Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол өнөөдөр /2019.04.05/ боллоо. Энэхүү рэнсрэлийг Энэтхэгийн Дармасала хотоос залж ирсэн бөгөөд Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдэд босгох 18 метр өндөр Майдар бурхны шүншигт зориулан Жадо Рэнбүүчи өргөн барьжээ.
Рэнсрэлийг өнөөдрөөс эхлэн наймдугаар сарыг хүртэл Гандантэгчинлэн хийдэд залж сүсэгтэн олонд мөргөж, залбирах боломж олгож байгаа аж.
РЭНСРЭЛ-ЭНЭ БОЛ САЙХАН СЭТГЭЛИЙН ҮР ЮМ
Бурхад, гэгээнтнүүд урт хугацааны турш энэрэнгүй сайхан сэтгэл, бүтээлч зөв ухамсрыг хөгжүүлсний эцэст төгс гэгээрлийн хутгийг олж, эгэл жирийн хүмүүний биенээс хэдийдсэн хосгүй гайхамшигт лагшингийн эрдмийг олдог байна. Энэ бүгдийн биелэл нь рэнсрэл юм. Рэнсрэл гэдэг нь бурхан багш болон бурхны шашны ихэс мэргэд, бүтээлчийн лагшин шүтээнээс өөрөө үржин гардаг сувдан хэлбэртэй, онцгой сонин эрдэнийн шүтээн аж.
Өнөөдөр залж буй энэхүү Рэнсрэл нь Бурхны шашин ихэд дэлгэрч байсан Бирм улсад 1000 орчим жилийн тэртээх эртний нандин суварга дотор оршиж байжээ. Гарал үүсэл нь маш тодорхой уг рэнсрэлийг Синха Намдол Рэнбүүчигээс Жадо Рэнбүүчид ариун сүсэгт сэтгэлээр өргөн барьж байж.
Машид нандинд, адис жанлав ихтэй энэхүү Рэнсрэлийг Жадо Рэнбүүчи багш Ганданпунцагчойлон хийдийн шүтээн Алтан Майдар бурхныг бүтээх буяны их үйлсийг даган баясаж Бодь суварга, Жадонба судрын хамт өргөн барьжээ.
“Рэнсрэлийг харсан хүмүүсийн сэтгэл ихээр ариусаж , арвин сүжиг, сайныг бүтээх их хүч төрнө” хэмээдэг. Нэг ёсондоо Рэнсрэл нь бурхан номын оргилд хүрсэн хүний бие лагшин нь хүртэл тийм хүчтэй агуу эрдэнэ ургуулах чадалтай болдгийн бодит баримт жишээ юм. Бурхан багшийн Рэсрэлийг ийнхүү залах үйл нь өмнө нь бурхан багшийн их дүйчин өдрүүдээр хэд хэдэн удаа болж байсан бөгөөд энэхүү Рэнсрэл нь Монгол Улсад Ганданпунцагчойлон хийдийн Алтан майдар бурхны шүншигт байнга залагдах болсноороо онцлогтой.

Сэтгэгдэл ( 0 )