ОЛОН ӨНГӨ: Бохир ДҮРЭМТ ХУВЦАС

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд цагдаагийн дүрэмт хувцас өмссөн төрийн албан хаагч орцны үүдэнд байх зүлэг рүү бие засаж байгаа зураг цацагдав.

Ажлын цагаар төрийн цагдаа архидан согтуурч санаанд багтамгүйгээр зүй бус авирлалаа. Ард иргэд бид юу гэж ойлгох вэ. Төрдөө тангараг өргөсөн, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангаж ажиллах ёстой хүнд байж боломгүй үйлдэл байлаа.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд цагдаагийн дүрэмт хувцас өмссөн ах нараар бахархаж, тэднээс жишээ авах нь олонтаа. Ийм мөрөөдлөөр жигүүрлэн дүрэмт хувцас өмсөн залуус ч олон. Цагдаа нар л гагцхүү үлгэр дуурайлал үзүүлж залуу хойч үеэ энэ албанд зөв алхуулах ёстой биз дээ.

Орцны зүлгэн дээр бие засаж яваа нөхөртэй мөр зэрэгцэн олон мундаг албан хаагч төрийн албаа нэр төртэй хашиж, хүүхэд залууст үлгэр дуурайл үзүүлэн, нийгмийн болох болохгүй зүйлстэй тэмцэж сайн эцэг, сайн ханийн үүргээ биелүүлж яваа. Гэтэл “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдгийг тэрбээр харуулж чадлаа. Өөрөөр хэлбэл, албаа нэр төртэй биелүүлж яваа олон нөхдийнхөө нэр хүнд рүү тэр “сарьчихав”.

Ариун нандин мөрөөдлөөрөө цагдаа болохыг хүссэн хүүхэд багачуудын өөдөөс эрхтнээ гарган сарьж зогсоо таны өмнөөс залуус бид ичиж байна. Ил задгай бие зассан цагдаагийн албан хаагчийг ажлаас нь халсан гэсэн. Монголчууд өрөвчхөн. Тиймээс ч олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл өрнүүлж байгаа энэ үйлдлийг хэсэг бүлэг этгээд өмөөрч, өрөвдөж байгаа нь юутай харамсалтай. Дутагдал болон зүй бус үйлдэлтэй хэрхэн нийлж, өөхшүүлж болох билээ. Бид олон нийтийн газар биеэ зөв зохистой авч явах учиртай.

Ямар ч албаны хүн, төрийн цагдаа байтугай төрийн сайдад ч хатуу идээ балгах өдөр ирнэ. Гагцхүү тэр идээг хаана, хэрхэн, яаж хэрэглэх вэ гэдэг чинь наад захын соёл шүү дээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top