“FIBA 3x3” сагсан бөмбөгийн одод Монголд чуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Маргаашнаас эхлээд Монгол Улс FIBA 3x3 сагсан бөмбөгөөр амьсгалах болно. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны FIBA 3x3 төрлийн гурван том тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 1-9-нд зохион байгуулагдах гэж байна. Өсвөр, залуучуудаас эхлээд насанд хүрэгчдийн шилдэг бүх сагсан бөмбөгчдийн чуулган Монголд болно гэж хэлэхэд буруудахгүй. Мөн багийн спортын дэлхийн аваргын тэмцээнийг Монгол Улс анх удаа хүлээн авч байгаа юм.

Зургадугаар сарын 1-2-нд 23 хүртэлх насны Үндэстнүүдийн лигийн тэмцээн Сүхбаатарын талбайд болно. Монгол, Япон, ОХУ, Хятад, Беларусь, Тайландын шигшээ багууд өрсөлдөнө. Манай баг Хятад, Тайландын багтай нэг хэсэгт орсон.

18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 3-7-нд явагдана. Монголд зохион байгуулагдаж байгаа анхны багийн спортын дэлхийн аваргын тэмцээн гэдгээрээ онцлогтой. Таван өдрийн турш Жанжин Сүхбаатарын талбайд болно. ДАШТ-д эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 баг оролцох юм. Цар хүрээгээрээ ч маш том тэмцээнд зүй ёсоор тооцогдоно.

Жил бүр зохиогддог уламжлалт “Улаанбаатар Дэлхийн Гран При” тэмцээн зургадугаар сарын 8-9-нд зохион байгуулагдаж, дэлхийн шилдэг 16 баг оролцохоор болжээ.Манайхаас Алтан Дорнод Монгол Тайхар, UB Garuda багийн тамирчид оролцоно. 

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “FIBA 3x3” төрөл хариуцсан захирал Алекс Санчес “Сагсан бөмбөгөөр жижиг буурай орон ч амжилт олж чадахын яруу тод жишээ бол Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг юм. Тэд олон улсын тэмцээнийг дээд хэмжээнд сайн зохион байгуулж чадна гэдгээ өнгөрсөн жил харуулсан. Монголд болох “FIBA 3x3 U18 World Cup 2019” тэмцээн амжилттай болно гэдэгт эргэлзэх зүйл алга” гэж хэлсэн юм.

Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав “Бид 3x3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрхийг авч чадсанаараа бахархаж байна. Монголчууд анх удаа багийн спортын дэлхийн аваргын тэмцээнийг нутагтаа үзэх боломжтой боллоо. 3x3 сагсан бөмбөг монголчуудын хувьд бараг л үндэсний спорт болоод байна. Монгол бол хүн ам, сагсан бөмбөгийн хөгжлийн хувьд жижигхэн буурай орон. Гэвч бид 3x3 сагсан бөмбөгт Ази тивдээ аварга болж чадсан. Бид ирээдүйн олимпын тамирчдыг эх орондоо баяртайгаар хүлээн авна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

“FIBA 3x3 U18 World Cup 2019” тэмцээнд манай эрэгтэй баг Америк, Латви, Гүрж, Беларусийн шигшээтэй C хэсэгт орсон.

6-р сарын 4, 18.30 цаг Монгол – Латви

6-р сарын 4, 20.10 цаг Монгол – Беларусь

6-р сарын 6, 18.30 цаг Монгол – Гүрж

6-р сарын 6, 20.10 цаг Монгол – Америк

Латвийн залуучууд 18 насны ангилалд дэлхийн чансааны дөрөвт бичигдсэн хүчирхэг баг. Харин Беларусь 15, Америкийн баг 17, Гүрж 43-т жагсаж байна. Манай багийн хувьд долоод бичигдэж байгаа тул хэсгийнхээ гурван багаас чансаа өндөр байгаа юм.

Эмэгтэйчүүдийн шигшээ баг Франц, Голланд, Филиппин, Чехийн шигшээ багуудтай мөн С хэсэгт орлоо. 18 насны ангилалдаа манай баг дэлхийд дөрөвт бичигдэж байгаа бол Францын баг гуравт жагсдаг. Дэлхийд чансаагаараа Голланд 9, Филиппин 29, Чехийн баг 36-д орж байна.

6-р сарын 3, 18.40 цаг Монгол – Филиппин

6-р сарын 3, 20.20 цаг Монгол – Чех

6-р сарын 5, 19.00 цаг Монгол – Голланд

6-р сарын 5, 20.40 цаг Монгол - Франц

Монголын спорт сонирхогчид ийнхүү бүтэн ес хоногийн турш Сүхбаатарын талбайд дэлхийн шилдэг сагсан бөмбөгчдийн ур чадвар, гал гарсан гайхалтай тулааныг үзэж сонирхоно.

Сагсан бөмбөгийн 3x3 төрөл нь 2011 оноос албан ёсоор Олон улсын сагсан бөмбөгийн холооны (FIBA) үйл ажиллагаанд орж, 2017 оноос олимпын төрөлд багтсан.

“Токио 2020” олимпын наадамд оролцох улс орнуудыг 2019 оны арваннэгдүгээр сарын нэгэнд гарах чансаа шийднэ. Нийт найман баг олимпод оролцох эрх авах бөгөөд одоогоор дэлхийн чансаагаар манай эрэгтэй баг дэлхийд найм, Азид гуравт, эмэгтэй баг дэлхийд гуравдугаар байр, Азид хоёрт жагсаж байна. Чансаагаар эхний дөрвөн баг олимпийн эрхээ авч, тивийн сонгон шалгаруулалтаар үлдсэн багуудын нэр тодорно.

“FIBA 3x3 U18 World Cup” тэмцээний аваргууд

Эрэгтэй

2011 – Итали, Римини. 1. Шинэ Зеланд 2. Болгар 3. Итали

2012 – Испани, Алькобендас. 1. Серби 2. Америк 3. Франц

2013 – Индонез, Жакарта. 1. Аргентин 2. Франц 3. Орос

2015 – Унгар, Дебрецен. 1. Шинэ Зеланд 2. Аргентин 3. Франц

2016 – Казахстан, Астана. 1. Катар 2. Бразил 3. Итали

2017 – Хятад, Ченгду. 1. Бельги 2. Голланд 3. Словен

Эмэгтэй

2011 – Итали, Римини. 1. Испани 2. Итали 3. Япон

2012 – Испани, Алькобендас. 1. Америк 2. Испани 3. Австрали

2013 – Индонез, Жакарта. 1. Америк 2. Эстони 3. Испани

2015 – Унгар, Дебрецен. 1. Франц 2. Америк 3. Унгар

2016 – Казахстан, Астана. 1. Франц 2. Америк 3. Испани

2017 – Хятад, Ченгду. 1. Америк 2. Чех 3. Орос

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top