2017 JCI ASPAC-ийн төлөөлөгчид Монголын бизнесийн орчинтой танилцлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 10

Дэлхий дахинаа нэг сая гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн эерэг өөрчлөлтийн төлөөх JCI байгууллагын Ази-Номхон далайн бүсийн 2017 JCI ASPAC чуулган нийслэл Улаанбаатар хотод энэ өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Чуулганы үеэр JCI байгууллага Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газартай хамтран найман төрлийн форумыг зохион байгуулахаар төлөвлөснөөс хоёр нь JCI Монгол байгууллагаас санаачилсан форум юм.

Улс орон бүр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж буй өнөө үед Монгол Улс ч энэ чиглэлд бодлого зангидан хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл тогтвортой хөгжлийн гол асуудлуудын нэг ногоон хөгжил, бизнес эдийн засгийн орчин гэсэн хоёр сэдвээр дэлхийн 51 орны бизнес эрхлэгч, манлайлагч залуусаас туршлага солилцож байна. Үүний нэг болох 2017 JCI ASPAC чуулган өнөөдөр бизнесийн форумаар үргэлжиллээ. Эх орондоо JCI байгууллагын Ази-Номхон далайн бүсийн чуулганыг зохион байгуулж байгаагийн хувьд дэлхийд тэргүүлэгч орнуудын бизнесмен залуусаас туршлага судлах нь манай улсын хувьд онцгой ач холбогдолтойг JCI Монгол байгууллагын 2017 оны Ерөнхийлөгч П.Батхишиг онцоллоо. Тэрээр бас “Нэг үеэ бодвол Монгол Улсыг гадныхан мэддэг болсон. Гэсэн ч хөрөнгө оруулагчдад манай улсын талаар асуултын тэмдэгтэй олон зүйл бий. Бүх улсын эдийн засаг хоорондоо хамааралтай учраас бид Дэлхийн жишгийг сонирхож, судалж дагах ёстой” хэмээн ярилаа.

JCI байгууллага дэлхий даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 200 000 гишүүнтэй. Гишүүдийн олонх нь бизнесийн салбарынхан. Хөгжингүй улс орны бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй залуусын хувьд Монгол Улс шинэ боломж, шинэ зах зээл болох нь гарцаагүй. Нэг үгээр, эдгээр олон бизнесмэн нэг дор манай улсад чуулж байгаа нь Монгол Улсын хувьд маш том аз завшаан гэдэгт чуулганы Монголын талын оролцогчид, зохион байгуулагчид ам сайтай байгаа юм.

Монгол Улсын хувьд бизнес эдийн засгийн орчин харьцангуй сайн нөхцөлтэй гэж форумын үеэр судалгааны байгууллагаас тэмдэглэж байлаа. Гол  нь хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудал байгааг ч онцолж байв. Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх боломжтой салбаруудыг жагсаавал уул уурхайн салбар тэргүүлж, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарууд удаалж байна. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт гадны туршлага, дэмжлэг хэрэгтэй байгааг форумаар хэлэлцэж байлаа. Учир нь манай улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилго тавьсан ч энэ салбарын хувьд манай улс шинэ залуу байгааг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс JCI байгууллагын олон улсын төлөөлөгч, бизнесменүүд энэ чиглэлд анхаарлаа хандуулах бүрэн боломжтой юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бабуяа(202.9.42.2) 2025 оны 03 сарын 13

Хэдэн мөнгөтэй айлын мангар бацаан нарын цугларалт л бдаг ш дэ яс юман дээрээ боловсрол нимгэн ихэхн нь. Зөвхөн мөнгөөр нийлцэн. Монголд юу бүтээж юу гийгүүлж байдгийн. Хий хоосон цээжээ дэлдсэн юмнууд

1  |  0
Top