Технологийн салбарын “Шинэ од”

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Улс орныг дэлхийд таниулан сурталчилдаг гол салбар бол Барилга. Барилгын салбарыг хөдөлгөгч гол хүчин зүйл нь технологийн шийдэл билээ. Иймийн учир Монголын барилгын салбарт Евро стандартыг нэвтрүүлж, шинэ од болон гялалзаж буй “Стар интэлижэнт технологи” компанийг сэтгүүлийнхээ №14/514 дугаарын “Технологи” буланд онцлон, сурвалжилсан юм. Цахилгаан хангамжийн тэргүүлэгч стандарт болох “Евро стандарт”-ыг Монголд нутагшуулах эрхэм зорилгынхоо хүрээнд тус хамт олон дэлхийн 1 брэнд Францын “Schneider Electric”-ийн албан ёсны дистрибютор болж, технологийн шинэ дэвшлүүдийг Монголд нэвтрүүлж байна.


Хаврын адаг сар аль хэдийнэ эхэлсэн атлаа айхтар дулаарч өгөхгүй ... Илчит улаан наран халуу дүүгтэл төөнөж байснаа гэнэтхэн хүйтэн салхи хацар хайрч, төдхөн том том цасан ширхэг хаялж, удалгүй хүчтэй салхилан, цасан шуурга болж хувирна. Дүн өвлийн улирал гэхээс илүүтэй хуйсагнасан хаврын гурван сар л монголчуудын хамаг эрч хүчийг шавхаж, жиндүүлж дааруулдаг гэлтэй. Нэг ийм учир нь эс олдох, өвөл үл үзсэн хүйтэн өдрөөр “Стар интэлижэнт технологи” ХХК-ийн ажилсаг залуустай уулзахаар ХУД-ийн 15 дугаар хороонд баригдаж буй “И март” сүлжээ дэлгүүрийн барилгыг зорьсон юм.

Ааш нь эс олдох хаврын сартай зэрэгцэн эхэлдэг барилгачдын ажил өрнүүн үргэлжилнэ. Гар утсаа гаргаж ирээд минут хэртэй ярих төдийд л гар бээрч, утас царцан унтарч байгаа хүйтнийг барилгачин залуус үл анзааран ажиллана. Бүтээн байгуулалтдаа сэтгэл хангалуун, цог золбоотой ажиллаж буй тэдний хажуугаар тоон дунд үсчиж яваа үсэг аятай бэдчин явсаар зорьсон хүмүүсээ арайхийн олж уулзсан юм. Бүрэн гүйцэтгэл нь хийгдэж дуусаагүй гарааш руу орохдоо айдас хүйдэстэй байсан ч үүдэнд таарсан хамгаалагч ахын өгсөн касканд хамаг найдлагаа тавьчихсан явснаа ч нуугаад яахав. Айдас хүйдэст автахын сацуу аль нэг нүх рүү уначих вий, тогны утсанд бүдэрчих вий гэж хэрэндээ хичээж л явлаа...

Уулзахыг зорьсон хүмүүс маань харин чиг энэ асуудалд огтоос санаа зовдоггүй нь илт. Өглөөнөөс оройг хүртэл ажилладаг тэдний ажлын талбар, мэргэжлийн онцлог болохоор тэр бололтой. Хажуугаар нь тэдний аюулгүй байдалд алхам тутамдаа хяналт тавьдаг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер байдаг учраас ийнхүү амгалан ажилладаг байх гэх бодол төрж байв.

Бид Солонгосын анхны хайпермаркетын франчайз “И март”-ын Монгол дахь сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлээд багагүй хугацааг үдэж буй. Тус төслийг эхлэхэд л хамтран ажиллаж байсан “Стар интэлижэнт технологи” компанийнхан өдгөө төслийн гурав дахь бүтээн байгуулалтад оролцож байгаа нь энэ юм. Энэ удаад тэд “И март-3” төслийн “Дотор цахилгааны угсралтын ажил”-ыг хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд нийтдээ 16 залуу их ажлыг нугалж байгаа аж.

Тэднийг ахлан ажиллаж буй цахилгааны инженерийг Л.Лхагвабадрах гэдэг. Түүний хувьд сургуулиа төгсөөд л “Стар интэлижэнт технологи” компанийг зорьсон залуу боловсон хүчин. Ажлын талбарт гараад хариуцаж авсан хамгийн том төсөл нь “И март 3”. Тиймдээ ч тэрбээр өглөөнөөс орой хүртэл хамгийн хариуцлагатай байж, компанийнхаа нэрийг өндөрт өргөх үүрэгтэй.

Тэрбээр “Монголд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний төвүүд дундаа томоохонд тооцогдох “И март” төсөл дээр бид “Schneider Electric”-ийн бүтээгдэхүүнүүдээ ашиглаж байна. Тэр дундаас онцолбол, “Schneider Electric”-ийн шит самбарыг угсарч суурилуулна. Миний хувьд 2018 онд сургуулиа төгсөөд энэ компанид цахилгаанчнаар ажилд ороод таван сарын дараа анхны төслөө хариуцан ажиллаж байна. Тиймээс маш хариуцлагатай байх ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Бидний ажил өглөө аюулгүй ажиллагааны зааварчилгаа авснаар эхэлдэг. Тэгээд л өөрсдийнхөө хариуцсан хэсэг рүү хуваагдаад явна даа” хэмээн өгүүлнэ.

“Стар интэлижэнт технологи” компанийнхан энэхүү төсөлд дэлхийн №1 брэнд Францын “Schneider Electric”-ийн бүтээгдэхүүн, төхөөрөмжийг ашиглаж байгаагаас гадна “Аргос” брэндийн хэд хэдэн аянга зайлуулагчийг ч суурилуулах аж. Цаг уурын нөхцөл байдал өөрчлөгдөж, чанар стандарт онцгой яригддаг болсон өнөө үед аянга зайлуулагчийн тухай аятай мэдээлэл сонссон учир түүнээс энэ талаар лавлахад “Аргос бол олон шийдлүүдийг санал болгодог, өрсөлдөхүйц үнэтэй, өргөн хэрэглээний аянга зайлуулагч, газардуулга үйлдвэрлэгч компани юм. Энэхүү аянга хүлээн авагч маань өөр дээрээ аянгыг хүлээн аваад, дамжуулагч руу шилжүүлэх үйлдэлтэй. Газардуулга нь аянга ниргэх болоод богино холбоо үүсвэл газарт шингээх үүрэгтэй. Хамгийн гол давуу тал нь хямд, тэсвэртэй, ESE системтэй, NFC 17-102 стандартын дагуу туршигдаж худалдаанд гардаг учраас 100 хувийн найдвартай гэдэгт оршиж байгаа. Мөн бусад компаниуд аянга зайлуулагчийг шийдэхээрээ нэг төмөр зоогоод л орхидог. Харин бид бол Аргос брэндээр шийдэл гаргаж угсарч суурьлуулна мөн зэс дамжуулагч ашиглан гүйцэтгэл хийж, зэс хавтанг зоож, чанар стандартынх нь дагуу хийж байгаагаараа онцлог” хэмээн хариулсан юм.

Газардуулга нь аянга ниргэх болоод богино холбоо үүсвэл газарт шингээх үүрэгтэй. Хамгийн гол давуу тал нь хямд, тэсвэртэй, ESE системтэй, NFC 17-102 стандартын дагуу туршигдаж худалдаанд гардаг учраас 100 хувийн найдвартай гэдэгт оршиж байгаа.

Тэдний хариуцаж авсан ажил ирэх зургаадугаар сарын 1-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ажлын явц 60 гаруй хувьтай байгаа аж.

Атгасан гар шиг хамт олон

Олон улсад алдартай сүлжээ дэлгүүрийн бүтээн байгуулалттай танилцсаны дараа “Стар интэлижэнт технологи” компанийн дараагийн төсөл “Well mart”-тай танилцсан юм. Энд мөн л ачааллаа үл тоон ажиллах арав гаруй залуус биднийг угтсан бөгөөд хариуцсан ажлаа 70 хоногийн дотор дуусгах шахуу төлөвлөгөөтэй байгаа талаараа тэд ярьж байв.

“Well mart” төслийг хариуцагч, “Стар интэлижэнт технологи” компанийн цахилгааны инженер Г.Данзан "“Well mart” төсөл нь 7, 9 давхар үйлчилгээний төв. Манай компани энэхүү төсөл дээр BMS буюу Барилгын нэгдсэн автоматжуулалтын системийг хариуцан ажиллаж байна. Үүн дотроо “Schneider Electric”-ийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж, хүний гар оролцохгүй автомат удирдлагын системтэй байх шийдлийг хийхээр ажиллаж байна. Энэ нь юу вэ гэхээр, цахилгаан, сантехник, агааржуулалтын системийг автоматаар удирдаж, ямар нэгэн сантехникийн гэмтэл буюу ус алдлаа гэхэд тэр талаарх мэдээлэл шууд гар утсанд ирж, шуурхай арга хэмжээ авч удирдах боломжтой болно гэсэн үг. Үүнээс гадна энэ төсөл дээр дотоод цахилгаан холбоо буюу гэрэл, розетка, унтраалга зэрэг “Schneider Electric”-ийн бүтээгдэхүүнүүд ашиглагдаж байгаа. Мөн Аргосын хэд хэдэн аянга газардуулагчийг суурилуулна. Одоогийн байдлаар гүйцэтгэл 20 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх тавдугаар сарын 25-ны өдөр гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна” хэмээн ярилаа.

Түүний хувьд жил орчмын өмнө сургуулиа төгсөж, “Стар интэлижэнт технологи” компанийн “гэр бүлд” албан ёсны гишүүн болсон гэх. Анх цахилгаанчнаар ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр хамт олноосоо сурч, өсөн дэвжиж өдгөө цахилгааны инженер гэх хариуцлагатай албанд томилогдон иржээ. Үүнийгээ тэрбээр үргэлж дэмжиж тусалж, өөд нь өргөж байдаг компанийн удирдлагын ач буян хэмээн ярьж байсан. Мөн тэрбээр “Ажлыг 0-ээс нь эхэлж сурна гэдэг хүнийг туршлагажуулдаг юм билээ. Анх цахилгаанчнаар ажиллаж эхэлсэн маань надад хамгийн том ололт болсон. Би энэ бүгдийг эхнээс нь сураагүй бол одоо хүмүүс удирдаж, төсөл хариуцах хэмжээнд хүрээгүй ч байж мэднэ. Зарим хүмүүс хажуунаас хараад боддог байх л даа “Өөрөө юу ч хийхгүй байж бусдад зааварчиллаа” гэж... Гэтэл хамгийн их ажлыг инженерүүд хариуцдаг. Төсөл хэзээ бичигдэж эхэлнэ, тэр цагаас л бидний ажил эхэлдэг. Барилгын зураг төсөл, тооцоолол, ажиллах хүчин, гүйцэтгэл эхлэх, дуусах хугацаа гэх мэт бүгдийг нь анхнаас нь гар бие оролцон бичилцэж, шийдвэрлэж байж ажил цааш үргэлжилнэ шүү дээ. Мөн хамт олны харилцаа хамгаас чухал. Атгасан гар шиг нэгдэж, асуудалгүй урагшилдаг хамт олонтойдоо би үргэлж талархдаг” хэмээн өгүүлнэ.

Үнэхээр түүний хэлсэнчлэн аливаа ажлыг гүйцэтгэхэд хамгийн гол нугалах хүч бол хамт олон. Хамт олныг хөдөлгөх хөшүүрэг нь удирдлагуудын тэдэнд хандаж буй харилцаа, итгэл найдвар юм. Энэхүү шаардлагыг “Стар интэлижэнт технологи” компанийнхан маш сайн биелүүлэн ажилладаг юм байна гэх бодол төрж байсныг энд онцолъё.

Учир нь энэ хамт олон хэнийг ч ажлын туршлагагүй, эзэмшсэн мэргэжилгүй хэмээн цааш түлхдэггүй гэх...

“Тухайн хүнд ажил хийх чин хүсэл, өсөн дэвжих зорилго тэмүүлэл л байвал бид дэмжинэ” гэх үзэл баримтлалтай тус хамт олны заан сургаж, эгнээндээ нэгтгэсэн залуус олон бий. Энэхүү нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Стар интэлижэнт технологи” компани энэ 2019 ондоо багтаан дэргэдээ мэргэжлийн сургалтын төвтэй болох зорилт тавин ажиллаж байгаа аж. Энэ бол тэдний салбартаа төдийгүй, монгол залуусын төлөө хийж буй сайн үйл хэмээн магтан өгүүлэхэд онох болов уу. Ажилч хичээнгүй, шижигнэсэн залуу боловсон хүчнээр хамт олноо бүрдүүлсэн “Стар интэлижэнт технологи” компани барилгын цахилгаан, холбоо дохиолол, автоматжуулалтын угсралт гүйцэтгэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өдгөөг хүртэл 30 гаруй төсөл дээр амжилттай ажиллаад байгаа. Дээр онцлон өгүүлсэн хоёр төслөөс гадна хариуцан гүйцэтгэсэн томоохон төслүүдээс дурдвал, Таван одтой, тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл болох “Time classic tower”- ийн бүтээн байгуулалт, Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арцат” аппартмэнт дээд зэрэглэлийн хувийн орон сууцны цахилгааны тоноглол, “Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв”-ийн цахилгааны бүх угсралт зэргийг нэрлэж болох юм.

Евро стандартыг Монголд нутагшуулах эрхэм зорилготой “Стар интэлижэнт технологи” компанийн лого найман тийш цацарсан одыг илэрхийлсэн байх бөгөөд энэ нь “Технологийн салбарт од шиг гялалзана” гэх утга агуулгатай аж. Голд нь байх ногоон цөм бол эрчим хүчний хэмнэлт, ногоон ирээдүйн төлөө өөрийн хувь нэмрээ оруулахын илэрхийлэл гэнэ. “Ирээдүй хэтийг зөгнөсөн тэдний зорилт өдгөө биеллээ олж, технологийн салбарын тод од болгох замыг нь нээсэн юм болов уу” гэх бодол төрж байлаа.

"Зиндаа" сэтгүүл №14/514 дугаарт нийтлэгдсэнийг онцлов

Сурвалжлагч О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top