Сонгинохайрхан дүүргийн прокурор газрын туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Мөнхзул албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудын ажлын байранд биечлэн очиж танилцсан байна. Тус дүүрэгт албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудын ажлын байрыг биечлэн шалгахад зам талбайн цэвэрлэгээний ажил, "Улаан чулуут”-ын хогийн цэгт хог хаягдал ачигч, туслах ажилтан, "Баруун болон Зүүн салаа”-ны лагерь орчмын хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байжээ.
Ялтнуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлагыг ажилд гарахаас нь өмнө танилцуулж байгаа эсэх, ажлын багаж хэрэгсэл болох хүрз, жоотуу, ажлын хувцас, бээлий зэргээр тогтмол хангадаг эсэхэд хяналт тавихад зөрчил илрээгүй байна. Албадан ажил хийлгүүлэх байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн "Цэцэрлэгжүүлэлтийн албаны дарга, "Тохижилт үйлчилгээ” ХХК-ний дарга Р.Баясгалантай ялтныг хөдөлмөрлүүлэх нөхцөл буюу нэг өдөр ажиллах цаг, гүйцэтгэх үүрэг, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, ажлын хувцсаар хангах зэргээр ажил олгогч болон шийдвэр гүйцэтгэгчийн харилцан хүлээх үүргийг нэг бүрчлэн тусгасан гэрээ байгуулж ажилладаг байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь дээрх гэрээний биелэлт, ялтны ял эдлэлтийн байдлыг шалгахдаа ялтнуудаас тайлбар авч, зарим тохиолдолд ажил олгогчтой уулзаж, тэмдэглэл хөтлөх байдлаар хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байгаа ажээ. Тус дүүргийн хэмжээнд хяналтанд авагдсан ялтнуудаас ял эдлэх хугацаанд чөлөө авсан ялтан байхгүй. Харин ялтан А-нь 2017 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд, ялтан Э-нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, ялтан Ч нь 2017 оны 02 дугаар сарын 01-ээс 03-ны өдрүүдэд ажлаа тасалсан учир шийдвэр гүйцэтгэгч сануулах акт өгсөн байна. Ажил олгогч байгууллага болон хариуцсан шийдвэр гүйцэтгэгч дээрх ялтнуудын ажиллаагүй хугацааг албадан ажилласан хугацаанд оруулж тооцолгүйгээр нөхөн ажиллуулж ялыг эдлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )