Налайх дүүрэгт алдарт эхийн одонгоор 106 ээж энгэрээ мялаалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 01

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр дүүргийн 106 эх алдарт эхийн I, II одонгоор энгэрээ мялаалаа. 

 Одон гардуулах ёслолын ажиллагааг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ: "Бүх ээжүүд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд нь баярын мэнд хүргэе. Миний бие Оюуны ундраа группийнхээ зүгээс өнөөдөр одон гардан авч байгаа бүх ээжүүддээ 20 мянган төгрөгний сэтгэлийн бэлэг өгч байна. Өнөөдөр ээжүүд, үрсийн нүүрэнд инээмсэглэл гэрэлтсэн, аз жаргал бялхсан сайхан өдөр байг ээ" гэв. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 122 дугаар зарлигаар ийнхүү олон хүүхэд төрүүлж өсгөсөн 101 эх Алдарт эхийн II одон, 5 эх Алдарт эхийн I одонгоор шагнагдсан байна. 
Алдарт эхийн одонг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын Үйлдвэрлэл ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ээжүүд, эхчүүддээ гардуулан өгч, баяр хүргэлээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаасан Ж.Түмэнжаргал шагналаа дүүргийн удирдлагуудаас гардан авлаа. 
Алдарт эхийн одонгоор шагнагдсан ээжүүд болон дүүргийнхээ нийт ээжүүд, хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
Монголын үрс маш олон болтугай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top