Николь Кидман: Намайг Том Крузээс салаад архичинтай гэрлэсэн гэж ярьдаг

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

Николь Кидман нөхөр Том Крузээсээ салснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд тэрбээр шинэ нөхөртэй болж (гитарчин Кит Урбантай гэрлэсэн), 41 настайдаа хүүхэд төрүүлэн, “Оскар”-ын шагнал хүртэж амжсан байна. Энэ бүх “ажлынхаа” дүнд тэрбээр шүтэн бишрэгчдээсээ “Төмөр хатагтай” гэсэн алдрыг хүртжээ. Түүний хувийн амьдралынхаа талаар илэн далангүй өгүүлсэн нэгэн ярилцлагыг хүргэе.


-Николь, охин тань ямар байна даа?

-Сандэй маань маш сайн байгаа. Миний нархан. Би түүнийгээ харах болгонд “Өмнө нь ямар ч үр бүтээлгүй амьдарч байж” гэж боддог юм шүү. Дашрамд хэлэхэд охин маань эцэг эхийнхээ замналаар замнан, дэвэн дэлхийгээр аялж эхлээд байгаа (Инээмсэглэв). Тэр маань “агуу баяцхан аялагч” гэсэн нэрийг авах болзлыг аль хэдийнэ биелүүлсэн гэж хэлж болно. Кит Шинэ Зеландад төрж, Автралид өссөн ч одоо Америкт амьдардаг. Би Хавайд төрж, Вашингтонд хэсэг хугацаанд амьдарсны эцэст Австрали руу нүүсэн. Одоо бас л Америкт амьдарч байна. Харин охин маань Австралийн паспорттой ч одоогийн байдлаар дэлхийн улсуудын бараг тал хувьд нь очиж үзээд байна. 

-Охин тань та хоёрын хэнтэй нь илүү адилхан бэ?

-Эхлээд яг аавын жижигрүүлсэн хувилбар шиг харагддаг байсан ч одоо арай өөр болдог юм байна. Манай гэр бүл түүний “зохиосон” цагийн хуваариар амьдардаг гэж болно. Жишээлбэл, Кит бид хоёр өглөө зургаан цагт босдог, учир нь Сандэй охин маань яг энэ үед босдог болохоор тэр. Бид Теннеси мужид жижигхэн байшинтай, том газар бүхий эдлэн худалдаж авсан. Би тэнд морь унаж, өвс хадаж байхад охин гэрийн тэжээмэл амьтадтай тоглож өнждөг юм. Манай эдлэнд хонь, ямаа, морь, галуу, тахиа, үхэр бий. Цэвэр агаартайгаас гадна төрөлх Австралийг минь санагдуулдаг болохоор худалдаж авсан юм. 24 цагийн турш харуул хамгаалалттай л болохоос яг л онгон газар гэсэн үг. Нэг удаа папарацийн дайралтад өртсөнөөс хойш хамгаалалттай болсон.

-Та Бэз Лурманы “Австрали” кинонд тоглосон. Тэр тань шиг австрали хүн болохоор “нутгархаж” гол дүрээ өгсөн үү. Түүнийг бас маш их аялгатай ярьдаг гэж шүүмжилдэг хүмүүс байдаг?

-Бэз бол миний сайн найз. Томоос салаад сэтгэл санаа хүнд байх үед тэр л цаашид хийж бүтээх итгэл хайрлаж “Мулен Руж” киноныхоо гол дүрийг өгсөн. Хэвлэл мэдээллийнхэн Том бид хоёрын салалтын тухай мэдээллээр ид өвчилж байхад Бэз намайг “цээжээрээ” хамгаалж байсан юм шүү. Тиймээс түүнийг шүүмжилж чадашгүй нь. Тэгээд ч надаас гадна Хью Жекмэн зэрэг одууд энэ кинонд тоглосон шүү дээ.

-Таны насан дээр хүүхэд төрүүлнэ гэдэг бас л бэрх зүйлийн нэг дээ?

-Бид хоёулаа 30 гарсан насандаа танилцсан болохоор хүүхэдтэй болох талаар боддоггүй байлаа. Кит бол түүнд ганцхан би л байхад хангалттай, намайг хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэхгүй байна гэнэ. Харин миний хувьд өнгөрсөн амжилтгүй оролдлогууд маань хүүхэд олно гэсэн найдварыг маань үгүй хийчихээд байсан юм. Би Том Крузтэй гэрлээд 23 насандаа анх жирэмсэлсэн ч бүтээгүй. Бид хүүхэдтэй болохыг маш их хүсч, дахин дахин оролдсон ч жирэмсэлсэнгүй. Энэ нь Томыг аз жаргалгүй болоход хамгийн их нөлөөлсөн гэж боддог. Дараа нь хиймлээр үр суулгуулж үзсэн ч бас бүтээгүй болохоор хүүхэд өргөж авахаас өөр аргагүй юм байна гэсэн бодолтой эвлэрээд байсан хэрэг.  

-Нээрэн танд хуучин нөхөртэйгөө өсгөж байсан өргөмөл хүүхдүүд бий шүү дээ. Тэдэнд хэцүү л байгаа байх даа. Аав, ээж нь тус тусдаа гэр бүлтэй болчихоор?

-Белла, Коннор нар маань одоо том болцгоосон. Хэдийгээр шилжилтийн нас нь тохиож байгаа ч тэд энэ хүнд цаг үеийг давгүй туулж байгаа. Би цаг зав гарган тэднийг сургуульд нь хүргэж өгдөг хэвээр. Бусад хүүхдүүд бол эцэг эхээ буруутган уурлах байсан байх. Азаар тэд маань тэгээгүй. Саяхнаас ээжийнхээ мэргэжлийг сонирхох болсон ч би хувьдаа тэднийг жүжигчин болгох дургүй байгаа.

-Ер нь бол хүүхэд өргөж авна гэдэг их хэцүү шийдвэр шүү дээ. Гэтэл та хоёр ч удаа энэ алхмыг хийсэн?

-Тэгээд та намайг яах байсан гээ вэ. Надад сонголт байгаагүй шүү дээ. Белла, Коннор хоёр сүүлийн хэдэн жил Томын гэр бүлтэй хамт амьдарч байгаа ч амралтаа ихэвчлэн надтай өнгөрүүлдэг юм. Би тэднийгээ хурдан ирээсэй, амралт нь эхлээсэй гэж бодно. Тэд Томын эхнэр Кэтти Холмсыг ээж гэх мөртлөө намайг Николь гэж дууддаг нь жаахан тиймхэн. Гэхдээ тэд Кэттитэй муу харьцаатай байснаас энэ нь хамаагүй дээр л дээ. Тэд хоёулаа дүү Сури, Сандэйдээ тун хайртай. Тэд бол салшгүй ахан дүүс.

-Та анхныхаа нөхрөөс салснаас хойш их олон жил ганцаараа явсан шүү?

-Миний эхний гэрлэлт их санаандгүй, хурдан болж өнгөрсөн л дөө. Томтой танилцсанаас хойш долоо хоногийн дараа л түүнтэй гэрлэнэ гэж шийдчихсэн байсан. Анхны харцаар дурласан. Цэвэр ариухан, аминчхан, хайр байж дээ. Китийн хувьд бүх юм өөр. Бид удаан хугацаанд бие биенээ шинжсэний эцэст гэрлэхээр шийдсэн.

-Уучлаарай, гэхдээ архичинтай гэрлэх шийдвэр гаргах танд амаргүй байсан байх даа?

-Гэрлэсний дараах эхний жил хамгийн хэцүү гэж ярилцдаг юм билээ. Архичинтай гэрлэсэн гэж хэлж болох эсэхийг мэдэхгүй байна. Намайг хүмүүс Томоос салаад, архичинтай гэрлэлээ гэж ярьдаг л байсан. Түүнийг анх таньдаг болоход л муугүй балгачихдаг нь анзаарагдаж байсан. Гэвч нөхөр маань хэлсэндээ хүрч, өөрийн саналаараа эмчилгээнд явж муу зуршлуудаасаа салсан юм шүү. Түүнээс би ятгасан юм биш. Түүнийг эмчлүүлж байх гурван сар надад их хэцүү байсан. Кит бол угаасаа ганцаараа байж чаддаггүй, ганцаардлаас өвчилдөг хүн. Харин би Томын хажууд байхдаа өөрийгөө үргэлж түүний нөмөр сүүдэрт байгаа бяцхан охиноор төсөөлдөг байв. Харин энэ гурван сарын хугацаанд Китгүйгээр долоо ч хонож чадахгүй юм байна гэдгээ ухаарсан юм даа. Биологийн насаар бол “хэт хөгширсөн” хойноо охиноо төрүүлсэн нь миний хувьд гайхамшиг.

-Таныг хиймэл хөхтэй гэж шүүмжилдэг хүмүүс байдаг юм билээ?

-Үгүй дээ. Миний бие бурхнаас яаж заяасан тэр л хэвээрээ байгаа. Миний хөх хиймэл биш. Хүмүүс надтай анх танилцаад л чи яаж ийм өндөр болсон юм бэ гэж их асуудаг (тэр 180 см өндөр). Би 13 настайгаасаа л ийм байсан юм чинь яах юм бэ.     

С.Төгөлдөр

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(176.11.90.214) 2017 оны 10 сарын 03

Saihan huuhen uneheer saihan bas tsul aviyas

0  |  0
Zochin(1.245.72.241) 2017 оны 10 сарын 03

Sain jujigchin shuu

0  |  0
Top