Г.Амаржил: Би “Making the band” шоунд хэр сайн дуулдгаа ч мэдэхгүй бацаан орсон

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 21

MN 25 дугаар суваг телевизийн “Making the band 3” шоунаас “Mixx” хамтлаг төрөн гарсан билээ. “Mixx” хамтлагийн хувьд гурван охин, гурван залуугаас бүтсэн, дахин давтагдашгүй өнгө төрхтэй гэдгээрээ онцлог хамтлаг гэдгийг шүтэн бишрэгчид онцолдог. Тус хамтлагийн нэгэн чимэг болж байсан Ганбаатарын Амаржилтэй ярилцлаа. 

- Уран бүтээлийн хувьд удаан хугацаанд чимээгүй байлаа. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач?

- Сайн байна уу. Ярилцлага уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед уран бүтээлээсээ илүү хувийнхаа ажилд анхаарч байна. Ээжийнхээ эмэгтэйчүүдэд зориулсан корсетны “Aya corset belt” гээд эрүүл мэнд гоо сайхны даруулган бүсний салонд ерөнхий менежер хийж  байгаа. Энэ ажилдаа анхаараад, уран бүтээл рүүгээ төдийлөн туурвиж чадахгүй байна. Харин 2018 онд олон зүйл төлөвлөж байгаа. Хүн ер нь бага зүйл төлөвлөөд байвал багыг л авна. Эсрэгээрээ том зүйл төлөвлөвөл илүү амжилт гаргах магадлалтай гэдгийг ойлгосон. Тиймээс томоор төлөвлөж байгаа 2018 оныг л тэсэн ядан хүлээж байна.


- Тэгэхээр 2018 тэсрэлт хийсэн уран бүтээл гаргана гэж ойлгож болох уу?

- Хэрэв төлөвлөсөн бүхэн минь амжилттай бүтвэл дэмжигчдээ баярлуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Гэвч одоогоор уран бүтээлээ хувийнхаа ажлаасаа болоод хойш тавих нь их байна. Мөн намайг шахаж, ажиллах продюсер дутмаг байна гэхүү дээ. Намайг яаг ямар гаам уншиж, яаж ажиллахыг зааварлах, шахах продюсер хэрэгтэй байгаа.

- Тун удахгүй шинэ жилийн баяр тохиох гэж байна. Урилга хэр их ирж байна вэ?

- Уригдаж байгаа. Хүмүүс одоо ч “Mixx” хамтлагийг мартаагүй, хайртай байгаа нь надад уран бүтээл туурвих урам зориг өгч байна. Хүмүүс уран бүтээл гаргах уу гэж асуусаар байгаа.

- Нууц биш бол нэг дууг дуулах үнэ ханш нь хэд вэ?

- Одоогоор дуулах санал авахгүй байгаа. Аль нэг газрын шинэ жил дээр очиж дуулах бодол алга. Учир нь өөрийн хувийн уран бүтээл байхгүй болохоор. Хүмүүсийн ковер дуулаад явж болно л доо. Гэхдээ тэгэхийг хүсэхгүй байна. Өөрөө уран бүтээл гаргаад хүмүүст таалагдвал тухайн уран бүтээлээрээ уригдахыг хүсч байна даа. Найз нарынхаа гуйсан гуйлтыг биелүүлэх үе бол бий. Би өөрөө итгэгч хүн. Энэ тал руугаа л уран бүтээл хийдэг юм уу гэж бодож байна. Шинэ жилээс өмнө шинэ жилийн магтан дуунуудыг дуулж, хүмүүст бэлэг барих гэж байгаа.

- Таныг хамтлагаасаа гарахад нэлээдгүй шуугиан дэгдсэн. Яагаад хамтлагаасаа гарах болсон бэ?

- Одоо бодоход тэр үед асуудлыг бүгд ярилцаад шийдэж чадсан бол хамтлаг маань үргэлжлүүлэн уран бүтээлээ туурвисаар байх байсан болов уу. Манай хамтлаг эрч хүчтэй гарч ирсэн. Бага зэргийн тэвчээр, ухаан гаргасан бол хамтлаг маань цаашаагаа явах байсан гэж боддог. Мэдээж хамтлагийн дотоод уур амьсгал сайхан байгаад хамтлагаас гарах шийдвэр гаргаагүй нь ойлгомжтой. Хамтлагийн гишүүд хоорондын харилцааны зөрчил үүссэн гэхэд болно. Тус зөрчлийг шийдэж чадахгүйгээс хойш би больё доо л гэж бодсон. Уншигчид яг юунаас болов гэж асуух байх. Гэр бүл саллаа гэхэд учир шалтгааныг нь хайгаад үзэхээр заримдаа маш жижигхэн асуудал байдаг. Үүнтэй л адилхан. Бие биенээсээ хариуцлага нэхсэн, хамтдаа хөдөлмөрлөж байхад хамт хөдөлмөрлөхгүй байх ч юмуу. Энэ мэт жижиг асуудал гарахад “аан за үүн дээр анхааръя, ингэж хэлж хэлж болохгүй байж” гэх мэтээр ухаарч ойлголцсон бол “Mixx” хамтлаг одоо ч фэнүүдээ баярлуулан, уран бүтээлээ туурвисаар байх байсан. Мөн манай хамтлагийг хариуцаж байсан хүмүүс хариуцлагагүй байсан  юм бол уу гэж боддог. Өсвөр насны хэдэн хүүхэд өөрсдөө бүх шийдвэрээ гаргана. Хэрэв тухайн үед намайг хамтлагаасаа гарлаа гэхэд, хариуцаж байгаа хүн маань биднийг чанга гараар барьж “Чи хамтлагаасаа гарч болохгүй. Гэрээ байгуулсан гэдгээ ухамсарла” гэх мэт зүйлсийг хэлсэн бол хамтлагтаа байх байсан. Биднийг зааж, чиглүүлэх хүн л дутагдсан даа.


- Тэгэхээр “Mixx” хамтлаг тарсан шалтгаан нь үл ойлголцол болоод, хамтлагийнхныг чиглүүлэх хүн байхгүйгээс гэж ойлгож болох уу?

- Ер нь хэн хэндээ анхаарал тавьж чадаагүйгээс л болсон. Хэрэгтэй үед биднийг чиглүүлэх, зааж зөвлөх, зохицуулах  хүмүүс л дутсан. Тухайн үед хамтлагийн гишүүд дөнгөж өсвөр насны үеэ өнгөрөөсөн 20 гаруй настай хүүхдүүд байсан. Тэдгээр хүүхдүүд гэнэт л олны танил хүмүүс болсон юм. 25-р телевизийн нэвтрүүлгийн үеэр ажиллаж байсан хамт олон бол үнэхээрийн сэтгэлтэй, менежменттэй байсан. Харин цааш нь манай хамтлагийг хөгжүүлэх, цаашдын төлөвлөгөө байгаагүй. Мөн бид хамтдаа багахан тэвчээр гаргасан бол гэж боддог. “Mixx” хамтлагийн хувьд гэрэл гэгээтэй, ивээлтэйгээр гарч ирсэн. Уран бүтээл туурвиад 5-10 жил болсон ч хүмүүст төдийлөн танигдаж чадаагүй нэгэн байдаг. Гэтэл бид маш азтайгаар гэнэт гарч ирээд л олонд танигдсан. Гишүүдийн хувьд чадварлаг байж, олон дэмжигчтэй болсон.

- Одоо хамтлагийнхаа гишүүдтэй холбоотой байдаг уу?

- Өдөр болгон утсаар ярьж, сайн найзууд шиг байдаггүй ч тодорхой хэмжээнд холбоотой байгаа. Уран бүтээлээ хийх нь хийгээд, зарим нь үргэлжлүүлэн суралцаж байна. Гүлназ маань уран бүтээлээ хийж байгаа. Амраа энэ жил СУИС-ийг төгсөнө. Сүүлийн үед сайн сайн уран бүтээл гаргаж байгаа. Гүнчингийн маань хувьд Америкт ажиллаж, сурч байгаа гэсэн мэдээлэл байсан. Төгсөө маань Бээжинд  маркетингийн чиглэлээр сурч байгаа. Тэмпо өөрийн карьерыг хөөгөөд хийх ёстой ажлуудаа хийж байна. Уран бүтээлийн хувьд бас над шиг чимээгүй байгаа. Миний хувьд өөрийн карьер гэхээсээ илүүтэй байгууллагын нэр хүнд, байгууллагын карьерийг хөөж байгаа. Би дуулахаас илүүтэй юм оёх дуртай. Манай ээж их оёдог. Дээр үеийн Европын орны эмэгтэйчүүдийн хувцасныхаа дотуур өмсдөг корсет зэргийг гоёлын чиглэл рүү хандуулан урлаж байгаа. Салоныхаа ажилд л анхаарч байна даа.

- Таныг хамтлагийнхаа хамгийн чадалтай хоолойтой нь гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

- Миний хувьд “Making the band” шоуны шалгаруулалтад өөрийгөө хэр сайн дуулдгаа ч мэдэхгүй нэг “бацаан” орсон юм. Би сүмд дуулж, төгөлдөр хуур, гитар тоглодог байсан. Зарим хүмүүс намайг “ямар гоё дуулдаг юм бэ” гэж байхад, эсрэгээрээ “чарлаж дуулж байна” гэх нэгэн ч байсан. Анх Мөнгөнсүр багш бидэнд хичээл заадаг байлаа. Намайг “багалзуур луугаа шахаж дууллаа” гэж их загнана. Ийнхүү зэмлүүлж байсан нь намайг ахиж дэвжихэд тус болсон гэж боддог. Хоолойн ур чадварын хувьд би өөрийгөө хүчгүй, амьдаар дуулах чадваргүй дуучин гэж боддоггүй. Сүмийн дуучин нь амьсгаа, хоолой, мэдрэмж сайтай байхыг шаарддаг. Дууг дуулахдаа ухаанаараа дуулдаг. Энэ үгийг яаж дуулбал илүү хүнд хүрэх вэ талаас нь бодно. Манай хамтлагийнхны хувьд бүгд л өөр өөрийн гэсэн хоолойн өнгө, дүр төрхтэй байсан. Жишээ нь Гүнчингийн шүтэн бишрэгч надад дургүй. Намайг “эрхтэй хүүхэд шиг” гэнэ.  Эсрэгээрээ намайг дэмждэг хүмүүс “надаас эрч хүч авдаг” гэж хэлнэ. Харин намайг дэмждэг хүмүүс Гүнчин, Төгсөөг харахаараа маягтай гэж хэлэх нь ч бий. Гишүүдийн маань өөр өөрийн гэсэн өнгө төрх нь хамтлагийг чимдэг байсан гэж боддог. Хэрэв гурван эмэгтэйлэг охин гарч ирээд л дуулсан бол хүмүүсийн анхаарлыг төдийлөн татахгүй байсан  болов уу.

- “Mixx” хамтлагт байхдаа олон зоримог үйлдлийг хийж байсан нь харагддаг. Үсээ хусуулахаас эхлээд л. Энэ нь эмэгтэй хүний хувьд хэцүү шийдвэр байсан уу?

- Тийм. Тухайн үед үс ч хамаарахааргүй тийм л их зорьж, хүссэн байна гэж боддог. Үс хусах санаа нь мэдээж нэвтрүүлгийн санаа байсан. Шалгаруулалтад ороод гараад ирсний дараа “M2” салоны Золоо ах маань над руу хуруугаараа зааснаа  “Би чиний үсийг хусна. Чамайг өөрчилнө” гэсэн юм. Эхнээсээ надад сануулсан байсан гэх үү дээ. Би ч дотроо “яаана даа” гэж бодсон. Энгийн нэгэн өсвөр насны хүүхэд гэнэт олонд танигдаж, гадаад төрхөө эрс өөрчилсөн. Гадаад төрхнөөсөө болоод нэг хэсэг гадуур, автобусанд явахад хэцүү болсон юм. Хол гэртэй болохоор автобусанд явахад ч хэцүү байсан. Урлагийн амьдрал минь дөнгөж эхэлж байсан болохоор цалин гэж байхгүй. Энэ мэт хүндрэлтэй зүйлс тохиолдсон. Би хувьдаа нэг л их од нэртэй гэвч унасан унаагүй байх нь  хэцүү байсан. Уран бүтээлээсээ завсарлага авсан шалтгаан минь ч үүнтэй холбоотой. Ямарч санхүүгийн бололцоогүй хэрнээ урлагт хөл тавьбал хүний л боол болно гэдгийг ухаарсан. Миний хувьд өөрийн хүчээр олон танигдах зорилгыг тавьж байна.  


- Урлагийнхны тухай таагүй яриа олон нийтийн дунд их байдаг. Ялангуяа эмэгтэй дуучдын тухай. Танд хэн нэгэн эрх мэдэлтнээс ивээн тэтгэе гэж, зүй бус санал тавьж байсан уу?

- Надад тиймэрхүү санал ирж байсан. Анх тийм санал ирэхэд гайхаж байсан шүү. Хүмүүс урлагийн эмэгтэйчүүдийг янз бүрээр ярьдаг. Энэ бол хоёр талтай ойлголт. Тэр замыг сонгон хүмүүс ч бий. Эсрэгээрээ ариун цагаан хөдөлмөрөөрөө олонд танигдсан хүмүүс  ч байдаг. Миний хувьд итгэгч хүн болохоор зөв амьдралыг эрхэмлэдэг. Үүнийг ч үйлдлээрээ харуулна. Би зөв нөлөөллийг үүсгэхийн тулд олонд танигдах гэж байгаа. Түүнээс биш нэр алдарт гарахын тулд буруу бүхнийг хийж, бүх зүйлээ золиослохгүй. Илэн далангүй хэлэхэд биеэ үнэлэхгүй. Зарим нэг хүнийг гаднаас нь харахад үнэтэй машин, сайхан хаусанд амьдарч байгаа харагддаг. Гэвч хөшигний цаадах амьдрал нь хэцүү, хэн нэгний гарын атганд орсон, бүх зүйл нь өөр хүний нэр дээр байх жишээтэй.

- Таныг өдөр болгон библи уншдаг гэж сонссон?

- Хүн ямар нэгэн итгэл үнэмшилтэй байхын тулд тэр зүйлийнхээ талаар судалгаа хийсэн байх хэрэгтэй. Сүмд явдаг маань миний гэр бүл судлаач мэргэжилтэй салшгүй холбоотой. Итгэгч хүний олон муу зүйлийг хийх хориотой бөгөөд хичээнгүй амьдрахыг шаарддаг.  Библийн сургаалиас “хичээнгүй хүний хүсэл биелнэ. Залхуу хүний хүсэл цааш түлхэгдсээр байдаг” гэдэг нь надад хамгийн их таалагддаг. Хэрэв би хичээх л юм бол бүхнийг хийж чадна. Мөн “Тухайн зүйлийг бүтээхэд цаг хугацаа, боломж бололцоо л чухал. Түүнээс биш хэн ямар чадалтай, чадвартай нь тийм ч чухал биш” гэсэн утгатай сургаал байдаг. Тиймээс боломж тохироо нь бүрдвэл юуг ч хийж болно. Хүн бусдад хайрлагдаж, хүндлэгдэж хүлээн зөвшөөрөгдөж байх юм бол хүн болсон утга учраа олдог болов уу гэж боддог. Харин эсрэгээрээ хэн нэгэнд хайрлагдахгүй хүлээн зөвшөөрөгдөхгүй байвал хүн байх утга нь алдардаг байх.

- Итгэлийн амьдрал тань хэзээнээс эхэлсэн бэ?

- 2006 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр ээж, хоёр дүүтэйгээ сүм дээр очиж байснаа санаж байна. Яагаад ч юм надад маш сайхан санагдсан. Тухайн үед 16 настай байсан. Миний дуулах болсон нь ч сүмтэй холбоотой. Сүмд яваад л дуулж, хөгжмөөр хичээллэж эхэлсэн. Сүмийнхээ магтан дууг дуулдаг. Дуулахдаа заавал гитартай дуулна. Хэдэн өдөр, шөнөжин сууж байж гитар сурснаа санадаг. Сүмээ огт тасалдаггүй. Долоо хоног бүрийн бүтэн сайн болгонд сүмдээ очиж төгөлдөр хуур тоглож, дуугаа дуулдаг. Хүн хувцсаа халтар болгохыг хүсдэггүй. Гэвч ямар нэгэн байдлаар л халтар болдог. Үүнтэй адил хүний сэтгэл ч гэсэн хэн нэгний бодлогогүй хэлсэн үгнээс болоод сэвтэх нь бий. Миний хувьд сүмдээ очиж, номлолоо сонсон өөрийн алдаа, дутагдлаа ухамсарлан, бусдыг уучилдаг. Итгэлийн амьдралд хатуу зүйлс бий. Залуу хүн учир алдаа дутагдал гаргах, шантрах үе ч байсан. Гэвч няцаагүй. Хэрвээ би сүмдээ ханддаг шигээ хамтлагтаа хандсан бол гэж боддог.

- Амаржил маань найз залуутай юу?

- Одоохондоо найз залуугүй. Ганц бие эмэгтэй хүн болгон л найз залуутай болоод сайхан амьдрахыг хүсдэг. Үүний адилаар л хүсэж байгаа.

- Чамд ямар залуу таалагддаг вэ?

- Гадаад байдлын хувьд өөртөө анхаарал тавьдаг нь илт харагддаг. Миний бодлоор хэн ч байсан гадаад байдалдаа анхаарал тавьж чадвал сайхан харагдана. Гэхдээ зөвхөн гадаад төрхөндөө анхаарсан хүмүүс бас тэнэг. Ярилцаад үзэхээр худлаа дээгүүр ярьсан хүмүүс таалагддаггүй. Надад бодит амьдралтай хүн л таалагддаг. Харин хамгийн их таалагддаггүй хүн бол гудамж талбайд шүлсээ хаяж байгаа хүн. Энэ нь надад үнэхээр бүдүүлэг санагддаг. Хүмүүс царайг их чухалчилж үздэг. Миний хувьд царай биш сэтгэлийн төрхийг хардаг. Өнөөдөр хүн болгон царайлаг, сайхан харагдаж чадаж байгаа. Тэгэхээр сэтгэл чухал. Амьдралд бүх зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ямар ч хүнтэй сууж болно. Хүн сэтгэлээ захирч чаддаггүй шүү дээ.

 - Гэр бүл судлаач мэргэжилтэй гэсэн. Мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

- Мэргэжлийнхээ дагуу гэр бүлийн 104.5 радиод хөтлөгч, сэтэглзүйчээр долоон жил ажилласан. Мөн “аюулгүй сонголт” гээд ганц бие залууст зориулсан нэвтрүүлэг хийж байлаа. Нэвтрүүлэгт оролцож байх хугацаандаа ч энэ ажлаа хийдэг байсан. Би олон ажлыг зэрэг хийдэг. Мэргэжлийнхээ чиг баримжааг алдахгүйн тулд төвүүдэд лекц, семинар уншиж байгаа. Энэ талаараа ч нийгмийн ажлыг их хийдэг. Мөн циркт 5 настайгаасаа бэлтгэл сургуулилт хийсэн болохоор уран нугаралтаар багшилж байсан. Манай ээж, аав хоёр гимнастикийн мастерууд. Ер нь олон ажлыг зэрэг хийдэг. Харин одоо хийж буй ажил руугаа л төвлөрөх бодолтой байна.



- Арван жилийн дараах Амаржил ямар байх бол оо?

- Би насан эцэслэтлээ амьдралынхаа төлөвлөгөөг гаргасан /инээв/. Хэрэв гэрлэсэн байвал тогтвортой гэр бүлтэй байна. Хувь хүний хувьд төлөвшсөн, одоо хийж байгаа ажил маань олонд танигдсан, дулаан уур амьсгалтай байгууллагатай болсон байна байх. Зарим нэг байгууллагыг харахад дарга нар нь маш баян байдаг. Гэтэл ажилчид тун ядуу. Миний хувьд хэрэв миний амьдрал дээшилбэл намайг дагаад бусдын минь ч гэсэн амьдрал дээшлээсэй гэж боддог. Үүнтэй л адилхан. Гэр бүлийнхний маань ч гэсэн амьдрал нь сайжирч хүссэн үедээ гадаад руу аялдаг болсон байх болно. Боловсролын хувьд мэдээж дээшлүүлнэ. Хятад, англи зэрэг хэлээр мэргэжлийн түвшинд ярьж сурсан байх болов уу. Уран бүтээлийн хувьд өөрөө уран бүтээлээ хангалттай хэмжээнд хийж чадахгүй бол залуу хүүхдүүдийг хамтлаг байгуулахад тусална.

- Ярилцсанд баярлалаа.



Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгон(66.181.187.179) 2017 оны 12 сарын 23

Ухаалаг авьяастай охин цаашдын уран бүтээл амьдралд нь аз жаргал хүсье

0  |  0
Оогий(66.181.161.90) 2017 оны 12 сарын 23

Ухаантай бүсгүй. Дуучин эсвэл олны танил гэхээсээ илүү амьдралыг үзэх үзэл, ухаалаг зан нь маш их таалагддаг. Тэр талаараа ч илүү хүчирхэг эмэгтэй.

0  |  0
зочин(202.9.40.181) 2017 оны 12 сарын 22

амаржил дэмждэг шүү

0  |  0
зочин(202.9.40.181) 2017 оны 12 сарын 22

амаржил дэмждэг шүү

0  |  0
зочин(202.9.40.181) 2017 оны 12 сарын 22

сайхан ярилцлага болжээ

0  |  0
Top