“Сүүний салбарын ирээдүйн боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2017 оны 03 сарын 31

Европын сэргээн босголт хөгжлийн банкны шугамаар хэрэгжиж байгаа “Сүүний фермерүүдийг чадавхижуулснаар сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд “Сүүний салбарын ирээдүйн боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг /2017.03.30/ боллоо.

Хэлэлцүүлэгт   ХХААХҮЯ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцов.

Хэлэлцүүлгийг нээж ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох үг хэллээ. Тэрээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулахаар “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах зорилтыг дэвшүүлсэн. Манай яамны зүгээс “Мах, сүүний анхдугаар аян”-ыг өргөн хүрээнд авч үзэж, мах, сүүний үнэ цэнийн сүлжээг баримтлан мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариалан, үйлдвэрлэлийг дэмжих, мах, сүү бэлтгэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, мах, сүүний боловсруулах салбарыг хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ болон экспортыг нэмэгдүүлэх гэсэн зорилтуудын хүрээнд зохион байгуулан ажиллаж байна. Та бидний өнөөдөр хэлэлцэх асуудал “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд дэвшүүлсэн зорилтуудтай уялдаж байна. Улс орны нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэй, хөдөлмөрийн багтаамж ихтэй, гэвч байгаль, цаг уурын нөхцлөөс шалтгаалсан эрсдэл харьцангуй өндөртэй манай хөдөө аж ахуйн салбар, түүнд тулгуурласан боловсруулах үйлдвэрлэлд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татах шаардлага тулгарч байгааг” онцлон хэлэв. 

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top