээр хамгийн түрүүнд хурдан морь санаад буудаг болохоор аргагүй биз. Тус аймаг 1943 онд байгуулагдсан бөгөөд 82,3 мянган км квадрат газар нутагтай бөгөөд 320 гаруй мянган адуутай, унаган хүлэг нь улсын наадамд айрагдаагүй нэг ч сум байхгүй гэж ярьцгаадаг юм билээ. Энэ үг үнэн ч байж мэдэх. Учир нь сүүлийн жилүүдэд хурдан хурц болгон Сүхбаатар чигийн угшилтай хэмээн зарлагддаг болсон нь үүнийг нотолж байх шиг.

Цаг агаарын ойрын мэдээгээр Монгол орны газар нутгийн 65 хувь нь цасан бүрхүүлтэй, нилээд хэдэн аймаг зудын байдалтай байгаа аж. Харин Хэнтий, Сүхбаатар аймаг харьцангуй сайхан байгаа гэнэ. Энэ жилийн хувьд бороо хур эрт орж, сайхан зун болсон болохоор түүнийгээ дагаад ч өвөлжөө сайхан байгаа гэж зам зуурт таарсан хүмүүс хэлсэн нь сэтгэл сэргээнэ. Замын туршид хэд, хэдэн шалган нэвтрүүлэх газарт шинжилгээний бичгээ шалгуулж явсаар нар шингэхийн үед аймгийн төвд орж ирлээ. Шууд явсаар У.Эрдэнэбилэг гуайн аймгийн төв дэх гэрт очлоо. Тэрээр Дорнод аймаг руу малын тэжээлд явахаар бэлтгэж байсан ч биднийг очиж байгаа сургаар түр хойшлуулчихлаа гэсээр тоссон юм.

Удам дамжсан Уяач

У.Эрдэнэбилэг ахын аавыг Монгол Улсын Манлай уяач А.Ухна гэдгээр нь моринд хайртай ард түмэн андахгүй байх. Харин тэдний дээд удмынхан нутаг хошуундаа Амбуу овгийнхон хэмээн алдаршсан хурдан морьдтой, бяр тэнхээ ихтэй хүмүүс байж. Дарьгангын хошууны ах дүү их аварга Пил, Ишжамба гэж байсан нь эдний шууд хүмүүс юм байна. Адуу хүн хоёр удмаа дагадаг гэсэн яриа бий. Үүнийг үнэн гэдгийг батлах шиг Алдарт уяач У.Эрдэнэбилэг залуу цагтаа бас барилдаж сумын наадамд гурван ч удаа түрүүлж байжээ. А.Ухна гуайнх таван хүү, таван охинтой айл байж. Харин нэг хүү нь цэрэгт очоод зуурдаар бурхан болсон бөгөөд дөрвөн хүү нь эцгийн эрдмийг өвлөж бүгд уяач болжээ. У.Эрдэнэбилэг гуайн ах У.Гантөмөр, У.Гансүх, төрсөн дүү У.Адъяа нар бүгд аймгийн Алдарт уяач цолтой гэхээр яах аргагүй удам дамжсан их уяачид төдийгүй морьтны соёл, үндэсний их өвийг өнөө цагт хадгалан тээж, цааш үргэлжлүүлж байгаа буянтай хүмүүс аж. Мөн ах дүү нарын хүүхдүүд ч аймаг орондоо нэрээ дуурсгасан уяачид болжээ. У.Гансүх гуайн хүү Баадай ч мөн аймгийн Алдарт уяач цолтой. Харин У.Эрдэнэбилэг гуайнх гурван охинтой айл бөгөөд дунд охин Э.Ариунзаяа нь энэ жилийн улсын баяр наадмаар аймгийн Алдарт уяачийн болзол хангаж ховор сайхан амжилтын эзэн болжээ. Эмэгтэй хүн морь уяж, өндөр амжилт гаргасан нь маш цөөхөн байдаг бөгөөд Э.Ариунзаяа ч аймагтаа анхны тохиолдол болжээ. Ухаан орсон цагаасаа хойш аавыгаа дагаж морины дэргэд өссөн болохоор моринд ихэд дуртай, удмынхаа амжилтыг үргэлжлүүлж явах үүрэгтэй хэмээн тэрээр үзэж, хичээсээр яваа гэнэ.

У.Эрдэнэбилэг ах өнгөрсөн өвөл гэнэт бие нь өвдөж Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, хоёр охин нь донор болсон байна. Цартахлын ид үе таарсан болохоор Энэтхэг улсад хөл хорионд гэр бүлээрээ байж байгаад хавар тавдугаар сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж мөн л тусгаарлалтад байж байгаад нутагтаа наадмын өмнөхөн иржээ. Уяа морьдыг нь ах дүү, туслах уяачид нь ерөнхийд нь бэлдчихсэн байсан учраас өөрөө ирэнгүүтээ бага, сага ажил хийгээд Асгат суманд амжилттай сайхан наадаж, гурван түрүү, хоёр аман хүзүү хүртжээ. Гэр бүлийн хүн нь аймгийн сургуульд Биологийн багшаар ажилладаг Б.Нарантуяа гэж хоол, цай болсон сайхан зантай хүн байх. Том охин Э.Ууганцэцэг барилгын инженер мэргэжилтэй бол дунд охин Э.Ариунзаяа нь АШУҮИС-ийг эмч мэргэжлээр төгссөн бөгөөд одоо үргэлжлүүлэн сурч байгаа аж. Харин бага охин Э.Сэржмядаг энэ жил 11-р ангийн сурагч. Үүнийгээ сургууль, соёлыг нь төгсгөөд авбал төв суурин бараадах санаатай хэмээн У.Эрдэнэбилэг ах хуучилсан. Ингээд ойр зуурын сонин сайхан хуучилсаар орой болсон тул амарч хоноод маргааш нь хөдөө гэрийг нь зорихоор боллоо. Тэдний хөдөө гэр Баруун-Урт хотоосоо чанх урагшаа 30 орчим километр зайд өвөлжиж байгаа гэнэ.

Нар ээсэн сайхан өглөө хөдөө гэрийг зорин хөдөллөө. У.Эрдэнэбилэг гуай туслах уяач, малчин гээд нилээд хүнийг ажилтай, орлоготой байлгаж байгаа нэгэн аж. Эдгээр дээр нэмээд морь унаач хүүхдүүдээ ч цалинжуулдаг нь тэдний ар гэрт тодорхой тус дэм болдог гэсэн үг. Харин туслах малчин авч ажиллуулахад олон бэрхшээл байдаг гэнэ. Яг гэр бүлээрээ мал дээр ажиллах хүмүүс тэр бүр олдохгүй, олдсон ч хэдхэн сар болоод төв суурин бараадахаар явчихдаг. Сүүлийн үед хүмүүс амар хялбар аж төрөхийг чухалчилж байна. Уг нь “мал дагавал ам тосдоно” үнэхээр үнэн үг шүү дээ хэмээн ярьж байна лээ. Малчидаа сар бүр цалинжуулахаас гадна жилийн эцсээр өөрсдийнх нь нэр дээр мал тасалж өгдөг юм байна. Ингэснээр өдөр тутмын амьдралдаа санаа зовох зүйлгүйгээс гадна өөрсдийн гэсэн малтай болж байгаа нь үнэхээр давуу тал. Гэсэн хэдий ч тогтвор суурьшилтай ажиллах хүмүүс улам л ховор болоод байгаа гэх. Одоо малчин хийж байгаа хүмүүс нь Увс аймгийн гаралтай бөгөөд хөл хорионоос өмнө аавыгаа эргэхээр нутаг яваад одоогоор ирээгүй байгаа аж. Энэ мэтийг ярилцаж явах зуур тэгш сайхан талаар машин хурдалсаар нэг л мэдэхэд тэдний өвөлжөөнд ирлээ. Уяа морьд хөнгөрүүлэх ажлыг хийж байгаа бололтой уяа дүүрэн байх нь үнэхээр сайхан. Сүүлийн жилүүдэд наадмын бэлтгэлийг арваннэгдүгээр сар дуусгаад л эхэлдэг болсон гэнэ. Наадамд уях морьдоо унаж, эдлэн хөнгөрүүлээд тэжээлд оруулдаг байна. Гэрт орж цай ууцгаагаад нарны эртэд адуун дээр нь очихоор боллоо. Сүхбаатар нутаг үнэхээр л адуу маллаж, морь уралдуулж баймаар нутагсанж. Туслах уяачид, машин тэрэгтэй ах дүүстэй нь хамжиж байж арваад азарга адууг нэг дор бөөгнүүлж чадлаа. А.Ухна гуайн алдарт халиун азарга гэж байжээ. Уг азарга 1999 онд болсон Алтан-Овооны их наадамд түрүүлж байсан бөгөөд өнгөрсөн жил болсон монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдааны үеэр “Алтан азарга”-аар шалгаруулсан түмний эх билээ. энэхүү халиун азарганы зургаан төл улс, бүсийн наадамд дөрөв түрүүлж, дөрөв айрагдсан бол төлийн төл нь олон адуу улс, бүсийн чанартай уралдаанд түрүүлж, айрагдсан байна. Уралдахаасаа өмнө жижигхэн адуу харагддаг ч уралдаад ирэхээрээ их том болчихдог байсан гэнэ. А.Ухна гуай ач хүү Г.Баадайдаа нэгэн уралдаанд “Түрүүлсэн л гэж хэлэхээс хол тасархай түрүүллээ гэж ярьдаггүй юм шүү. Азарганыхаа амыг мэдэж яваарай” гэж захиж. Харин амыг татаастай хэвээрээ халиун азарга түрүүлж ирэхэд Г.Баадайн гар цэврүүтсэн байсан хэмээн хуучиллаа. Өдгөө халиун азарганы төл, төлийнх нь төл ч адуун сүргийнхээ манлай болон олон наадамд торгон жолоогоо өргүүлсээр байгаа аж. А.Ухна гуай морьдоо ер нь их сайн эдлэж, турааж байж наадамд уяж уралдуулдаг байж. Эцгээс өвлөсөн эрдмийнхээ дагуу ах дүү дөрөв одоо ч гэсэн морьдоо сайхан эдэлж байж уралдуулдаг гэнэ. Хэдийгээр тэнгэр цэлмэг ч намрын дунд сарын шинийн гурван болчихсон учраас цаанаа жиндүүхэн. Гэвч тал дүүрэн адууны дэргэд удам дамжсан уяач нартай морь ярьж суух нь сэтгэл сэргээнэ. Сүхбаатарт явагддаг нэгэн чухал наймаа бол хурдан морь. Нэгэн үе хурдан морьдын үнэ асар ихээр өсөж байсан ч эрлийз морьд олноор бий болсноор сүүлийн жилүүдэд монгол морьдын үнэ ханш нэгэн хэвэндээ тогтсон гэнэ. Жил, жилийн наадмаар эрлийз, монгол адуугаа ялгаж уралдуулах тухай ярьдаг ч шударга бус хандаж ирснийг уяачид хэлж байна лээ. Харин Баяр наадмын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт хийх замаар энэ асуудлыг нэг талд нь гаргаад, хуулийн заалтаа ягштал биелүүлдэг бол хэн, хэндээ амар гэдгийг ч хэлцгээж байсан. Ийнхүү нэгэн өдрийг адуу малын дэргэд өнгөрүүлж, удам дамжсан уяачидтай сайхан ярилцаад У.Эрдэнэбилэг уяачын хөдөө гэрт эргэн ирцгээв. Охид нь хүртэл морьдоо уяж аймагтаа данстай нэгэн болсон гэхээр Амбуу овгийнхон морьтны соёл, хурдан морь уях ажлыг үр хойчдоо өвлүүлэн дэлгэрүүлж яваа гавьяатай хүмүүс билээ л.

Б.Нарантуяа эгчийнхээ гарын хоолоор дахин дайлуулаад дараагийн айл руугаа хөдөллөө. Алдарт уяач У.Эрдэнэбилэг гуай нөгөө айлыг маань зааж, газрын тал хүртэл гаргаж өгөөд сайн сайхныг ерөөцгөөн Ардын хувьсгалын зуун жилийн ойгоор айраг, түрүү олныг авч, Хүй мандлын торгон дэвжээнээ баяр хөөртэй дахин уулзах ерөөл тавьцгаалаа.

 

Улсын энтэй аймгийн алдарт

Үдшийн бүрэнхий хэдийн нөмөрсөн байсан болохоор У.Эрдэнэбилэг уяач нэлээд сайн зааж өгсөн юм. Гэсэн ч хотын бид жаахан яваад л аль замаар нь явахаа мэдэхээ байж эхлэв. Уг нь хөдлөхөөсөө өмнө очих айлынхаа хүмүүстэй холбоо барьсан ч харанхуй тал нутагт замаа олно гэдэг хэцүү аж. Өөдөөс машины гэрэл гарсан тул бид баярлалдан гэрлээрээ дохисоор зогсоов. Мэнд мэдэлцэн “Аймгийн алдарт уяач Тамирынх одоо хаана вэ” хэмээн асуувал “Би өөрөө байна, та хэдийг тосож явна” гэв. Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг ингэж уулзалдсан залуу бол Аймгийн алдарт уяач Уртнасангийн Тамир бөлгөө. Энэхүү уяачийг моринд хайртай монголчууд хэдийнэ мэддэг болсон. Олонд танигдсан нэр сүр, цолоос нь болсон уу, ямартаа ч биерхүү залуу байх гэж төсөөлж явсан ч шавилхан биетэй нэгэн ажээ. Тэднийх Халзан сумынхаа хоёрдугаар багийн нутагтаа өвөлжилж байгаа аж. Туслах уяачид, бага дүү нь адуу малаа голчлон хардаг гэнэ. Харин У.Тамир өөрөө эд нарынхаа өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж өгөөд уяа морьдоо аваад Өлзийт хороололд ирдэг байна. Бага голдуу морьдоо сая хорио тавигдахад ачиж явуулсан бөгөөд цагийн байдал гайгүй бол удахгүй том морьдоо аваад явахаар бэлдэж байгаа аж. У.Тамирын гэр бүлийн хүн Дарьганга сумын уугуул, нэг охин, хоёр хүүтэй өнөр өтгөн айл. У.Тамир анх найман настайгаасаа хурдан морь унасан бөгөөд жижиг биетэй учраас нилээд олон жил хурдан морины дэлэн дээр хийсэж явжээ. Харин мориноосоо хасагдаад туслах уяач хийж явсаар 2013 оноос эхлэн бие даан морь уяж эхэлсэн байна.

Одоо “Хийморь” галд харьяалагддаг бөгөөд Тод манлай уяач Д.Ононгийн отгон шавь нарын нэг. Ердөө гуравхан жилийн дотор буюу 2016 онд Аймгийн алдарт уяачийн болзол хангасан гэхээр түүний ямархан сайн уяач гэдгийг мэдэж болохоор. Үүнээс гадна түүний амжилтыг тодотгох бас нэгэн зүйл нь Сүхбаатар аймгийн “Шилдэг уяач” шагналыг сүүлийн дөрвөн жил дараалан хүртсэн явдал юм. “Хийморь” гал дээрээ бас олон хүний морь уядаг. Улс, бүсийн наадамд түүний уясан морьдын айраг, түрүүг хэрэв тоолох юм бол аль хэдийн Улсын цол хүртэхээр нэгэн. Нэг үгээр бол тэр улсын цолны энтэй аймгийн алдарт уяач. У.Тамирын том охин Солонгос улсад зүрхний маш хүнд хагалгаанд гурван орсон байна. Манай эмч нар ердөө нэгхэн жилийн настай гэсэн аймшигт мэдээг өгч, залуу аав ээж хоёрт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үе байжээ. Харин хэдэн мал, хурдан морины буян хишгээр одоо охин нь эрүүл саруул сайхан өсөж байна. Түүний гурван настай хүү аавыгаа хаа ч явсан дагана. Борог амьдралд өссөн ч өөрийн унаган авьяас, уйгагүй хөдөлмөрөөр асгөн үржүүлж яваа хэдэн мал, хурдан хүлгүүдийг нь өвлөж авах хүн болох нь гарцаагүй. Аав, хүү хоёр хамт явахдаа дуу шүлэг цээжилдэг нь илт. Гуравхан настай хэрнээ “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг...” хэмээн хэвлүүхнээр 12 жилийн дууг торох юмгүй дуулах нь өхөөрдөм.

“Хотод их олон их дээд сургууль байдаг юм билээ. Даанч тэдгээрийг төгссөн олон сайхан залуучууд ажилгүй байна. Уг нь хамгийн стресгүй сайхан амьдрал манай хөдөөд байдаг. Мал дагаад хөдөлмөрч байж чадах юм бол үр буянаа харамгүй хайрладаг юм шүү”. Энэ бол У.Тамирын үг. Үнэхээр ч тэрээр энэ үгэндээ багтаж, бусдад үлгэр дуурайл болж яваа нэгэн. Хөдөлмөрийнхөө үр шим, малынхаа буянаар аймгийнхаа төв, нийслэлийн Хан-Уул дүүрэгт орон сууцтай болжээ. Морь уяна гэдэг бүтэн жилийн хөдөлмөр болсон цаг. Тиймээс өвлийн эхэн сар гарангуут морьдоо аваад Өлзийт рүү явчихдаг. Хавар ногоо гарахтэй зэрэгцээд нутаг руугаа яарна. Нүүдлийн шувуу шиг л хүн дээ хэмээн инээнэ. Ингэж хүч хөдөлмөрөө зарцуулан, ар гэрээ орхин байж уясан морьд нь уралдаанаас хасагдах хамгийн хэцүү. Энэ тухай тэрээр “Уг нь сэрвээний өндрөөр л хэмжинэ гээд шийдэл гаргаад нэг талдаа гаргачихмаар байгаа юм. Тэгвэл уяачид бид чинь түүнийгээ л дагана шүү дээ” хэмээн хэлж байсан.

Өвлийн жавар хацар хайрсан өглөө цан хүүрэг болсон морьд уяан дээр зогсоно. Хүний өөрийн нийлсэн арваад морьд байх бөгөөд бүгдээрээ улс, бүсийн чанартай томоохон уралдаануудад алтан жолоогоо өргүүлсэн хурдан тууртууд аж. Биднийг уяан дээр очин ярилцаж байтал уяаны шон нь сугарч унаад бор азарга алдуурчихлаа. Бид хүүе, хаая болон сандралдахад “Уяа орооцолдож, сулрахад морь хурдалдаг гэдэг үгтэй юм” хэмээн У.Тамир маань бэлэгшээж байсан. Монголчууд бид хэзээнээсээ элдэв юмсын бэлэгшээлтэйг бодож, амны билэгээ дээдэлж ирсэн. У.Тамирын маань хэлснээр уясан морьд бүхэн нь хурдлах байх аа. Ирэх зун болох Ардын хувьсгалын 100 жилийн ойд одооноос уяач бүхэн бэлдэж байгаа нь гарцаагүй. Энэ сайхан тэгш ойдоо уяач бүхний маань хүлэг нь хурдан, эрлийз, монгол гэсэн хэрүүлгүй сайхан наадаасай хэмээн У.Тамир чин сэтгэлээсээ хүснэ лээ. Адууны хөлөөр цас босож, уяан дээрх хүлэг морьд тэдний араас үүрсэн янцгаах нь үгээр илэрхийлж боломгүй сайхан. Сэтгэлд олон зүйлийг бодогдуулсан уяач залуугийнхаас хөдлөхөд өвлийн нар таширлан, сүүдэр хүүшилж байлаа. Гэрийн гадаа багширалдан байсан адуун сүрэг цан хүүрэг савсуулан, тэдний хөлөөр боссон цас нарны гэрэлд гялбах нь тэнгэрийн одод газарт буусан мэт уран гоёмсогийг урлах нь гайхалтай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uraa(202.9.40.161) 2020 оны 12 сарын 23

U.tamir duudee sain saihnig husiy mundag shuu

1  |  0
Uraa(202.9.40.161) 2020 оны 12 сарын 22

U.tamir duudee sain saihnig husiy mundag shuu

0  |  0
Uraa(202.9.40.161) 2020 оны 12 сарын 22

U.tamir duudee sain saihnig husiy mundag shuu

0  |  0
Uraa(202.9.40.161) 2020 оны 12 сарын 22

U.tamir duudee sain saihnig husiy mundag shuu

0  |  0
....(66.181.161.14) 2020 оны 12 сарын 22

Namriin dund sard neg ailaas hodlool tsan huureg tatuulaad tsas manargaad yawchih ymda.shaan shn shn

0  |  0
Зочин(66.181.188.108) 2020 оны 12 сарын 22

Сүхбаатаргүйгээр монголыг төсөөлөшгүй

0  |  0
zochin(66.181.189.217) 2020 оны 12 сарын 22

manai nutgiin sain aduutai sain uyachid

1  |  0
zochin(66.181.161.21) 2020 оны 12 сарын 22

argagui saikhan ail bn lee hurdnii naimaa hiij yavav ahad eruul enkhiig huseye

0  |  0
baatar(66.181.161.118) 2020 оны 12 сарын 22

tengiin dotor amgalan gej

2  |  0
Top