“Прогрессив Аллианс” дэвшилтэт холбооны IV-р хурал Монголд энэ сарын 25,26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа холбоотой хэвлэлийн бага хурал өнөөдөр/2017.05.24/ боллоо. Тус хурлаар социал демократ буюу нийгмийн ардчилсан үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа илтгэл зэрэг нийт хоёр өдрийн турш болох хурлын дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан юм. Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай 130 улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн энэхүү нэгдэл нь социал демократ буюу нийгмийн ардчилсан үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Тус байгууллагын гишүүд нь 21-р зууныг нийгэм, байгаль орчин болон ардчиллын дэвшлийн эрин үе болгохын төлөө ажилладаг. Энэхүү эвсэл нь улстөр-энх тайван, ардчилал, хүний эрх, зохистой хөдөлмөр, хүйсийн тэгш байдал, тогтвортой хөгжил зэрэг бодлогын чухал асуудлуудыг хөндсөн илүү дэвшилтэт үзэл санааг олон улсад түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгодог байна.
“Прогрессив Аллианс”-ын хувьд харьцангуй залуу нэгдэл гэж үздэг. Энэхүү нэгдлийн анхдугаар уулзалт Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хотноо зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ үеэр Прогрессив Аллиансыг албан ёсоор байгуулах санаачлага гарч, 2013 оны тавдугаар сарын 22-нд ХБНГУ-ын Лейпциг хотод дэлхийн дэвшилтэт социал демократ намууд болон байгууллагуудын сүлжээнд суурилан байгуулагдсан. Өдгөө дэлхийн хэмжээнд энхтайван, ардчилал, хүний эрх, нийгмийн шударга ёс, нийцтэй ажиллагааны хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Прогрессив Аллиансыг үүсгэн байгуулснаар олон улсын орчин үеийн улс төрийн намуудын хамтын ажиллагааны шинэ эхлэл болсон гэж үздэг.
Хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Тус хуралдаанд миний бие хоёр дахь өдрийн илтгэгчээр оролцох юм. Энэхүү “Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл”-ийн IV-р хуралд “Шударга, Хөгжингүй Дэлхийн Төлөөх Нийгмийн Шударга Ёс, Тогтвортой Байдлын Асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болох юм. Ерөнхийдөө социал демократ буюу зүүн төвийн үзэл баримтлал бол өнөөгийн нийгэм дэлхий дахинд тулгамдаад буй хэт үндсэрхэг үзэл мөн өөрийн зах зээлийг бусдаас хааж хязгаарлана гэсэн хэт туйлширсан үзлүүдийг барих бодлого бол зөвхөн энэхүү социал демократ бодлогот байгаа юм. Сүүлийн жилүүдэд даяаршилын үр дүнд бид нар ямар нөхцөл байдалд хүрчихээд байна гэхээр дэлхий дахин болон монголд баялагийн тэгш бус хуваарилалт газар авчихсан байгаа. Энэ шудрага бус асуудлыг зүүн төвийн үзэл баримтлалын бодлогууд яг л үүнд таарах эм гэж бидний зүгээс үзэж байна.
“Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл”-ийн “Шударга, Хөгжингүй Дэлхийн Төлөөх Нийгмийн Шударга Ёс, Тогтвортой Байдлын Асуудлууд” сэдэвт Бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг дэлхийн 5 тивийн 34-н улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга болон удирдах түвшний ажилтнууд мөн Монголын талаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын Г.Занданшатар нар илтгэл тавьж дэлхийн улс орнуудтай туршлага солилцох аж.
Энэхүү бага хуралд дэлхийн өнцөг булан бүрийн прогрессив үзэл баримтлал бүхий улс төрийн томоохон төлөөлөгчид ирж оролцоно. Үндсэн хуралдаан болон бэлтгэл хуралдаануудын үеэр чухал хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, улмаар өөр хоорондоо туршлага судалж, нийгэм, эдийн засгийн тэгш байдал, шударга ёсыг бий болгохоор ажиллах юм.
Б.Амирдаа

Сэтгэгдэл ( 0 )