Эмма Уотсон: Намайг үргэлж бяцхан Хармони чигээр минь төсөөлөөд үлдэх вий гэдгээс айж байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 29

Нэг дүрээ хэтэрхий сайн бүтээсэн жүжигчнийг үзэгчид өөр дүрээр хүлээж авахаа больчихдог гэдэг. Жишээ нь, Шурикт тохиолдсон адал явдлын цувралд тоглосон Александр Демьяненког өөр ямар ч дүрд тоглосон Шурик гэж хүлээж авдаг байснаас болж найруулагчид өөр кинонд сонгож авах дургүй болсон түүхтэй. Тэгвэл одоо “Харри Поттер”-ын цувралд тоглосон жүжигчид яг ийм байдал өөрсдөд нь тохиолдох вий хэмээн санаа зовж байна. Эдгээрээс хамгийн их айж байсан нь Эмма Уотсон гэнэ. 11 жил үргэлжилсэн кино зураг авалт дуусч, шинэ амьдрал эхлэх хэрэгтэй болсон нь хүнд сорилт болсон юм. Ид шидийн Хогвартс сургуулийн өхөөрдөм хөөрхөн сурагч охин Хармони Грейнжерийн дүрээр олны танил болсон тэрбээр IFA сэтгүүлийн сурвалжлагч Сэм Коттед өгсөн ярилцлагадаа үүнийг хүлээн зөвшөөрчээ. Ингээд түүний ярилцлагыг товчлон хүргэе.

-Эмма, та Харри Поттерын сүүлчийн ангийн зураг авалт дуусангуут л хүүхэд имижээ орхисон нь өөр дүрд бэлтгэсэн шийдвэр байсан уу?

-Тийм ээ. Үсээ хүртэл тайрсан. Гэхдээ хайртай, сэтгэл зүрхээ өгсөн зүйлээсээ хагацсан эмэгтэйчүүд ихэвчлэн л үсээ тайруулчихдаг гэдгийг та мэдэх үү. Би амьдралынхаа 11 жилийг эзлэн оршиж байсан юмаа алдсан. Энэ үед үсээрээ “оролдох” хумсаа ургуулах, чихээ цоолох, дураараа зугаацаж цэнгэх, тэр ч бүү хэл ууланд зугаалах, цанаар гулгах ч эрхгүй байлаа. Миний гэрээнд энэ бүхнийг хатуу хорьсон заалтуудыг суулгаж өгсөн байсан юм. Тийм болохоор гэрээндээ “Баяртай” гэж хэлсэн эхний өдрөө л шууд гоо сайхны салонд очиж багын минь шүтээн Миа Фэрроутой адилхан болгож өгөхийг үсчинээс хүссэн. 

-Таныг үсээ тайруулсан байхыг хараад аав чинь юу гэсэн бэ?

-Би яах бол гэж айж байсан шүү. Учир нь би өмнө нь түүнд санаагаа хэлж тэр “Битгий. Чи Одри Хэпберн биш шүү дээ” гэж хэлж байсан юм. Тийм болохоор зөвшөөрөлгүй ингэлээ гэж уурлах байх гэж бодсон чинь харин огт өөрөөр хүлээж авсан. Өмнө нь хэлсэн үгээ шууд буцаасан шүү.

-Хармонигийн ямар зан чанар танд байдаг гэж боддог вэ?

-Харри Поттерын номын жинхэнэ шүтэн бишрэгч байсан болохоор кинонд нь тоглохыг маш их хүсч байсан. Есөн настай байхдаа би Харри Поттерын номыг дахин дахин уншдаг байв. Гэтэл нэг өдөр хэсэг хүмүүс ирээд Хармонигийн дүрд кастинг хийнэ гээд хэдэн охин авч явсны дунд би багтсан юм. Гимнастикийн зааланд 20 гаруй охид шалгуулсан. Дараа нь пробонд орж тэнцсэн. Аав ээж маань хуульч хүмүүс болохоор юмыг их чухлаар хүлээж авдаг, гэхдээ биний юу хийхийг хориглоогүй. Үнэнийг хэлэхэд түүнээс хойш 11 жилийн турш Хармонигийн амьдралаар амьдарч ирлээ.

-Ингэж эхэлж байсан юм байж. Тэгвэр хамгийн сүүлчийн зураг авалтаа санаж байна уу?

-Саналгүй яах вэ. Дэн, Руперт бид гурав Ид шидийн яамны камин руу үсэрдэг хэсэг байсан. Их сонин санагддаг юм билээ. Найруулагч Дэвид Йетс “Та нар одоо ирээдүйнхээ талаар ямар ч төсөөлөлгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлж байсан шүү.

-Дараа нь яах вэ гэж бодохоор аймшигтай санагдаагүй юу?

-Юу ч гэх вэ дээ. Айж байсан. Зураг авалт дууссаны дараа Дэн Руперт болон багийнхан бүгд зуны амралтаа дуусгаад Хогвортсын зургийг авсан Leavesden Studios-т цугласан. 11 жилийн турш цаг минут бүрийг төлөвлөж амьдарсан. Өглөө босоход жолооч хүлээж байгаад студи руу авч явдаг байсан. Би нүүр хувиргагч Аманда Найттай бас их сайн харилцаатай байлаа. Энэ бүхэн байхгүй болсны дараа мэдээж хүнд байсан. 

-Дэниэль Рэдклифф шиг Бродвейд мюзиклд тоглохгүй юм уу?

-Энэ Дэниэль нээрээ билэг танхай залуу шүү. Би Бродвейд тогломоор л байна. Гэхдээ ингэхийн тулд нэлээд их зориг шаардлагатай.

-Таныг мандолин тоглодог гэж сонссон. Яагаад гитар биш мандолин гэж. Таныг багадаа сайхан зурдаг байсан гэж бас ярих юм билээ?

-Тийм ээ, би орчин үеийн зураг зурах маш дуртай. Яагаад мандолин гэж үү. Би их жижигхэн  гар, богино хуруутай болохоор л тэгсэн хэрэг. Гитаранд богинодоод байдаг юм.

-Америкт амьдарна гэж төлөвлөж байгаа юм. Холливудад үлдэж жүжигчний карьераа үргэлжлүүлж болно шүү дээ?

-Та юу гэнэ вэ. Лос Анжелес намайг ална шүү дээ. Тэнд үлдвэл би өдрийн таван цагийг фитнессээр хичээллэж өнгөрүүлнэ. Дээрээс нь бас хоолоо сойно. 22 насандаа хөхөндөө силикон шахуулах хэрэгтэй болж ч магад. Гадаад төрхөндөө анхаарсаар яваад галзуурч ч магадгүй шүү дээ. Гэтэл би биеийн тамирт тийм ч дуртай биш, тааваараа идэхийг илүүд үздэг.

-Гэвч та Холливудаас явалгүй, шинэ шинэ кинонд тоглосон хэвээр үлдсэн шүү дээ?

-Тийм ээ. Надад өөр сонголт бий гэж үү. Би чинь жүжигчин хүн шүү дээ. Хармонигоос өөр дүрд тоглох, эсвэл том эмэгтэй болсон гэдгээ харуулах хэрэгтэй шүү дээ. Харин өөр дүрийн саналууд ирэхгүй байх вий, намайг үргэлж бяцхан Хармони чигээр минь төсөөлөөд үлдэх вий гэдгээс би айж байсан. Гэвч тийм юм болсонгүй.

 

С.Төгөлдөр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top