О.Чулуунбатын 25 сая ам.долларын хэрэг дахин сөхөгдлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

Улс төрийн томчуудтай холбоотой гэмт хэргүүд шийдэгдэхгүй байсаар аяндаа замхардаг моод Монголоор дүүрэн бий. Л.Гүндалайн сайд хийгээд мандуулж явахдаа үйлдсэн эмнэлгийн машинуудтай холбоотой асуудал болон бас бус хэргүүд гээд тоолоод байвал ихээхэн урт жагсаалт үүснэ. Сайд асан С.Отгонбаярын Ми-8-аас өгсүүлээд Онцгой байдлын будлиантай хэргүүд гурван шатны шүүх дээр ногоон гэрлээр гараад явчихсан нь хүмүүсийн сонирхлыг одоо ч татсан хэвээрээ байгаа. Мөн Монгол банкны Ерөнхийлөгч асан, өнөөгийн УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хэрэг байна. Тэрээр 2006 онд 40 мянган айлын орон сууцны гэрээнд аккаредитив нээх гэрээ байгуулж, Америкийн иргэн Жорж Чайлмерсийн оруулсан 20 гаруй сая ам.долларыг будлиулсан гэдэг. Угаасаа мань хүн санхүүгийн луйварт гаршсан гэнэ лээ. Хэргийг нь шалгах явцад өөр хэд хэдэн но-той асуудал сөхөгдөж байсан. Тухайлбал, Хадгаламж зээлийн хоршооны хяналтыг сулруулсан хүний нэг гэгдэж байлаа. Түүний хав дарагдсан дээрх хэргийг Авлигатай тэмцэх газрынхан  дахин сэргээн шалгахаар болжээ. Ингэхдээ мэдээж хэрэг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж  таарна. Харин намынхаа хамгаалалт дор хярсан туулай адил бүгэж үлдэх үү, эсвэл шүүхийнхэн Ч.Сангарагчааг шууд барьж аваад хэргийг шийдсэн шиг шийдэх үү гэдэг нь одоогоор хүлээлтийг үүсгээд байна.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top