Талийгаачийн нас барсан шалтгаан ИНЕГ-ын ойн баяртай холбоогүй гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан өнгөрсөн ням гарагт (2019.05.26) амиа алдсан хэрэг явдалд тус газрын 94 жилийн тэмдэглэлт ойтой огт холбоогүй гэж Агаарын навигаци, бодлого зохицуулалтын газраас мэдээллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус ажилтныг архидан согтуурч, 94 жилийн ойн баярын үеэр амиа алдсан мэтээр мэдээлсэн нь ор үндэсгүй гэж тус газрын ажилтнууд мэдээлж байна.

“Хэрэг гарсан өдөр 12.00 цаг хүртэл ИНЕГ дээр баярын хурал, шагнал гардуулах ёслол болсон. ИНЕГ-ын Агаарын навигаци, бодлого зохицуулалтын газрын  баярын хурал 13:30-15:00 цаг хүртэл үргэлжлээд албан ёсоор тарсан. ИНЕГ болон манай албаны зүгээс ямар нэгэн баярын арга хэмжээ үргэлжилсэн зүйл байхгүй. Бүх зүйл тэмдэглэл, протоколоороо бий. Шилдэг тэргүүний ажилтны нэг маань амиа алдчихаад байхад улс төржүүлж, худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье” гэж ИНЕГ-ын Холбоо навигаци ажиглалтын албаны дарга Д.Баяртогтох ярьсан юм.


Энэ сарын 24-ний өдөр буюу баасан гарагт тус албаны 20 ажилтан Гачууртын Шар хоолойн аманд байрлах “Оршил” амралтын газарт очиж амарцгаажээ. Дээрх ажилтнууд албаны зохион байгуулалтаар бус найзуудаараа амрахаар явсан байна. Байгууллагын ажилтан, удирдлагууд талийгаачийг архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, даруу төлөв нэгэн байсан гэсэн юм.

Албаны сахилга батыг сахиулах үүднээс 2018 оны Төрийн албаны салхига хариуцлага дэг журмыг чангатгах тухай засгийн Засгийн газрын тогтоол, Зам тээврийн хөгжлийн сайдын албан даалгавар, холбогдох бусад зүйлээр дэг журмыг чангатган ажиллаж ирсэн гэж ИНЕГ-аас мэдээллээ.

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул ямар нэгэн нэмэлт мэдээлэл хүргэх боломжгүй байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top