Бохь зажлахыг хориглож магадгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 05

Их Британийн Глазго, Милтон Кинсе хотын захиргаа зажилдаг бохийг хориглох талаар хэлэлцэж эхэлжээ. Глазго хотын хуралд Хөдөлмөрийн намыг төлөөлдөг Пол Кэри “Гудамжинд бохь нулимсан хүнийг торгох төсөл боловсруулж байна. Хэрвээ энэ хууль батлагдаад хэрэгжихгүй бол гудамжинд бохь зажлахыг хориглох ч боломжтой. Хэрвээ дэмжигдэхгүй бол боодол бохь бүрт нэмэлт татварыг ногдуулах бодолтой” хэмээн ярьсан байна. Торгуулиас орж ирэх орлогыг хот цэвэрлэх ажилд нэмэрлэх юм гэнэ. Учир нь хавтан, баримал дээр наасан бохийг цэвэрлэхэд хотын захиргаа маш их хөрөнгө зарцуулдаг аж.

Харин Милтон Кинсе хотын хувьд бэрхшээл шийдэгдэхэд илүү ойрхон ирсэн байна. Бохины худалдаачид тус хотын захиргаанд тодорхой талбайгаар нь тооцож төлбөр төлөх саналыг тавиад байгаа аж. Одоогоор нэг фут2-д 22 бохиор бодож төлбөр төлөх санал тавьжээ. Хотын захиргаа энэ саналыг авч үзнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Их Британи бохьтой олдон жилийн өмнөөс тэмцэж байгаа юм. ITV телесувгийн мэдэгдсэнээр, Их Британийн Засгийн газар бохь цэвэрлэх ажилд жил бүр 150 сая фунт зарцуулдаг байна.

Бохийг хориглох хууль дэлхийн бусад улсуудад ч байдаг аж. Жишээлбэл Сингапурт бохь худалдаалахыг бүрэн хориглосон хууль 20 жилийн турш хүчин төгөлдөр үйлчилсэн бөгөөд 2004 онд арай зөөлөрч, зөвхөн эмийн санд, тамхинаас гарах эмчилгээ хийлгэж байгаа хүнд эмчийн бичгээр зарахаар болж байжээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top