ӨДӨРЛӨГ: "Найрамдал" зусланд амрах эрхийн бичиг эрэлттэй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилго бүхий “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг  өнөөдөр /2019.04.30/ Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.  

Өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, судалгааны институт, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Өнөр бүл хүүхдийн төв, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн болон нийгмийн даатгал, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, хэлтсүүд, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, ажил олгогч томоохон 65 аж ахуй нэгж байгууллага, 10 хөдөлмөрийн хувийн бирж, Олон улсын байгууллагууд оролцлоо. Энэ өдөр иргэд өөрт хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөөг газар дээрээс нь хурдан шуурхай шууд авахаас гадна тулгамдсан асуудлаа нэг дор шийдвэрлүүлэх боломж олгож байна.

Өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өдөрлөгт очсоноор таны авч болох үйлчилгээнээс танилцуулъя.

НИЙГМИЙН ДААТГАЛ

Өдөрлөгт НДЕГ, нийслэл болон төвийн дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд ажиллаж байна.

НДЕГ-аас иргэд тэтгэвэр тэтгэмж тогтоолгох талаар тооцоолол хийлгэх, хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл авах, тус газраас нэвтрүүлсэн буй гар утасны аппликэшний бүртгэл баталгаажуулах, мэдээлэл авах, сайн дурын даатгалын гэрээ байгуулж, шимтгэл төлөх, дэвтэр баталгаажуулах үйлчилгээ авах боломжтой.

ХАЛАМЖ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын асраас ахмад настны амралт сувилал, хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж, зарим төрлийн эмчилгээний хөнгөлөлт гээд халамжийн бүх төрлийн үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээллийг авч болох нь.

“НАЙРАМДАЛ” ЗУСЛАНГИЙН ЭРХИЙН БИЧГИЙГ ХУДАЛДАЖ БАЙНА

Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн үйл ажиллагааг танилцуулах ажлыг зохион байгуулж байна. “Найрамдал” зуслангийн зуны амралтын хуваарь, үнийн мэдээллийг танилцуулахын сацуу зуслангийн эхний хоёр ээлжийн эрхийн бичгийг худалдаалж байлаа. Угтаа бол тус зуслангийн амрах эрхийн бичгийг зөвхөн цахимаар захиалдаг аж. Зуслангийн нэгдүгээр ээлжийн амралт зургадугаар сарын 3-нд эхлэх юм байна.


Өдөрлөгийг улс орон даяар буюу 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өдөрлөгийг нээж хэлэхдээ “Олон Улсын хөдөлмөрийн байгууллага нь НҮБ-ын дэргэд анх байгуулагдсанаас хойш 100 жилийн хугацаанд эгнээндээ дэлхийн 187 орныг нэгтгэж хөдөлмөр, хөдөлмөрийн хүрээний олон улсын хэм хэмжээ, стандартыг тогтоож, хөдөлмөрчдийг тэгш эрхтэй, зохистой хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлдэг бөгөөд бүхий л шийдвэр, бодлогын үйл ажиллагааг Засгийн газар, хөдөлмөрчид болон ажил олгогчдоос бүрдсэн гурван талт зөвлөлдөх бүтцээр дамжуулан гаргаж, хэрэгжүүлдэг байгууллага юм. Дээрх ойн өдрүүдийн хүрээнд манай яамнаас иргэд, олон нийтэд чиглэсэн хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү нээлттэй хаалганы өдөрлөг юм” гэдгийг онцоллоо. 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ 2018 ОНД САНГИЙН ОРЛОГЫГ 178.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ДАВУУЛАН БИЕЛҮҮЛСЭН

Нийгмийн даатгалын байгууллага 5.1 мянган ажил олгогч, 37.5 мянган албан журмын даатгуулагч, 18.2 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч, 14.3 мянган малчныг сайн дурын даатгалд шинээр хамруулжээ. Ингэснээр нийт 45.9 мянган ажил олгогч, 1 сая 104.7 мянган иргэнийг нийгмийн даатгалд хамруулан, 638.5 мянган иргэнд 1 их наяд 791.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардал олгож, үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг юм. 

Өдөрлөгийн үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Сарантай уулзлаа. Тэрбээр “Энэ жил нийгмийн даатгалын ерөнхий газар танд ойрхон-найрсаг үйлчилгээний жил болгон зарласан байгаа. Өнгөрсөн жил бид цахим үйлчилгээг хөгжүүлэх жил зарласантай холбогдуулаад иргэдийг нийгмийн даатгалын үйлчилгээ авахад илүү төвөггүй байдлаар олон зүйлийг хийж байна. Үүний нэг нь бидний гаргасан гар утасны аппликейшн, интернэт орчинд холбогдсон бүх газраас архивын лавлагаа өөрт холбоотой мэдээллийг авдаг болсон байна. Нийгмийн даатгалын байгууллага цайны цаггүй боллоо. Мөн урьдчилсан үйлчилгээнүүдийг үзүүлж эхэлж байна. Энэ нь юу вэ гэвэл тэтгэвэр тогтоолохоос урьдчилан материал өгч хянуулах боломжтой болсон. Энэчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газраас олон шинэ шинэ үйлчилгээг иргэдэд зориулан гаргаж байна" гэж ярилаа. 

Нээлттэй хаалганы үеэр нийгмийн даатгалын үйлчилгээ авах гэсэн иргэд олон байлаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Үйл ажиллагааны хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаяраас иргэд түлхүү ямар үйлчилгээ сонирхон зөвлөгөө авч байгаа талаар тодруулахад “Урьд өмнөхөө бодвол иргэд нийгмийн даатгалын үйлчилгээний талаар тодорхой мэдээлэлтэй байдаг болжээ. Өнөөдөр ирсэн үйлчлүүлэгчид ихэвчлэн тэтгэврийн насны хүмүүс байгаа юм. Тэдгээр хүмүүс тэтгэвэрт гарах материалаа бүрдүүлсэн байх төдийгүй дутуу материал юу байна, материалаа зөв бүрдүүлсэн эсэх зөвлөгөө авч байна. Мөн дээрээс нь нийгмийн даатгалын шинээр гарсан үйлчилгээнүүдийн талаар иргэд маш ихээр асууж байна. Тухайлбал, нийгмийн даатгалын аппликейшнээс хэрхэн мэдээлэл авах, яаж суулгах вэ. Мөн манай байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна үүнийг би хэрхэн хянах вэ зэрэг өөрт тулгамдаж буй асуудлаа зөвөөр шийдвэрлүүлэхээр хүрэлцэн ирж байна. Иргэдийн идэвх маш өндөр байгаад талархаж байна” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zohin(202.9.44.252) 2019 оны 04 сарын 30

Darxand oligtoi ajliin bairnii zar algaa ohij uzlee

0  |  0
Top