Дэд сайд Л.Бямбасүрэнгийн ОНЦЛОХ ҮГС

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Засгийн газар өнгөрсөн даваа гарагаас эхэлж иргэдэд ажлаа тайлагнаж эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн лхагва гарагт төв талбайд Эрүүл мэндийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Өдөрлөгийг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс онцолж байна.


-Монгол улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 917529 иргэн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдан, 3729 иргэн баталгаажуулах шинжилгээг хийлгэж, С вирусийн эсрэг эмчилгээнд 7067, В вирусийн эмчилгээнд 5665 иргэн хамрагдсан байна. 

-Хүүхдийн өвчний гол шалтгаан болсон шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор  “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээнд 83827 хүүхдийг хамрууллаа.

-“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулж эхэлсэн. Хагас жилийн байдлаар 137981 иргэнийг эрт илрүүлэлтийн үзлэг шинжилгээнд хамруулж, 5621 аж ахуйн нэгж, албан байгууллагыг тус аяны үйл ажиллагаанд нэгтгэлээ.

-Сүрьеэгийн өвчлөлийг эрт илрүүлэх, тусламж, үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажилласнаар уг өвчнийг эрт илрүүлэх үзлэгт хамрагдалтыг 4 дахин нэмэгдүүлж чадлаа.

-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, шинэ технологийг нэвтрүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтад хүрэх тулгуур баганы нэг нь санхүүгийн хамгаалалт буюу иргэн санхүүгийн дарамтгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийлээ.

-Өнгөрсөн 2017, 2018 онд нийт 18 эрүүл мэндийн байгууллагын барилгыг шинээр барьж дуусган, ашиглалтад оруулаад байна. Энэ онд 30 эрүүл мэндийн байгууллагын барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-Монгол улсын Засгийн газар, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2012 онд байгуулсан “Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах” төслийн зээлийн 49.798.0 мянган ам.долларын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлж, олон улсын стандартад нийцсэн Үндэсний оношилгоо эмчилгээний төвийг ашиглалтад өгч, үйл ажиллагааг эхлүүллээ.

-Япон Улсын Засгийн газрын 7.9 тэрбум иенийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар АШУҮИС-ийн түшиглэн орчин үеийн тоног төхөөрөмж суурилагдсан, өдөрт 600 хүнд, жилд 192.000 хүнийг амбулатор, 11000 хүнийг хэвтүүлэн эмчлүүлэх хүчин чадал бүхий төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүллээ.

-Сонгинохайрхан дүүрэгт олон улсын жишигт нийцсэн 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байна.

-Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын бүрэлдэхүүн хэсгийн үр дүнд төрөлжсөн мэргэшлийн зургаан эмнэлэг, аймаг, нийслэлийн 21 эрүүл мэндийн байгууллагын ариутгал, халдваргүйтгэлийг олон улсын жишигт хүрсэн тоног, төхөөрөмж, технологиор шинэчлэн, 995 эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтад хамруулав.

-Дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор 300 ортой төрөх эмнэлгийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-Эрүүл мэндийн сайдын багцын урсгал төсөв 2019 онд 107.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 735.7 тэрбум төгрөг болж 2016 онтой харьцуулахад  18.2 хувиар өслөө.

-Энэ онд өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 4.3 тэрбум нэмэгдэж 35.3 тэрбум, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилт 23.2 тэрбум төгрөг нэмэгдэж 105.6 тэрбум төгрөг болж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төсөв нийт 27.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

-Жирэмснээс сэргийлэх эм, хэрэгслийн зардалд улсын төсвөөс 150 сая төгрөг зарцуулж байсныг 2019 онд 1.8 тэрбум болгон  12 дахин нэмэгдүүллээ.

-Нийт 233 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр батлагдан 104,2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Нийт 107 төсөл арга хэмжээ тухайлбал, 26 шилжих барилга, 49 шинэ барилга, 17 их засвар, 15 тоног төхөөрөмж  төсөл арга хэмжээ байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top