Дэслэгч С.Буянтогтох: Радио спортоор хилчид улсад тэргүүлж байгаа

2017 оны 08 сарын 07

Радио спорт нь дотроо радио пеленгац, радио хурдач гэх төрөлтэй. Радио хурдач төрөлд Хилийн 0151 дүгээр ангийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн радио чимээний багш, дэслэгч С.Буянтогтох Монгол Улсын хэмжээний рекордыг сүүлийн гурван жилийн хугацаанд тогтоогоод байгаа юм. 
-Радио хурдач гэх спортын төрлийн талаар тайлбарлаж өгөөч?
-Радио хурдач төрөл нь дотроо хүлээлт, нэвтрүүлэг, торд ажиллах, хурд ахиулах дасгал гэж дөрөв хуваагдана. Энэ бол оюуны спорт. Уг төрлөөр дэлхийд маш олон сая хүн хичээллэдэг. Монгол Улсын хэмжээнд гэхэд зөвхөн холбоочид гэлтгүй энгийн иргэд ч түлхүү сонирхож хичээллэж байна. 
-Та уг спортын төрлөөр олон медаль авсан байна?
-Зэвсэгт хүчний байгууллагаас зохион байгуулагдаж байгаа удаа дараагийн тэмцээнүүдэд манай ангийн холбоочид багаар болон хувийн төрөлд оролцож байнга тэргүүн байр эзэлдэг. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд нийт 40 гаруй алтан медаль авсан амжилттай байгаа. 
-Радио спортоор хичээллэхийн ач тус юу юм бэ?
-Дээр хэлсэнчлэн шатартай адил оюуны спорт. Хүний сэтгэн бодох чадвар, ой тогтоолт сайжирна. Мөн уг спортыг сонгон хичээллэсэн залуус их сайхан төлөвшиж хүмүүждэг юм шиг санагддаг. Өөр нэг давуу тал нь нас харгалзахгүй ямар ч хүн хичээллэх бүрэн боломжтой. 
 -Таны дээд амжилт?
-Би таван төрлийн амжилтыг үзүүлсэн. Хамгийн сүүлд нэг минутад 180 үсэг нэвтрүүлсэн амжилтыг Монгол Улсынхаа хэмжээнд тогтоогоод байгаа.  
-Энэ спорт хилчин холбоочдын маань ажил албатай ойр тул хичээллэхэд хялбар байдаг уу?
-Хил хамгаалах байгууллагын хувьд цэргийн далдуур удирдлага гэдгийг орхиж болохгүй. Холбоочид маань уралдаан тэмцээнд амжилт үзүүлж байна гэдэг мэргэжил мэдлэг, албаны ур чадварын хувьд маш том ахиц гарч байна гэсэн үг. Гэхдээ  хилчид маань тив дэлхий, улсын хэмжээнд амжилт үзүүлж байгаа ч техник технологийн хувьд хоцрогдож байгаа. Бид 1970 онд ОХУ-д үйлдвэрлэсэн телеграфийн учаб дээр сургалтаа явуулж, уралдаан тэмцээнд ордог. Гэтэл бусад улс орны тамирчид электрон түлхүүр ашиглаж байх жишээний. Цаашдаа радио холбооны спортыг байгууллагын хэмжээнд анхаарч, ач холбогдол өгвөл манай хилчид үүнээс илүү амжилтыг үзүүлэх бүрэн боломж байгаа. 
-Таны дараагийн уралдаан тэмцээн хэзээ вэ?
-Би ирэх есдүгээр сард Унгар улсад зохион байгуулагдах Өндөр хурдны телеграфчидын аварга шалгаруулах тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: ХХЕГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top