Соёмботой ууланд сургууль барихыг ЗОГСООЛОО

2017 оны 05 сарын 24

Соёмботой уулыг ухаж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, шуугиан тариад буй билээ. 

Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-наас албан ёсны тайлбар хийлээ. 

Яамнаас Зайсан толгойн аман дахь Соёмботой уулыг ухаж барилга барьж байсныг зогсоож, газар ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Мөн ухсан газрыг нөхөн сэргээлгэхээр болсон тухайгаа мэдэгдлээ. 

Энэ талаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар хэлэхдээ “Зайсангийн 11 дүгээр хорооны эцэст барьж байгаа МҮИС, “Универсаль” политехникийн коллежтэй холбоотой 3 га газрын асуудлаар оюутнууд жагсч байна.

Нэг зүйлийг тодотгон хэлэхэд, улсын тусгай хамгаалалттай газрыг эзэмшүүлж, өмчлүүлдэггүй. 

Ийм эрх зүйн зохицуулалт ч байхгүй. Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар таван жилээр ашиглах эрхтэйгээр газар олгодог. Түүнээс биш их дээд сургууль барьж болохгүй. Ийм эрх зүйн үндэслэл ч байхгүй. Тус газарт, газар ашиглах эрх авсан “Энигма” компани “Эко” буюу байгаль орчинд ээлтэй сургууль барих гэж байтал үйл ажиллагааг нь зогсоолоо гэж эсэргүүцээд байгаа юм.

Бодит байдал дээр баталсан төлөвлөгөө, төсөл юу ч байхгүй.

Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын иргэд Богд уул руу явган аялалд гарахаар очиход машин тавих газаргүй байна. Богд уулын бүсээс “Энигма” компанид 2003 онд 40.1 га газар олгосон байдаг. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайгаас гурван га газрыг нь чөлөөлж, явган хүний автозам, дугуйн зам, нийтийн бие засах газар, аялал жуулчлалын дагуух зам, хогийн сав зэргийг барихаар НИТХ-аар гурван тэрбум төгрөг 2016 оны төсөвт батлуулсан.

Энэ газар бол нийтийн эзэмшлийн зогсоол болно.

Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг л төрөөс байгуулах гээд байгаа юм. Нийтийн эзэмшлийн талбайг төр ашиглах эрхтэй шүү дээ. Энэ хуулийн дагуу л бид асуудалд хандаж байна. Энэ бол 2016 онд БОАЖ-ийн сайд Н.Батцэрэгийн үед таван иргэнд олгосон газар юм. Энэ газар нь пүүс компаниуд руу шилжээд оччихсон. Өчигдөр бид тушаал гаргаж газар ашиглах эрхийг нь цуцалсан.

Газар ухсан компанийн удирдлагууд ирж уулзсан. Тэд буруутай үйл ажиллагаагаа зогсоож, өнөөдрөөс эхлэн хэвийн байдалд нь оруулахаар ажиллана гэдгээ хэлсэн” гэсэн юм.

 

"Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай "БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаал:

 

Б.Баргужин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(103.57.94.227) 2025 оны 03 сарын 13

Ene avgai noirnosoo seree yum bailguu ashgui dee seruun baij uzeree dee

1  |  0
Иргэн(103.57.95.193) 2025 оны 03 сарын 13

Энэ газрыг нь бүхэлд нь хурааж ав 42га газраас 3 га г улсад буцааж өгч чадахгүй байвал

1  |  0
Top