Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам"-ын төслийг боловсруулж гаргаад байгаа бөгөөд энэхүү журмын төсөлд санал авч байна.
ТӨСӨЛ
Монгол Улсын Шадар сайдын 2016 оны
..... тоот тушаалын 1 дүгээр хавсралт
Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Барилга байгууламжийн ашиглалтын аюулгүй бөгөөд хэвийн нөхцөл, найдвартай ажиллагааг хангуулах, иргэд, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд энэ журмын зорилго оршино.
1.2 Монгол улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа болон шинээр барьсан, өргөтгөл шинэчлэлт их засвар хийсэн барилга байгууламжид ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах үйл ажиллагааны харилцааг энэ журмаар зохицуулна.
Хоёр. Ашиглалтын гэрчилгээний төрөл, гэрчилгээ олгох үйл ажиллагаа.
2.1 Барилга байгууламжийг ашиглалтын гэрчилгээг “Барилгын тухай“ хуулийн 4.1.2 заалтанд зааснаар тодорхойлно.
2.2 Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ нь тухайн барилгын үндсэн бүтээцийн чанар төлөв байдал, ашиглалтын үеийн аюулгүй бөгөөд хэвийн нөхцөлийн түвшингээр “Барилгын тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 заалтанд заасан өнгөтэй байна.
2.3 Ашиглагч, эзэмшигч, өмчлөгч, захиалагч нь барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ авах, өөрчлүүлэх талаар Мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичгээр хандаж хүсэлт гаргана.
2.4 “Барилгын тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дүгээр заалтын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын барилгын техникийн болон бусад холбогдох улсын /ахлах/ байцаагчид барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаас гаргасан хууль зүйн үндэслэл бүхий дараах баримтад тулгуурлан олгоно.
2.4.1 ашиглаж байгаа барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд “Барилгын тухай” хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу аймаг, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх эрх бүхий мэргэжлийн байгууллагаас хийж, эрх бүхий зөвлөлөөр баталгаажсан шинжилгээ, судалгаа бүхий паспортжуулалтын дүгнэлт;
2.4.2 шинээр барьсан болон их засвар шинэчлэл хийсэн барилга байгууламжийг “Барилгын тухай” хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу ашиглалтад хүлээн авсан улсын болон техникийн комиссын акт;
2.5 Мэргэжлийн хяналтын байгуулллагын улсын /ахлах/ байцаагч нь барилга байгууламжийн өмчлөгчөөс ирүүлсэн баримт бичиг, паспортжуулалтын материалыг судалж танилцан, ашиглалтын гэрчилгээ олгох эсэх асуудлыг ажлын 7 хоногт шийдвэрлэнэ. Дутуу материал ирүүлсэн хугацааг тооцохгүй.
2.6 Ашиглалтын гэрчилгээ олгох боломжгүй бол улсын /ахлах/ байцаагчаас ажлын 7 хоногийн хугацаанд ямар шалтгаан, үндэслэлээр татгалзсан тухайгаа тайлбарласан хариуг хүсэлт тавьсан байгууллагад албан бичгээр өгнө.
2.7 Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээг энэхүү журмын хавсралтанд заасан маягтын дагуу эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэгтэйгээр өмчлөгчид 1 эх хувь олгож, хуулбар хувийг байгууллагын архивт хадгална
2.8 Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол шинээр авахад шаардагдах баримт бичгийг дахин бүрдүүлж, авна.
2.9 Барилга байгууламж батлагдсан зураг төсөл, баримт бичгийн дагуу баригдсан эсэхийг тодруулах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын барилгын техникийн хяналтын болон бусад холбогдох улсын /ахлах/ байцаагч барилга байгууламжид тухайн чиглэлээр нэмэлт шалгалт хийж болно.
2.10 Мэргэжлийн хяналтын байгууллагын барилгын техникийн болон бусад холбогдох хяналтын улсын /ахлах/ байцаагч нь “Барилгын тухай” хууль тогтоомжид заасан хүрээнд барилгын байгууламжийн ашиглалтын төлөв байдалд хяналт шалгалт хийхэд, ашиглалтын гэрчилгээ нь тухайн барилга байгууламжийн ашиглалтын төлөв байдалтай нийцэхгүй нь тогтоогдвол дахин паспортжуулах асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж болно.
2.11 Барилгын ашиглалтын явцад холбогдох арга хэмжээг аваагүйгээс ашиглалтын гэрчилгээ нь барилга байгууламжийн ашиглалтын бодит байдалтай нийцэхгүй нь Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын /ахлах/ байцаагчийн хяналт шалгалтаар болон дахин паспортжуулалтаар тогтоогдвол барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээг шат бууруулан өнгийг өөрчилнө.
Гурав. Ашиглаж байгаа барилга байгууламжийг паспортжуулах.
3.1 Паспортжуулах гэж “Барилгын тухай” хуулийн 4.1.42 заалтанд зааснаар тоодорхойлно.
3.2 “Барилгын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 заалтын дагуу Аймаг, Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд тухайн нутаг дэвсгэрт байрлах ашиглаж байгаа барилга байгууламжийг паспортжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3.3 Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд барилгын зураг төслийн болон газар хөдлөлтийн чиглэлээр мэргэшсэн ажилтан, барилга байгууламжийн үндсэн бүтээцийн шинжилгээний багаж тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, дүгнэлт гаргах эрх бүхий экспертүүдийн баг ажиллаж, барилга байгууламжийн паспортжуулалтын ажлыг хийж гүйцэтгэн, дүгнэлт гаргана.
3.4 Ашиглаж байгаа барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд эрх бүхий мэргэжлийн байгууллагаас “Эвдрэл гэмтэлтэй барилга байгууламжид инженерийн биет судалгаа явуулах аргачилсан заавар БД, “Хуучин барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх заавар” БД, “Газар хөдлөлтийн бүсэд барьсан барилгын паспортжуулалтын аргачилсан заавар” БД-ын дагуу шинжилгээ, судалгаа хийж дүгнэлт гарган паспортжуулна.
3.5 Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд барилга байгууламжийн паспортжуулах багаж тоног төхөөрөмж, инженер техникийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж хяналт тавих үүрэг бүхий 3-аас доошгүй гишүүн бүхий зөвлөлийг ажиллуулна.
3.6 Тус зөвлөл нь паспортжуулалтын дүгнэлтийг хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулах, эсэх гэсэн шийдвэр гаргаж, паспортжуулалтын дүгнэлтийн хууль эрх зүйн үндэслэлийг хангуулна.
3.7 Барилга байгууламжийн паспортжуулалтын дүгнэлтийг эрх бүхий зөвлөлийн шийдвэр, албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан 1 эх хувийг өмчлөгчид олгож, мөн 1 эх хувийг байгууллагын архивт цахим болон бусад хэлбэрээр хадгална.
Дөрөв. Барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигчийн үйл ажиллагааны чиг үүрэг
4.1 Өмчлөгч, эзэмшигч нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон ашиглалтын гэрчилгээг барилгын дотор талд нүдэнд харагдах газарт ил байрлуулна.
4.2 Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь ашиглалтын ногоон өнгийн гэрчилгээтэй барилга байгууламжид ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх бөгөөд тухайн барилгын үндсэн бүтээцийн чанар, ашиглалтын үеийн аюулгүй байдлын ногоон өнгийн гэрчилгээний түвшинг байнга хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байх үүрэгтэй.
4.3 Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийн ашиглалтын явцад “Барилга ашиглалтын дүрэм”-д заасан хугацаанд эрх бүхий мэргэжлийн байгууллагаар тогтмол үзлэг шалгалт хийлгэж, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авах. .
4.4 Өмчлөгч, эзэмшигч нь барилга байгууламжийн үндсэн бүтээцэд эвдрэл, гэмтэл гарах, үндсэн бүтээцийн өөрчлөлт, их засвар үйлчилгээ хийсний дараа 14 хоногийн дотор эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандан нийт барилгад шинжилгээ судалгаа хийлгэн дахин паспортжуулах, улсын болон техникийн комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд тэдгээрт үндэслэн барилгын ашиглалтын үеийн бат бэх, найдвартай ажиллагааны гэрчилгээний төрлийг өөрчлүүлнэ.
Тав. Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгоход хориглох зүйл
5.1 Улсын комисс хүлээн аваагүй, ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй болох нь паспортжуулалтаар тогтоогдсон улаан өнгийн гэрчилгээтэй барилга байгууламжид бүх төрлийн ашиглалтын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
5.2 Шар өнгийн гэрчилгээтэй буюу засвар шинэчлэлт хийсний дараа ашиглалтын шаардлага хангах боломжтой нь паспортжуулалтаар тогтоогдсон барилга байгууламжид холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж, ашиглалтын үеийн бат бэх, найдвартай ажиллагааны түвшинг хангуулсны дараа ашиглалтын үйл ажиллагааг эрхлэнэ.
5.3 Ногоон өнгийн гэрчилгээтэй буюу ашиглалтын аюулгүй байдлын шаардлага хангасан нь паспортжуулалт, улсын комиссын актаар тогтоогдсон барилга байгууламжид ашиглалтын үйл ажиллагааг эрхлэнэ.
Зургаа. Бусад
6.1 Барилгын ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулалттай холбоотой гомдлыг дээд шатны байгууллагад гаргах бөгөөд дээд шатны байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй.
Долоо. Хариуцлага
7.1 Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Та МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газар,
Улсын ахлах байцаагч Ш.Уранчимэгт энэхүү журмын төсөлд оруулах
саналаа ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 51+263650,
Цахим хаяг: lganbaatar@yahoo.com
Сэтгэгдэл ( 0 )