Эко автомашин импортлогчдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд тус холбооны тэргүүн Ц.Лхагважав, удирдах зөвлөлийн гишүүдийн хамт оролцлоо. Эко автомашин импортлогчдын холбоо нь автомашины онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 3-нд УИХ болон Ерөнхий сайдад хандаж шаардах бичиг өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон авто машины бизнес эрхлэгчид ойрын үеүүдэд үүнтэй холбоотойгоор өрнөөд буй асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд авто машины онцгой албан татварын талаар хэсэг бүлэг машины ченж нар болон иргэн Хүдэрбаатар нар тус холбооны нэрийг барьж авто машин шатааж, “Тэмцэлийн хурц хэлбэрт шилжинэ” гэсэн нь Эко автомашин импортлогчдын холбоотой ямарч холбоогүй болохыг мэдэгдэв.
Мөн Эко автомашин импортлогчдын холбооны тэргүүн Ц.Лхагважав “Манай холбооны зүгээс хууль гарахаас өмнөх 40 хоногийн өмнө захиалсан prius маркийн авто машинийг хуучин татвараар нь захиалсан иргэдэд эргүүлэн өгөх асуудал дээр Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай ярилцаж шийдүүлэх тал дээр ажиллаж байгаа. Харин бидний энэхүү тэмцэл улс төржөөгүй тайван замаар тэмцэл хийж байгаагаа илэрхийлж байна” гэв.
Харин тус холбооны гишүүн Б.Ганзориг “Талбай дээр prius машин шатааж тэмцэлийн хатуу хэлбэрт шилжинэ гэсэн 1111 ТББ-ийн тэргүүн Хүдэрбаатар нь бидэнтэй ямарч холбоогүй. Харин тэрбээр улс төржүүлж байгаа нь буруу юм” гэлээ. Автомашин импортлогчдын худалдан аваад байгаа автомашиныг монгол төгрөгт шилжүүлбэл 6 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр Япон улс руу шилжүүлэгдсэн байгаа юм байна. Одоогоор Эко автомашин импортлогчдын холбоонд 2000 орчим хүн нэгдээд буй аж.
Н.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )