Э.Ганчимэг: Баянзүрх дүүргийн ЗДТГ дөрвөн жил дараалан аудитын шалгалтад унасан

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Ганчимэгтэй ярилцлаа.


-Баянзүрх дүүрэг өнгөрсөн дөрвөн жилийг хөл толгойгүй улстөржилтийн дунд өнгөрөөлөө. Нөхцөл байдал дээрдсэн үү. Төсөв санхүүгийн байдал нэлээд хүндэрсэн гэж дуулсан. ИТХ-аас дүүргийн төсөв санхүүд хяналт тавьж чадаж байна уу?  

-Баянзүрх дүүрэг эзэнтэй эзэнгүй, засагтай засаггүй нь мэдэгдэхгүй дөрвөн жил боллоо. Миний хувьд 2016 онд дүүргийн төлөөлөгчөөр сонгогдсон, санхүүгийн мэргэжилтэй хүн. Аудит, татварын зөвлөгөө, хөрөнгө болон байгаль орчны үнэлгээ хийдэг санхүүчийн зүгээс шүүмжлэлтэй хандах асуудал маш их байгаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар 2016, 2017, 2018, 2019 гэсэн дөрвөн жил дараалан орсон төрийн аудитын шалгалтуудад хязгаарлалттай дүгнэлт авсан. Нэг үгээр бол унасан. Жил бүр 4-5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байдаг. Энэ зөрчлөө хэрхэн засаж залруулсан талаар мэдээлэл өгдөггүй. Аудитын хязгаарлалттай дүгнэлт гэдэг нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарсан гэсэн үг. Төсөв хуваарилагдах ёсгүй. Гэтэл төсвийг үр ашиггүй үрсэн дүгнэлттэй яваад л байдаг. Мөн Сангийн яамнаас 2018 онд Баянзүрх дүүрэгт шалгалт орсон. Тэр шалгалтаар 11 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Хувийн компанид бол 11 тэрбум төгрөг битгий хэл 11 төгрөг дутахад л асуудал үүсдэг. Нөгөө талаар үр ашиггүй зарсан 11 тэрбум төгрөгөөр 10 цэцэрлэг байгуулж болно. Гурван орцтой таван байрыг дулаалахад 400 сая төгрөг шаарддаг.

Энэ тооцоогоор 30 орчим орон сууцны гадна дулаалга хийх хэм­жээний хөрөнгийн зөрчил гар­сан байгаа юм. Баянзүрх дүүрэгт нүүрлэсэн засаглалын хямралыг мөнгөн дүнгээр хэмжвэл ийм тоо гарна. Тэгэхээр зүгээр нэг сан­хүүгийн аудит оруулаад өнгөрөх бус ИТХ-аас байнгын хяналт тавьж ажиллах ёстой гэж боддог.

-Төсвийг үр ашиггүй зарцуул­сан хөрөнгө мөнгийг юунд зарцуулсан байх юм. Та бүхэнд мэдээлэл өгсөн үү?

-Жишээ нь хэвлэл мэдээллийн зардалд 400-аад сая төгрөг гаргасан байдаг. Дүүргийн захиргаа бол хувийн пи-арын байгууллага биш шүү дээ. Мөн шаардлагагүй компьютер тоног төхөөрөмж гэх мэт удирдаж буй нөхдүүд төсвийг хувийн компанийнхаа хөрөнгө шиг хэрэглэж байгаа. Хувийн компанийн захирал өөрийнхөө хөрөнгийг яаж ч ашиглаж болно. Харин олон нийтийн хөрөнгийг тэгж дур зоргоороо зарцуулж болохгүй.

-Одоогоор Баянзүрх дүүр­гийн Засаг даргаар АН-ын хүн ажиллаж, удирдах албан тушаалт­нууд бүгд нэг намынх байгаа. Тэд хуулийн дагуу удирдах эрхтэй болсон юм уу?

-Одоо дүүргийн ИТХ-д МАН 21 төлөөлөгчтэй, АН 20 төлөөлөгчтэй байгаа. Энэ хугацаанд АН-ын нэг төлөөлөгч авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан байдаг юм. Иргэдийн төлөөлөгчид хуралдаж дүүргийн Засаг даргаа томилъё гэхээр АН-ынхан хуралдуулдаггүй. Зохион байгуулалттайгаар иргэдийг турхирдаг. Харин манай намынхан хуулийн дагуу шаардлагаа тавиад явж байгаа. Хуулийн дагуу МАН олонх болсон гэдэг дүүргийн сон­гуулийн хорооны тогтоол хүртэл гарсан. Хамгийн сүүлд дахин сонгуулиар МАН мөн ялалт байгуулж, 21 төлөөлөгчтэй болсон ч АН-ынхан хуулийн дагуу Засаг даргын томилгоог гацааж байна. Тиймээс Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд энэ удаагийн орон нутгийн сонгуулиар ялалтаа бататгая гэдэг байр сууринд хүрч, хүлээцтэй хандаж байгаа. Ер нь бол улс төрийн төлөвшил, соёл үзүүлж байгаа гэх юм уу.

-Улстөржилт хангалттай өрнөлөө. Гэвч улстөржилтийн үр дагаварт бүхэл бүтэн дүүргийн ажил гацаж, Баянзүрхийн 350 гаруй мянган иргэний эрх ашиг зөрчигдөөд байна. Төрийн ажил хэвийн явж чадаж байна уу?

-2016 оны сонгуулиар МАН-ын гишүүд УИХ-д олонх болж, ялалт байгуулсан. Нийслэлд мөн олонх боллоо. Гэвч дүүргийн хэмжээнд АН-ынхан сонгуулийн маргаан үүсгэж, тамгын газрын үйл ажиллагааг хүчээр авснаар төрийн бодлого анхан шатанд хэрэгжихгүй байдалд хүрсэн. Өнөөдөр Баянзүрх дүүрэгт АН-ынхан удирдлагын үүрэг гүйцэтгээд явж байна. Баянзүрх дүүргийн 28 хороонд бүгд АН-ын дарга нар ажиллаж байгаа. Тэд төрөөс гарсан шийдвэрийг хороондоо хэрэгжүүлдэггүй. Яагаад гэвэл МАН-ын хийсэн ажил болж харагдана гэдэг. Ерөөсөө манай дүүргийн 350 мянган иргэн бүгд хохирогч болж үлдэж байна. Өнөөдөр Баянзүрх дүүрэг хогондоо дарагдаад, төрийн үйлчилгээ нь иргэндээ хүрэхээ байсан. Нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжих хөтөлбөрийг хорооны Засаг дарга хэрэгжүүлэхийг хүсдэггүй байх жишээтэй. Энэ нь иргэдийн дунд МАН муу ажиллаж байгаа мэт буруу ойлголт төрүүлдэг. Иргэдийн хувьд хорооны Засаг даргаа аль намын хэн гэдэг хүн байдгийг ч мэддэггүй шүү дээ. Монгол Улс нэг л төртэй учраас иргэд төрийн бүх үйлчилгээг ижил хүртэх эрхтэй. Харамсалтай нь баянзүрхчүүд улстөржилтөөс болоод хохироод сууж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн алдаа дутагдлаас дүгнэхэд, дээрээ МАН төр барьж байгаа бол дунд, анхан шат болох хот, дүүрэгтэй ч гэсэн МАН-ын төлөөллийг сонгож ажиллуулах нь иргэддээ ээлтэй гэдгийг ойлголоо.

-Өнгөрсөн дөрвөн жилд Баянзүрх дүүргийн ажил алба гацсан ч нийслэлээс ямар ямар томоохон ажлууд хийв. Цаашид хийх шаардлагатай ямар ажлууд байгаа вэ?

-Баянзүрх дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилд хотын захиргааны санаачилгаар олон ажил хий­сэн. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар тохижилт үйлчилгээ­ний чухал ажлуудыг аль болох гацаалгүй хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VII хорооны Баянцээлийн гудамжны газар чөлөөлөлтийг хийж, хууль бус худалдаа үйлчил­гээг цэгцэлсэн. Энэ бол иргэдийн зүгээс олон жилийн турш хүсэлт тавьсан ажил байсан. Зөвшөөрөлгүй газруудыг чөлөөлж, тохижуулснаар ногоон байгууламж бүхий  80 автомашины зогсоолтой ая тухтай орчин бий болгосон. Дүүргийн хөрөнгө оруулалтын хувьд МАН-ын төлөөлөгчид сонгогдсон тойрогт алагчилсан байдлаар хийгдэж ирсэн. Бусад хороодтойгоо ижилхэн асуудалтай байгаа газар намын төлөөлөгчөөр нь ялгаад төсөв мөнгө тавьдаггүй. АН-ын төлөөлөгч байгаа газруудад бүх мөнгөө хуваарилдаг ч бодит ажил болох нь эргэлзээтэй байдаг. Дүүрэгт АН засагласан хугацаанд ийм л үйл ажиллагаа явуулж байгаа юм. Анхаарах шаардлагатай ажлын тухайд Баянзүрх дүүргийн XXV, XXVI хороонд маш их асуудал байна. Хувийн хэвшлийнхэн орон сууцны том том хороолол байгуулсан. Гэвч хувийн хэвшил бүтээн байгуулалт хийж байгаа учраас төрийн үйлчилгээ хаягдсан. Баянзүрх дүүргийн хамгийн олон хүн амтай хороодод төсвийн хөрөнгө оруулалт очдоггүй. Улсын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ байхгүй. Ганц байгаа улсын сургууль нь хувийн сургуулийн байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь хүрэлцээ муу. Нийтийн тээвэр саяхнаас явж эхэлсэн. Хэт төлөвлөлтгүй энэ бүтээн байгуулалт нь эргээд замын түгжрэлийн эх үүсвэр болоод байгаа гэх мэт тулгамдсан асуудал манай дүүрэгт овоороод байна. Хүн өнгөц харахад сайхан сайхан орон сууцны хорооллууд л байдаг.

-Улаанбаатарын хамгийн олон хүн амтай дүүрэгт эмнэлгийн хүрэлцээ хэр байдаг вэ. Төв эмнэлэг нь хувьчлагдаад олон жилийн нүүр үзэж байгаа?

-Төсвийн хөрөнгө оруулалт төрийн үйлчилгээ буюу боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү орж байх ёстой. Баянзүрх дүүрэгт энэ бүгд хаягдаад байна. Дүүргийн төв эмнэлгийг нь хувьчлаад авчихсан. Өвчин зовлонтой иргэд очиход төлбөргүй өрөө дуусчихсан, зөвхөн төлбөртэй өрөө л байна гэж тулгадаг. Ийм л байдалтай олон жил явж ирлээ. 

-Иргэдийн амьжиргаа ямар байна. Том дүүрэг учраас эдийн засгийн асуудал их байдаг байх?

-Нийслэлд Сонгинохайрхан, Баянзүрх гэдэг хоёр том дүүргийг харьцуулж болно. Хүн амын тоо, иргэдийн амьжиргааны түвшин ойролцоо. Гэхдээ Баянзүрх дүүрэг Сонгинохайрханыг бодоход татварын орлого өндөр. Татвар төлөгч аж ахуйн нэгж олон учраас өөрөө өөрийгөө санхүүжүүлж дөнгөдөг. Тэр бүү хэл татварын орлогоосоо нийслэлд татаас өгдөг.  Харин Сонгинохайрхан улсаас татаас авдаг мөртлөө сүүлийн дөрвөн жилд яаж хөгжив. Сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж сайн боллоо. Ер нь үлгэр жишээ хөгжиж байгаа. Шалтгаан нь УИХ, нийслэл, дүүрэгт бүгд нэг намын төлөөлөгчид нэгдсэн бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой. Төрийн бодлого шат шатандаа цэгцтэй, шуурхай хэрэгжсэн гэсэн үг. Тэгвэл Баянзүрх дүүрэг татвараас маш их хэмжээний орлого төвлөрүүлдэг ч тэр чигтээ зарлагаа хянаж чаддаггүй. Хөрөнгө оруулалт татаж чаддаггүй.

-Таны хувьд дүүргийн төлөөлөгчөөр хэд дэх удаагаа ажиллаж байна. Сонгуульт ажлын хугацаанд ямар ажил хийж амжуулав?

-Би анх 2016 онд дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Дүүрэгтээ дөрвөн жил ажиллаад энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нийслэ­лийн төлөөлөгчид нэр дэвших бэлтгэлээ базаагаад байна. Дүүргийн төлөөлөгчийн хувьд эрх мэдэл багатай. Гэвч тухайн орон нутгийнхаа ажил амьдралыг хамгийн сайн мэдэх учраас тулгамдсан асуудлыг нь нэг нэгэнгүй мэддэг гэдгээрээ онцлог. Төсөв мөнгө шийдэх эрх мэдэл бага ч боломж бололцоогоороо ажил амжуулдаг. Манай тойр­гоор жишээ авахад хуучин хорооллуудын дундах нийтийн зам талбай, орон сууцнуудын засвар арчилгаа тулгамдсан асуудал байдаг. Тэр болгоныг мэдэрч шийдвэрлэх асуудал гардаг. Дээр нь айл гэрийн бүхий л асуудлыг шийдвэрлэдэг эмэгтэй хүний аж ахуйч зан чанар нөлөөлдөг юм шиг байгаа юм. 

-МАН-д хэзээ элсэв. Ямар шалгуураар нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж байгаа вэ?

-Манай аав ээж МАН-ын идэвхтэй гишүүд. Тэр нөлөөлсөн байж магадгүй. 2013 оны гурав­дугаар сарын 1-нд намын гишүүнээр элссэн. Тэр өдрийг манай гэр бүл баярт үйл явдал болгон тэмдэглэж байсан нь санаанаас гардаггүй юм. Нэр дэвших тухайд дүүргийнхээ төлөөлөгчөөр ажиллаж байгаад намын хорооны удирдлагууд итгэл хүлээлгэсний дагуу хотын төлөөлөгчид шат ахин, шатлан дэвшиж байгаа. МАН бол олон нийтийн байгууллага учраас шударгаар шатлан дэвших үйл явцыг бүх гишүүд эрх тэгш эдэлдэг гэж боддог. Орон нутгийнхаа ахуй амьдралыг мэддэг төлөөлөгч шатлан дэвших нь дээд шатны байгууллагаас жинхэнэ хөрсөн дээрээ буусан шийдвэр гаргахад дэмжлэг болох талтай.

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(43.242.242.200) 2020 оны 09 сарын 28

одоо сонгууль болохоор юм дуугарч нэг их мэдсэн нөхөд, анхнаасаа мэдсэн бол эрчимтэй тууштай тэмцэж ажлаа хийхгүй яасан юм бэ? ₮ жил харж харчаад ард иргэдийн өчнөөн тэрбум татвар төлсөн мөнгөөр дэнчин тавьж 1 нам эвсэлээ жнагаах гэж 4 жил хүлээсэн болж таарснуу энэ нөхөр. өнгөрсөн 4 жилд яаж идэж уудаг арга тактикт сайхан суралцсан байхдаа\n

1  |  0
Egi(66.181.161.68) 2020 оны 09 сарын 28

Ganchimegee amjilt

0  |  1
Иргэн(150.129.141.196) 2020 оны 09 сарын 28

Үнэхээр чухал асуудлыг хөндсөн ярилцлага байна. Хүмүүс асуудлын голыг олж хардаг байгаасай. Нийгмийн ёс суртахуун хэл амаар доромжлох байдал арай л дэндүү юм. Таныг ямар хөдөлмөрч эмэгтэй болохыг мэдэх хүмүүс олон байгаа гэж бодож бна. Мөн БЗД-ийн иргэдийн сайн сайхны төлөө болохоор үзэл бодол дуу хоолойгоо хүргэж тууштай ажиллана гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

0  |  1
chinzo(202.9.46.237) 2020 оны 09 сарын 28

erh barigchdiig shuumjilj, shudraga yrisan busgui baina

0  |  1
Иргэн Бадмаа(202.9.46.237) 2020 оны 09 сарын 25

Төрийн байгууллагад Үндэсний аудитын газар аудит хийдэг. Энэ зэргийн юмыг мэдэхгүй байж худлаа гүтгэж болохгүй. Мэдлэгтэй, сэтгэлтэй залуу боловсон хүчин төрд хэрэгтэй. Амжилт хүсье

0  |  0
Tsatsa(107.77.205.10) 2020 оны 09 сарын 25

Vneheer mundag emegtei. Iim l hvmvvs odoo garah heregtei shvv.Amjilt

0  |  0
ergen(202.9.46.157) 2020 оны 09 сарын 25

yasan ih tursiim

0  |  0
Tsetsgee(125.24.78.203) 2020 оны 09 сарын 24

Mash ih hvneleg saihan setgeltei mundag hvn shvv. Aaw n mundag bolhoor ohin n bas aaw shigee mundag. Yadarsan hvnd vrgelj tus dem boldog iim saihan setgeltei hvn deeshleh heregtei. Busdiin yu geh n hamaagvi shvv ulsad ganchimeg shig mundag hvmvvjiltei aawiin hvvhdvvd heregtei bn

0  |  0
Shudarga irgen(139.5.219.185) 2021 оны 05 сарын 21

Энэ тарган хүүхэн идсээр байгаа юм байхдаа. Өөрөө аудитын компанитай. Ашиг сонирхолын зөрчилтэй эсэхээ яагаад ярихгүй байгаа юм бол?? Инээдтэй ч юм даа

0  |  1
Иргэн(192.82.68.145) 2020 оны 09 сарын 28

Худлаа яриад яахав ийм юм яриад сонгогдоно л гэж байхгүй байлгүй дээ олон удаа шалгуулаад та нар юу ч олж долоосонгүй дээ

2  |  0
БЗД-ийн иргэн(104.131.66.8) 2020 оны 09 сарын 25

Өнгөрсөн 4 жил Баянзүрх дүүрэгт хэцүүхэн 4 жилийг үдлээ. УИХ, НИТХ, Нийслэлийн Засаг даргын бодлого шийдвэрийг дүүрэгт нь хэрэгжүүлж байж ажил явах ёстойг харууллаа. БЗД-ийн ардчилсан нам тараа таниулсан. Дүүргийн иргэд МАН-ыг багаар нь гаргаад 2024 онд дүнгээ тавих хэрэгтэй\nАа тийм тэр Наранбаяр нтр огт хэрэггүй шүү. НИТХ-дээ олонх болж чадахгүй, сандал бөглөнө.

6  |  0
Batka(202.126.88.212) 2020 оны 09 сарын 25

Tiim ih hemjeenii tusuviin zorchiltei bhad ymarch hariutslaga huleehgu, tailbar ch hiihku yvaad bdag uneheer muuhai yumaa araichdee.

3  |  0
Дэмжинэ. (202.55.188.33) 2020 оны 09 сарын 25

Ганчимэг төлөөлөгчийг дэмжинэ ээ.

6  |  0
Иргэн(202.126.88.57) 2020 оны 09 сарын 25

Хороодын дарга нар эсрэг байр суурьтай байдаг юмуу. Энийг уншсан чинь яг тэгж бодогдож байна шүү.

4  |  0
Зочин(202.9.46.153) 2020 оны 09 сарын 25

Тийм шүү БЗ дүүрэг эзэнгүй мэт хариуцлагагүй дөрвөн жил өнгөрлөө. АН ыг гаргаад дэмий юм бна гэдгийг яс махандаа тултал ойлгуулсан он жилүүд байлаа. Дахиж алдаж болохгүй шүү.

5  |  0
зочин (139.5.217.173) 2020 оны 09 сарын 25

АН хаанач байсан батгана баастай гэдийг үлгэр болох юм даа баахан идээд шоронд орох болж дээ

4  |  0
Top