НҮБ-аас гаргасан илтгэлд “2025 оноос эхлэнэ” гэж тооцож байсан ундны усны ноцтой хомсдол бүр илүү хурдтайгаар дөтөлж байгаа бололтой. Номхон далайд орших арлын улсууд эхнээсээ ундны усны нөөцгүй болсноо зарлаж эхэллээ. Шинэ Зеландын ойролцоо орших Тувалу улс цэвэр усны нөөцгүй болсноо зарлаж байсан бол Токелау улс ундны усны хомсдлоос үүдэн онцгой байдал зарлалаа. Эдгээр арлуудын хөрсний давхарга, байгалийн тогтоц нь ижил учир Токелау улс ийнхүү шуурхай арга хэмжээ авсан байна. Номхон далайн хоёр жижиг арал улсад тохиолдсон энэ гамшиг удахгүй биднийг ч дайрахгүй гэх газаргүй юм. Дэлхий нийт ундны усыг хэмнэлтэд онцгой анхаарал хандуулж байгаа ч улам их хичээх хэрэгтэй гэдгийг дээрх явдал харуулав.
Манай дэлхийн гадаргуугийн 70 хувийг ус эзэлдэг ч ууж болохуйц цэнгэг ус нь дөнгөж 2,5 хувийг эзэлдэг. Гэвч үүний ихэнх нь мөс, цас хэлбэрээр оршиж 0,25 хувь нь л шууд ашиглах боломжтой байдалд байдаг юм. Өнгөрсөн жил НҮБ-аас гаргасан илтгэлд одоо дэлхийн нийт хүн амын 40 хувь нь ундны усаар гачигдан амь зууж байгаа гэсэн тоо баримт дурдагдсан байсан бол 2025 онд 2/3 хувь нь ийм байдалд орно гэсэн судалгаа гаргасныг өгүүллийн эхэнд дурдсан билээ.
Илтгэлийн үндэс болж буй судалгааг усны хомсдол, түүнээс үүдэн гарах хүндрэл бэрхшээлүүдийг аль хэдийнэ амсаад эхэлсэн Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн дөрвөн оронд явуулсан байна. Мэргэжилтнүүдийн тооцоогоор, зохих арга хэмжээ авсан нөхцөлд эдгээр орон 2030 он хүртэл усны хэрэгцээгээ хангахад жилд нийтдээ тус бүр 19 тэрбум ам. доллар, өөрөөр хэлбэл тэдгээрийн хүлээгдэж буй дотоодын нийт бүтээгдэхүүний тус бүр 0,06 хувийг зарцуулах тооцоо гарч байгаа юм.
Хэрвээ ундны усны хэрэглээг дорвитой бууруулахгүй, харин "нийлүүлэлтийн салбарын уламжлалт арга хэмжээгээр" л хязгаарлах юм бол, дөрөв дахин их зардал буюу жилд 200 тэрбум хүртэл ам. доллар шаардагдана гэдгийг анхааруулж байна.
Төв Азийн хуурай, сэрүүн бүс нутагт оршдог манай улсын хувьд ч энэ гамшиг нөлөөгөө үзүүлээд эхэлчихсэн билээ. Тодорхой давтамжийн дагуу гардаг гэдэсний хижиг, булчин задрах тахал зэрэг өвчний дэгдэлт үүний нотолгоо юм. Хамгийн сүүлд, Говь-Алтай аймагт усны хомсдол үүсч, ахуйн бохирдол ихэссэний улмаас шар өвчин дэгдэж байсан билээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )
манай улс цэвэр усны нөөц багатай. иймд ялангуяа улаанбаатар хотын орчим, зуслангийн газруудад айл өрх бүр хашаандаа гүний худаг гаргахыг хуульчлан хориглох хэрэгтэй. худаг гаргасан болон гаргахыг завдаж байгаа айл өрх, аж ахуйн нэгжид худаг гаргах болон гаргасан зардлыг нь хэд дахин нэмэгдүүлсэн төлбөр ноогдуулах нь одоо болон ирээдүйдээ бидний хийх том бэлэг болно. Алсын хараатай мэргэн зөв бодлого ард иргэдэд хэрэгтэй болохоос өнөө маргаашийн аргацаасан шийдэл улс орныг маань ирээдүйг маань устгах вий гэхээс айна.