Apple шинэ iPod загварыг танилцууллаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Apple компани сүүлийн дөрвөн жилд анхных болох iPod тоглуулагчийн шинэ загварыг танилцуулж, дуу хөгжим, тоглоом зэрэг тоон контентыг үргэлжлүүлэн гаргаж буйгаа зарлав.

Шинэ үеийн iPod touch нь дуудлага хүлээн авахгүй л болохоос iPhone утастай ижил бөгөөд 199 ам.долларын үнээр зарагдаж эхэлжээ. “Бид хамгийн боломжийн үнээр iOS үйлдлийн системтэй, өмнөх загваруудаасаа хоёр дахин илүү хурдтай, Group FaceTime болон  AR буюу өргөтгөсөн бодит байдал бүхий төхөөрөмжийг бүтээж байна” гэж Apple компанийн бүтээгдэхүүний маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Грег Жозвиак онцлов. 

Хаана ч явсан тоглоом тоглох, хөгжим сонсоход хамгийн тохиромжтой байхаар iPod touch загварыг маш нимгэн, хөнгөн жинтэй бүтээжээ. Apple компани анх 2001 онд iPod тоон хөгжим тоглуулагчийг танилцуулж байсан билээ. 

Шинэ үеийн iPod touch тоглуулагчийг Wi-Fi хотспотыг ашиглан интернеттэй холбох боломжтой гэнэ. 

Энэ оны эхээр Apple компани зөвхөн iPhone ухаалаг утасны борлуулалтаас хамаардаг байдлаасаа татгалзаж, тоон контент, үйлчилгээг нэвтрүүлэхэд түлхүү анхаарах болсноо зарласан. 

Энэ жил Apple TV+ үйлчилгээ, захиалгат болон сурталчилгаагүй захиалгын үйлчилгээг 100 оронд танилцуулна гэж тус компани мэдэгдэв. Одоогийн байдлаар Apple News+ үйлчилгээг АНУ, Канадад англи, франц хувилбартайгаар нэвтрүүлээд байгаа бөгөөд энэ оны сүүлээр Их Британи болон Австралид танилцуулах гэнэ. 

"iOS үйлдлийн систем нь дэлхий дээрх хамгийн том тоглоомын платформ ба хурд нь бусад системийг бодвол гурав дахин илүү тул шинэ загварын iPod touch тоглуулагч дуу, дүрсний гайхалтай өндөр чанарыг санал болгож байна гэж тус компани мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top