Ай,Төмөр-Очир: Үсээ их ургуулж, үгээ хамаагүй хэлдэг гээд мултарсан даа

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 23

Яруу найрагч, зураач, Эх баригч эмч, уяач, улстөрч гээд нэгэн биеэнд олон зүйлийг цогцлоосон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очиртой хөөрөлдлөө. 

-Сайн явж ирэв үү та, шууд асуухад анхны шүлэг хэзээ бичсэн гэхээсээ илүү анх сонссон яруу найраг юу болж таарах вэ?

-“Рулиэ өнхөрүүлж
Рункаа бөмбөрүүлж
Ручка эргүүлж яваад л ирлээ” Тэгэхээр сайн л явж ирсэн байгаа биз дээ. Ингэж хэлж байгаагийн учир ах нь нэг ч удаа ширээний ард тухалж суусангүй. Жолооны хүрдэн дээр гээд хаа таарсан газраа шүлгээ бичээд л явдаг юм. Миний ээжийн аав Галсандаш гэж сайхан буурал байлаа. Өвөө маань надаар нуруугаа их маажуулна. Нурууг нь маажаад дуусахад өвөө маань
“Хар сээрээрээ дүүхэлзэж
Хазаар хаялсан
Хар морь унаж яв″ гэж ерөөдөг байв. Энэ бол миний орчлонд ирээд сонссон анхны яруу найраг. Би энэ ерөөлөөр л явж ирсэн. Үе тэнгийнхэн, хүрээлэн буй орчиндоо тэгтлээ мандсан мундаг яваагүй ч хэний ч дор орсонгүй явж ирлээ. Одоо ч ах нь гангарч явна. Энэ учиртай ерөөл намайг өдий зэрэгт авчирсан гэж сүсэглэдэг.

-Зураач яруу найрагчид тийм ч олон байдаггүй. Тэгэхээр анх зурсан морины хувьд?

-Шуудхан хэлэхэд адуу бол миний багш. Багадаа нагацыгаа дагаад адуунд давхина. Тэгэхдээ би адууны аяглаж загнаж байгаа байдал. Идэж уухаас эхлээд бүгдийг нарийн ажиглана. Энэ нь надад зураг болж буудаг. Шүлэг бичээд зурдаг уран бүтээлчид Монголд төдийгүй дэлхийд бий. Харин адуу дагнаж зурдаг зураач Монголд бүү хэл дэлхийд ховор. С.Жамбал “Монгол морины лавлах товчоо’’- нд морь зурдаг зураачийг “Анамалист” гэж Оросоор, “Ипполгия” гэж Англиар нэрлэдэг юм билээ. Тэр номонд “Адуу дагнаж зурдаг Английн зураач Жорж Стаббасаас гадна Монголын зураач Ай. Төмөр-Очир байдаг” гэж бичсэн байна лээ.

-Тэгэхээр сэтгүүл зүйд зүтгэж байсан. Одоо ч бичиж туурвиж явна гэхээр нэгэн хүнд ахадсан ачаа биш үү?

-Тэгэж бодогдож болох талтай. Сэтгүүл зүйн хувьд “Ардын эрх”, “МОНЦАМЭ”, “Өдрийн сонин”-ы орон нутаг дахь сурвалжлагчийн ажлыг олон жил хийсэн. Үүний улбаа сонинуудын оны шагналыг авч л явсан. Мөн ингэж бичиж явахад хөдөөд их ганцаардах ч үе байна. Ах нь ганцаардлаа гээд хэнтэй хамаагүй нөхөрлөж яваагүй. Угаасаа яриа нийлдэггүй юм. Тэд мөнгө төгрөг, хүүхэн л ярина биз. Тэгэхээр яаж яриа нийлэх билээ.

-Манай утга зохиолд С.Эрдэнэ, Т.Очирхүү, Л.Мягмарсүрэн гээд эмч нар цөөнгүй хүмүүс бий. Та ч эмч хүн. Тэгэхээр эмч болсон замналынхаа тал руу яриагаа хандуулах уу?

-Дорноговь аймгийн Анагаахын сургуульд 16-тай жаахан хүү очиж байлаа. Энэ нутгийг би үнэхээрийн биширч дээдэлж явдаг. Равжаа хутагтын нутагт Х.Цэрэндорж, Нямхүү, Шагдарсүрэн багш нарынхаа гар дээр очсон доо. Модыг анх авчраад юм хийхэд заавал ч үгүй цавчиж харуулдаж юм болгоно биз. Би бол Дорноговьд яг л уулнаас авчирсан мод шиг юм очсон. Харин багш нар маань харуулдаж цавчаад хүн болгосон доо. Дорноговийн Анагаахын сургууль яруу найрагчийн даллагатай газар. Тоомойн Очирхүү, Х.Цэрэндорж нар багшилж, Х.Сүглэгмаа нарын олон яруу найрагчдыг төгсгөсөн сургууль. Тэнд байхдаа би Д.Пүрэвдорж гуайн “Хөх даалимбан тэрлэг’’, “Хар цас” найраглалуудыг цзэжэзр уншдаг байсан. Багаасаа л аст, үдэшлэг хөтөлдөг, юм уншдаг байсан даа.

-Дорноговьд ирэхээс
ээ өмнө ямар хүний номын дууг сонсож байв. Утга зохиол талдаа шүү дээ?

-Сүхбаатар аймагт дөрвөөс наймдугаар ангид И.Батсүх гэдэг багш утга, уран зохиолын номыг зааж байгаад ийм сайхан өлгий нутагт үдэж өгсөн дөө. Би чамд нэг юм хэлье. Уран бүтээлч болоход заавал удам хэрэгтэй. Уран бүтээлч болоход заавап энэ чиглэлийн сургууль төгссөн нь уран бүтээлч болдог юм биш. Тэр хүний цусанд явдаг зүйл. Би бол хар багын л зохиолч болно гэж боддог байсан. Гэхдээ би зохиол бичиж чаддаггүй байсан, Тэр хүн авьяасыг авч төрсөн л бол тэр нь гэрэлтэж явдаг. Үүнээс хойш И.Батсүх, Д.Нямсүрэн, О.Дашбалбар нарын суганд нь, гэрэлд нь явж утга зохиолд өөрийгөө бий болгосон байх. Тийм улсын салхинд нь явахад л болдог юм.

-Ингэхэд анагаахын тухай ярьж байсан чинь яриа маань буцаад л уран бүтээл рүү хальтирчихлаа. Анагаахад ямар ангид сурсан юм бэ?

-Дорноговийн анагаахыг Эх баригч бага эмч”-ийн мэргэжлээр төгссөн. Манай анги дөрвөн банди, 26 охинтой байсан. Нэг бандид зургаан охин оногдож байна гэсэн үг. Тэр ангийн банди нарын хувцас хиртэй бол охидод зэмлүүлнэ, хичээл тасалбал охид зэмлүүлдэг байлаа.

-Эх баригч гэхээр сонин санагдаж байна л даа. Хүүхэд эх барих, уран бүтээл эх барих хоёр мөн чанар нь ойролцоо байх шүү?

-Тэс өөр бодогдож болох зүйл хэдий ч чиний хэлдгээр мөн чанар ижил байх шүү. Анагаах төгсөөд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд Эх баригч бага эмчээр очсон. 22 хүүхэд эх барьж авсан байна билээ. Хэдэн жилийн өмнө гэртээ байтал хэдэн бакиал чирсэн нөхөд пижигнээд л ороод ирлээ. За та нар ч юу болж байгаа нь энэ вэ гэтэл “би тэдний хүүхэд”, “би ч тэрний хүүхэд” гээд боож авсан хүн дээрээ ирж байгаа нь тэр гэнэ. Миний эх барьж авсан хүүхэд 18 хүрээд цэрэгт явахаасаа өмнө боож авсан ижий дээрээ ирж байгаа нь тэр. Ахиад л жилийн дараа ханхайсан харцуул болоод хүрээд ирсэн. Мөнххаан уулын хавиар явахад цайны сүүгээр бол тасрахгүй шүү. Үүнийг бол авилга гэхгүй байлгүй дээ.

-Эрэгтэй хүн. Тэгээд анх хүүхэд боож авна гэдэг амаргүй даваа биз. Энэ талаар хуучлахгүй юу?

-Анх удаа 18-тай ээж төрүүлэх боллоо. Гэтэл хүүхэд толгойгоороо гардаг байтал хөлөөрөө гарч байлаа. Энэ бол анхных бөгөөд маш сонин тохиолдол. Эмч байна гэдэг амар ажил биш. Хариуцлагатай, нарийн ажил. Чи дээр асуусан. Ном төрүүлнэ гэдэг бас амаргүй ажил. Ах нь одоо хэдэн тооны номтой. Үхэхдээ чадвал азарга адуу дэрлэж үхнэ. Одоогоор хэдэн ном бэлэн болгоод байна. Гурван ч адууны ном бичлээ. Адуугаар нэрлэсэн гэхүү дээ. Би ярьдаг юм. Анагаах ухааны адуу судлалын ангийг, Намын дээдийн найраг шүлгийн ангийг, Их засаг сургуулийн улстөрийн хэрүүл зүйн ангийг төгссөн гэж. Анагаахад сурч байх үе болон одоо ч нөхөрлөж ах дүүгийн барилдлагатай Дорноговийн хэдээ “Дорноговийн долоон солиот” гэдэг юм. Х.Цэрэндорж, Л.Одончимэдээс эхлээд А.Эрдэнэ-Очир гээд хэдэн нөхөд орно шүү дээ.

-Таныг би их хожуу анхны номоо гаргасныг мэддэг учраас анхны шүлэг бичсэн тухай асуугаагүй юм. Ямар учраас ийм орой болтол номоо хэвлүүлээгүй хэрэг вэ?

-Дутуу дулимаг юм гаргаж болохгүй. Дутуу төрж болохгүй. Хүнээр бол зулбаж болохгүй биз дээ. Зулбана гэдэг юу билээ. Тэгэхээр нэлээд бодож эвлүүлж байж сая ном төрөх ёстойн үүднээс орой 2002 онд анхны номоо хэвлүүлж байлаа. Алдар нэр хүнд, мөнгө төгрөг олох амархан. Гагцхүү дутуу төрсөн бүтээлтэй явбал насан туршийн л зовлон биз дээ. Би 100 жил хөдөлмөрлөсөн гэдэг юм. Өдий насанд 30 жил шүлэг бичлээ гэж үзье. Мөн 30 жил зураг зурна, 30 жил сэтгүүлзүйд хөдөлмөрлөсөн, тэгээд 10 жил тугал бярууны сүүлнээс чирэгдэж, хурга ишиг эргүүлсэн гэж үзэхэд би 100 жил хөдөлмөрлөсөн гэж үзээд байгаа хэрэг. Тэгээд би
“Миний үхэл гүрэн мөхөхийн дайтай
Тэр хугацаа хүртэл 100 жилийн зайтай″ гэж хэлсэн хэрэг.

-Та чинь Намын сургууль төгсөөд л улстөрийн ажил хийгээд мандуулж байсан. Гэнэт л улс төрийн ажлаа орхиод уран бүтээл гээд давхиж явна. Өөрөө орхив уу. Намдаа жийгдэв үү?

-Намын сургууль төгсөөд аймгийн эвлэлийн хороо, сумын Засаг даргаар ажиллаж байлаа. Би тэгээд бодсон юм. Дарга болох ч амархан юм даа. Нэг л өдөр суг явна даа гэж байтал “Үсээ их ургуулж, үгээ хамаагүй хэлдэг” гээд мултарсан даа. Тэгэхэд уран бүтээл миний нууц амраг байсан. Одоо бол ил амраг болсон. Энд нам ч жийсэн хэрэг биш. Одоо ч би аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч шүү дээ.

-Та МАХН-ын гишүүн хүн. Намын чинь талаар янз бүрийн л юм ярих болжээ?

-Би МАХН-д 1981 онд элссэн. Тэр үед олон намын сураггүй, олон ургальч үзэл зураггүй байсан. Манай нам Их Д.Нацагдоржоос эхлээд агуу их Б.Ренчин, Р.Чойном гээд бүгдийг нь шоронд суулгасан. Гэлээ гэхэд би намынхаа им тамагнаас болоод дуугүй яваад байж чаддаггүй хүн. Манай уран бүтээлчид цаг үедээ бурантаглуулчихаж, аминд хал балгүйгээр нь хайр дурлал, эмээ өвөөгийн тухай л бичих болж, залуучууд зориггүй байна. Оюуны ертөнц одойчуудаар дүүрлээ. Энэ нь оюун санаа давжаарч байгааг хэлж байгаа юм. Би энэ одойчуудыг үзэн ядаж байна. Зоригтойхон дуугарахгүй бол болохгүй цаг иржээ. Би энэ төрлөөр уран бүтээлээ туурвиж байна. Миний энэ “тусгаар тогтнол, иргэний улстөрийн баатарлаг найраглал”- уудыг хэн ч бичихгүй. Миний хувьд улс төрийн боловсрол олж, тогоонд нь чанагдлаа, уран бүтээлд ч чанагдлаа. Миний өмнүүр хараахан дайраад ороод ирэх хүн байхгүй гэж бодож байна. Үүнийг нухлуулсан хүн л бичнэ. Ах нь нэгэн цагт эх баригч эмч байлаа. Одоо бол нийгмийн эмч болсон. Нийгмийн хаана нь батга, хаана нь хатиг байгааг мэднэ. Нөгөө талаар нийгмийн гоо засалч болсон. Би морийг хараад энэ түрүүлнэ гэж хэлж чадахгүй. Харин энэ нь хоцрох юм байна гэж хэлж чадна.

-Та тэр жил “Алтан гадас” одон авчихаад аймагтаа хашгирсан дуулдана. Чухам яагаад хашгирах болов?

-Энэ сүртэй юм биш. Ах нь хаа ч үнэнээ хэлэх гэж явдаг. Отгонбаяр сайдаас одон авчихаад аймгийнхаа Засаг даргад “Энэ яруу найргийн одон юм шүү. Үнэн үгийн аргамжаа юм шүү” гэж л хэлсэн. Миний энэ найраглалууд ямар ч Их хурлын дарга, ямар сайдын зарлиг, тушаалаас үнэтэй, хүчтэй юм. Ерөнхийлөгчид номоо гардуулж “Эмнэг хар азарга”-аа уншиж өгсөн. Би Сүхбаатар аймгийн яруу найрагч биш. Би Монголын яруу найрагч. “Төрийн минь сүлдэнд Морь янцгааж Гэрийн минь үүдэнд Нохой хуцаж байхад Монголын төр осгохгүй ээ” гэж бодож явдаг.

-Танд энэ мэтчилэн газар шорооныхоо төлөө бичсэн опон сайхан найраглалууд байдаг. Газар шорооны хувь заяа хаашаа байна?

-Миний Монголын нутаг, газар шороо уйлж байна. Газар нутгаа бусдад өгөхөөс буцахгүй луйварчид олширч байна. Үүний л гай. Үүний төлөө бид л тэмцэх хэрэгтэй. Уран бүтээлчид бол цаг үеэ зөв мэдэрч, түүнийг зоригтой дуулдаг, түмэндээ хүргэдэг байх хэрэгтэй. Түүнийг нь нээлттэй байлгадаг төр хэрэгтэй байдаг. Одоо тийм уран бүтээлч ч алга, нөхцөл бололцоо ч алга.

-Нөхцөл бололцоо гэснээс “Болор цом” дээр та улстөр нийгмийн сэдэвтэй шулгээр үзэгчдийг шуугиулж харагдсан?

-“Болор цом” уран зохиол хийгээд ард түмэнд хэрэгтэй наадам байсан. Одоо бол “Болор цом” биш “Утаат цом” болсон. Улстөрчид Улаанбаатарын утааг арилгая гэж ярьж байна. Үүн шиг бид “Болор цом”-ынхоо утааг арилгах цаг болсон. Энэ жилийн цомыг аваад үзэхэд л хичнээн муухай зүйл болов.

-Таны хувьд шүүгчдийн буруу гэх гээд байна даа?

-Шүүгчид бол манай утга зохиолын мундагууд байсан гэдэгтэй санал нийлнэ. Тэд маань даанч ичгүүртэй, ухаангүй хандсан. Хэдэн жилийн өмнө хангайн сайхан буга хотын хог ухаад зогсож байгаад одоо бүр алга болсон. Тэд яг л үүн шиг харагдсан. Харамсалтай нь тэд миний болон ард түмний хайртай хүмүүс байсан. Үүний цаана манай нийгмийн мөнгөний хаанчлал, оюун ухааны цөхрөл харагдаж байсан. Монголд улс төр бузартсан гэж үзэж байгаа бол утга зохиол газардаж байгааг тэгэхэд л мэдэрсэн. Надтай санал нэг мянга мянган үзэгчид зуу зуун найрагчид бий гэдэгт эргэлзэх юм алга. Сүүлийн үеийн “Болор цом”-ууд “хялар”, “сөлөр” цомууд болсон. Одоо “сохор цом” бий болох вий гэж айж байна.

-Та дээр хэлсэн намын хурал дээр ширүүн дуугардаг гэж. чухам юу гээд хэлчихсэн юм?

-Манай намын 23 дугаар хурал болж би төлөөлөгчөөр ирэхгүй юу. Тэгээд
“Их хурал дээр унтдаг хонь байснаас Иргэдийн хурал дээр чоно байсан дээр” гэж хэлээд, та нарыг сонгогч нарын чинь өмнөөс нэг сайн ороолгоё гэж хэлээд индэр дээрээс буусан. Би бол Ойрд, Өөлд, Халх гэсэн гурамсалсан цусны зангилаатай их түмний хүү. Ааг омог нь зүрхэндээ багтаж ядсан улсын тасархай. Хотын даргаар Т.Билэгтийг ажиллаж байхад би уулзаад танд би хадаг барьж ирж чадсангүй. Бадаг барьж ирлээ гээд
“Халхын тэнгэр бүрхэг
Хар тугалган үүлтэй байна
Түүнээс асгарах аадарт нь
Ард түмэн шавьшуулж байна
Хар тугалгатай нөхөрлөсөн хүн
Харалган болж сохордог гэнэ
Ийм л үүл нөмөрсөн хотын
Ирээдүй ер нь яадаг бол” гэж уншиж өгсөн.

-Таныг утга зохиолын аваргууд ч тэр, багачууд ч тэр “Ай” гэж дуудаж байгаа бололтой байдаг?

-Энэ бол айхын ч ай биш, айлгахын ч ай биш, аялгуулж дуулахын, асч дүрэлзэхийн, аавын нэрний эхлэл. Айлтгүй гэхээр Зоригтын банди гэхээр нутгийнхан андахгүй. Тэгээд ч манайхан “Зоригтнууд” хэмээх төрд данстай овгийнхон.

С.Ууганбаяр

 www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.1) 2018 оны 07 сарын 30

чи сайн хүн шүү хүнээрээ хорвоог дуусгаарай ахиад гучин жил байгаа шүү

0  |  0
zochin(112.72.11.104) 2018 оны 07 сарын 24

zahiin amitad gaviyat avj bhad avalgui yah ve het shudargaasaa bolood bolor tsom avaagui baih

0  |  0
zochin(112.72.11.105) 2018 оны 07 сарын 23

turtsun aviyastai zurna bichne yrih ni yruu nairag

0  |  0
zochin(112.72.11.105) 2018 оны 07 сарын 23

udam sait

0  |  0
tttt(165.225.96.80) 2018 оны 07 сарын 23

khel am ni hugjisun hugshin bandi uu! lalar chin

0  |  0
ss(64.119.17.120) 2018 оны 07 сарын 23

eh oronch hun dee

0  |  0
batjav(112.72.11.104) 2018 оны 07 сарын 23

Uvuu ni mundag oros heltei mundag barag baatar hun bsan halh goliin museid edlej hereglej bsan zuils tuuhiig ni sonsoj bsan

0  |  0
zochin (112.72.11.104) 2018 оны 07 сарын 23

ene hun bolood ednii udam arhichin bish shuu hu nertei udamtai sain hunii ur suutei guunii unaganuud bgad um daa

0  |  0
туул(122.201.19.99) 2018 оны 07 сарын 23

Авъяас билэгтэй хүн гавъяат хүн үнэн үгтэй хүнд бүү өширх

0  |  0
зочин(27.123.214.103) 2018 оны 07 сарын 23

энэ согтуу толгой хэзээ гавьяат болсон юм бэ

0  |  0
Top