Тэр дэндүү хүүхдээрээ юм. Инээх нь, ярих нь, гуних нь хүүхдээрээ. Хүндийг өргөлтийн Залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг огцом 115 кг, түлхэлттэй 138 кг-ыг өргөж Монголын далбааг цэнхэр гаригийн цээжнээ мандуулсан нэгэн. Гэвч одоо түүний нуруун дээр үүнээс ч хүнд ачаа бий.
Оюутны болон Залуучуудын дэлхийн аварга монгол охин өдөр бүр бэлтгэлээ тараад шигшээ багийнхныхаа хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж, дүүгээ эмчлүүлэхийн төлөө хандивын хайрцаг аялуулж байгаа. Тэр нэгэн гайтай өдөр 14 настай М.Номин-Эрдэнэ ангийнхаа 35 хүүхдийн үдийн хоол болох 20 шахам литр халуун бантанг зөөж яваад золгүй тохиолдлоор түлэгдээгүй бол өдгөө ирэх өвөл болох хүндийг өргөлтийн тэмцээнд оролцон, эгчийнхээ гаргасан замаар амжилтын төлөө алхах байв.
Охидын аав Ч.Мөнхжанцан Зэвсэгт хүчний дэд хурандаа. Ээж Д.Мөнхчимэг ч бас цэргийн байгууллагад ажиллаж байгаад чөлөөндөө гарчээ. Бүтэн жил хэвтэрт шаналж буй охинд уушиг нь устахаас эхлээд хүндрэлүүд гарсаар байгаа ч тэд шантраагүй. Ирэх сарын 16-нд ээжийнхээ хамт Солонгосыг зорин нисэх М. Номин-Эрдэнийн эмчилгээний зардал 65 сая төгрөг. Одоогоор энэ мөнгөний 70 хувийг дэлхийн аварга охиндоо туслах чин эрмэлзэлтэй монголчууд хандивлаад байгаа юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгэн оройг тэдэнтэй хамт өнгөрөөв. Дэлхийн аварга Анхаа....Ирэх 12 дугаар сард болох насанд хүрэгчдийн дэлхийн аваргын төлөөх тэмцээний хүчтэй өрсөлдөгч тэрбээр " Тэмцээндээ ч оролцоно, дүүгээ ч эмчлүүлнэ" хэмээн инээмсэглэн хэлсэн. Тэд хэзээ ч шантрахгүй. Учир нь охидын ард эх орон нь, элэг нэгт монголчууд бий...
Нисэхийн гэр хороололд амьдардаг тэднийх эмчилгээний шаардлагын улмаас өнгөрсөн өвөл байр түрээслэсэн гэнэ. Охидын ээж Д.Мөнхчимэг "Хандивт цугласан мөнгөнийхөө тайланг олон түмэндээ тавьж, эмчилгээний зардлаас илүү гарвал Гэмтлийн эмнэлгийн түлэнхийн тасагт ганц аппарат ч болсон авчирч өгнө" хэмээн ярьсан. Ядаж байхад Батлан хамгаалах яамнаас хандивласан 6,0 сая төгрөгийг 65 сая хэмээн андуурч мэдээлснээс хандивын аян нэг хэсэг тасрах дөхжээ.
#Анхаагийндүүдтусалцгаая 3000 төгрөгийн аянд нэгдэх амархан. Ээж Д.Мөнхчимэгийн нэр дээрх Хаан банкны 5071320523, Худалдаа хөгжлийн банкны 451038475 тоот дансанд чин сэтгэлээ илгээхэд л болно.
Хаврын оройн сэрүүн салхинд тэд үлдэж, би харихаар явав. Надад юу бодогдсон гээч? Тийм ээ, охид шантрахгүй...тэд шантарч байгаагүй.

Сэтгэгдэл ( 0 )