Санхүүгийн зах зээлийн ТОЙМ-той танилц!

2019 оны 01 сарын 29

Санхүүгийн салбарын 2018 оны жилийн эцсийн үзүүлэлтүүдийг өнөөдөр /2019.01.29/ Санхүүгийн зохицуулах хорооноос танилцууллаа. Даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2018 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар өсч, 1.8 их наяд төгрөгт хүрсэн бол үнэт цаасны зах зээлийн хэмжээг илэрхийлэгч гол үзүүлэлт болох зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өсөн 2.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.

 

 Санхүүгийн дээрх салбаруудын нийт хөрөнгө болон зах зээлийн үнэлгээний нийлбэр дүн 2018 оны жилийн эцсийн ДНБ-ий 16 хувьтай тэнцэж байгааг Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун хэллээ. Үүний дотор 9 хувийг нь үнэт цаасны зах зээлийн үнэлгээ эзэлж байгаа бөгөөд өссөн дүнгээр нийт 210.3 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдсэнээр хөрвөх чадварын үзүүлэлтийг 2017 оныхоос 5.2 хувиар огцом нэмэгдүүлсэн байна.

 

Даатгалын салбарын нийт хураамжийн орлого өмнөх оныхоос 24.3 хувиар, нийт нөхөн төлбөрийн зардал 27.8 хувиар тус тус өсчээ. Банк бус санхүүгийн салбарын чанаргүй зээл 2017 онд нийт зээлийн 12.7 хувь байсан бол 2018 онд 3.1 нэгжээр буурч, зээлийн чанар ихээхэн сайжирчээ. Мөн тус салбарын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж 233.8 мянгад, харин нийт харилцагчдын тоо 1.6 сая хүрчээ. Хадгаламж, зээлийн хоршооны салбарт ч ялгаагүй зээлийн чанар сайжирсаар байгаа бөгөөд 2018 онд нийтдээ 5.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

 

Санхүүгийн зах зээлийн 2018 оны хураангуй ТОЙМ-той танилцана уу.


 

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ”-ийн үнэлгээ 2 их наяд 500 тэрбум


2018 оны жилийн эцсийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээлд Үнэт цаасны арилжаа эрхлэх 2, төлбөр тооцооны 1, төвлөрсөн хадгаламжийн 1 байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн 17 компани, 12 хувийн хөрөнгө оруулалтын сан, 3 кастодиан банк, 54 үнэт цаасны компани тус тус үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Хороонд бүртгэлтэй нийт 305 хувьцаат компани байна.

Оны  эцсийн байдлаар үнэт цаасны зах зээлийн үнэлгээ (ЗЗҮ) 2,511.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 71.5 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт ЗЗҮ-г 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 9.0 хувьтай тэнцсэн бөгөөд энэ дүн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.3 пунктээр өсчээ.

 

Өссөн дүнгээр нийт 210.3 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа 2018 онд хийгдэж хөрвөх чадвар 2017 оныхоос 5.2 пунктээр өсч 8.4 хувьд хүрлээ.

 

2018 оны нэгдүгээр улирлын байдлаар “Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХХК-аар дамжуулан нийт 245.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь түүхэн дэх хамгийн өндөр дүн бүхий арилжаа болсон юм. Нийт арилжааны дүнг задлан авч үзвэл, МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 31.4 төгрөгийн хувьцаа, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 178.6 тэрбум төгрөгийн хувьцаа, 33.5 тэрбум төгрөгийн ЗГҮЦ, 631.6 сая төгрөгийн компанийн бонд, МҮЦБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 1.0 тэрбум төгрөгийн компанийн бонд, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 292.1 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалав. Хувьчлан авч үзвэл нийт арилжааны дүнд эзлэх хувьцааны гүйлгээний дүн 85.7 хувь, ЗГҮЦ-ны гүйлгээний дүн 13.7 хувь, компанийн бондын гүйлгээний дүн 0.7 хувь байна.

 

ТОП-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 729.8 нэгжээр буюу 3.5 хувиар өсч 21,466.8 нэгж болсон бөгөөд индексийн дээд үзүүлэлт 21,737.7 нэгж, доод үзүүлэлт 18861.36 нэгж, дундаж үзүүлэлт 20157.00 нэгж байна.

 

Хөдөө аж ахуй, түүхий эдийн зах зээлд арилжаа эрхлэх 1 байгууллага, түүхий эдийн 12 брокер үйл ажиллагаа явуулж байна.

 

2018 онд “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нийт 157 удаагийн арилжааг зохион байгуулж 711.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бөгөөд энэ нь хамгийн өндөр дүн бүхий арилжаа боллоо. Нийт арилжааны дүнгийн 83.1 хувийг ямааны ноолуур, 8.4 хувийг завод ноос, 7.9 хувийг хонины ноос, 0.6 хувийг тэмээний ноос, 0.1 хувийг бодын хөөвөр тус тус эзэлж байна.

 

“ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛ”-ийн хөрөнгө 341.3 тэрбум төгрөгт хүрлээ


Даатгалын зах зээлийн гол үзүүлэлтүүдийн нэг болох нийт хөрөнгийн хэмжээ 2018 онд өмнөх оноос 39.4 хувиар тус тус өсч, 341.3 тэрбум төгрөгт хүрсэн нь 2017 оны жилийн эцсийн ДНБ-ийн 1.3 хувийг эзэлж байна.

 

Тус салбарт давхар даатгалын нэг компани нэмэгдсэнтэй холбоотойгоор хөрөнгийн бүтцэд өөрчлөлт гарсан ба давхар даатгалын нийт хөрөнгийн салбарын үзүүлэлтэд эзлэх хувь хэмжээ 2017 онд 17.7 хувь байсан бол 2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 20.5 хувь болж өслөө. Салбарын нийт хөрөнгийн 76.9 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.6 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлж байна.

 

Харин нийт хураамжийн орлого өмнөх оноос 24.3 хувиар өсч 179.4 тэрбум төгрөг болов. Энэхүү өсөлтийн 93.6 хувийг ердийн даатгалын компаниудын нийт хураамжийн орлогын өсөлт бүрдүүллээ. Хураамжийн орлогын төвлөрүүлэлтийг авч үзвэл даатгалын зуучлагчид 46.2 тэрбум төгрөг буюу 25.8 хувийг, даатгалын төлөөлөгчид 58.7 тэрбум төгрөг буюу 32.7 хувийг бүрдүүлсэн байна.

 

Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал 57.8 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 32.2 хувийг эзэлж байна. Үүнээс ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.5 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нөхөн төлбөрийн зардал 27.8 хувиар өслөө.

 

Даатгалын компаниуд өөрийн хүлээж авсан эрсдэлээ шилжүүлэх зорилгоор өөр нэгэн даатгалын компаниас давхар даатгалын үйлчилгээг авдаг. Манай орны хувьд дийлэнх даатгалын компаниуд гадны давхар даатгалын компанид эрсдэлээ даатгадаг ба тайлант жилд нийт 56 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамжийг шилжүүлээд байна. Энэ нь өмнөх оноос 20.2 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт хураамжийн орлоготой харьцуулахад 31.2 хувь байлаа.

 

2018 онд даатгалын салбарын татварын дараах цэвэр ашиг 18.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 11.4 хувь, нийт хөрөнгийн өгөөж 5.5 хувь байна.

 

“БАНК БУС САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” -ийн хөрөнгө 1.3 их наяд төгрөг


2018 оны жилийн эцсийн байдлаар санхүүгийн зах зээлд нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын Хорооноос олгодог тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх 10 төрлийн үйлчилгээ байгаагаас тайлант онд нийт байгууллагуудын дийлэнх нь буюу 91.1 хувь нь зээлийн үйл ажиллагааг дагнан болон хавсран эрхэлж, 8.9 хувь нь зөвхөн гадаад валют арилжааны үйлчилгээг дагнан эрхэлж байна.

 

Санхүүгийн байгууллагуудын чадавх, хэмжээг илэрхийлэгч хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болох нийт хөрөнгийн хэмжээ жилийн эцсийн байдлаар 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 32.5 хувиар өссөн байна. Активын бүтцээс харвал салбарын хөрөнгийн өсөлтийн 73.2 хувийг зээлийн өсөлт, пассивын бүтцээс харвал өөрийн хөрөнгийн өсөлтийн 66.1 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт тус тус бүрдүүлж байна.

 

2018 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оноос 36.1 хувиар өсч, 868.5 тэрбум төгрөгт хүрлээ. Нийт зээлийн үлдэгдлийн 96.5 хувийг төгрөгийн, 3.5 хувийг валютын зээл эзэлж байгаа бол, 86.6 хувийг хэвийн зээл, 3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.6 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. 2017 онд салбарын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 12.7 байсан бол тайлант онд уг үзүүлэлт 3.1 нэгжээр буурч, зээлийн чанар сайжирсан байна.

 

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж 233.8 мянгад, харин нийт харилцагчдын тоо 1.6 саяд хүрчээ. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин оны эцсийн байдлаар 3.3 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх оноос 0.1 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.

 

2018 онд салбарын нийт ашиг 100.6 тэрбум төгрөгт хүрсэн ба нийт банк бус санхүүгийн байгууллагуудын 85.2 хувь нь 108.6 тэрбум төгрөгийн ашигтай, 12.2 хувь нь 8.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Салбарын ашигт ажиллагааны үзүүлэлтүүд болох нийт хөрөнгийн өгөөж 8.9 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 11.6 хувьтай байгаа ба өмнөх оноос 1.3, 1.6 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

 

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ЗАХ ЗЭЭЛ”-ийн хөрөнгө  200.2 тэрбум төгрөг 


2018 оны жилийн эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон хадгаламж, зээлийн тусгай зөвшөөрлийн эрхтэй 279 хоршоо байгаагаас 63 хувь нь Улаанбаатар хотод, 37 хувь нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

 

Салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2018 онд 200.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 30.7 хувиар өссөн байна. Нийт ХЗХ-дын 90.3 хувь буюу 252 ХЗХ нь нийт 141.5 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрүүлсэн бол үлдсэн 9.7 хувь буюу 27 ХЗХ нь огт хадгаламж татаагүй байна. Нийт хадгаламжийн 98 хувь нь хугацаатай хадгаламж бусад 2 хувь нь хугацаагүй хадгаламж эзэлж байна.


 

ХЗХ-ны салбарын нийт цэвэр ашиг 2018 онд 5.4 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн онтой харьцуулахад 0.1 хувиар буурсан. Нийт орлого 41.2 тэрбум төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувиар өссөн. Нийт зарлага 35.8 тэрбум төгрөг ба өнгөрсөн улирлаас 9.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

2018 онд салбарын хувьд 3.6 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн сан байгуулж нийт 130.2 тэрбум төгрөгийн цэвэр зээлтэй байна. Нийт зээл өнгөрсөн оны мөн үеэс 27.1 хувиар өсч 133.7 тэрбум төгрөгт хүрсэн ба чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 4.5 хувь буюу 6.0 тэрбум төгрөг байна.

 

 

 

 

 

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top