Өмгөөлөгчдийн Холбоодын Ерөнхий Ассемблейн анхдугаар хурал болов

2017 оны 04 сарын 07

2017 оны 3-р сарын 9-12-ны өдрүүдэд Туркийн нийслэл Анкара хотод Турк хэлтэн хийгээд түүх соёлын харилцаатай ах дүү орнуудын Өмгөөлөгчдийн Холбоодын нийгэмлэгийн Ерөнхий Ассемблейн анхдугаар хурал болж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Шинэн нар оролцлоо. Өнгөрсөн 2016 оны 4-р сард Анкара хотноо Турк хэлтэн хийгээд түүх соёлын харилцаатай ах дүү орнуудын Өмгөөлөгчдийн Холбоодын нийгэмлэгийг үүсгэн байгуулах хуралд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдлагууд оролцож, үүсгэн байгуулагч гишүүний статустай болсон юм.

Ерөнхий Ассемблейн хуралд Монгол, Турк, Азербайжан, Гүрж, Киргизстан, Казахстан, Кипр, Косово, Албани улсуудаас гадна шинээр Серб, Узбекстан, Тажикстан улсуудын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөгчид ажиглагчаар оролцож, цаашид гишүүнээр оролцох сонирхолтойгоо илэрхийлсэн байна. Түүнээс гадна ОХУ-ын Өмгөөлөгчдийн Холбоо, ОХУ-ын автономит улсууд болох Башкир, Молдав улсын төлөөлөгчид оролцсон нь энэ удаагийн хурлын онцлог боллоо. 

Турк хэлтэн хийгээд түүх соёлын харилцаатай ах дүү орнуудын Өмгөөлөгчдийн Холбоодын нийгэмлэгийг удирдах дээд байгууллага Ерөнхий Ассемблей нь Удирдах зөвлөлийн байнгын болон ажиглагч гишүүнийг сонгох, ажлын төлөвлөгөөг батлах, үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хэлэлцэх, холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, холбоог татан буулгах, гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоох, төсөв батлах эрх үүргийг хэрэгжүүлдэг байгууллага бөгөөд анхдугаар хурлаа ийнхүү амжилттай зохион байгуулсан байна. Хурлын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбоо тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. 

Түүнчлэн Туркийн Барын Нэгдсэн Холбооны удирдлагатай уулзаж 2017 оны 8 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон бөгөөд ”Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-ын төлөөлөгчидтэй уулзаж, Турк улсад ажиллаж, амьдарч байгаа 5000 гаруй монгол иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.


Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top